Categories
мэдээ цаг-үе

Монголын ардчиллын шинэ түрлэг

1990 оны Ардчилсан хувьсгалыг манлайлсан дөрвөн хүчний нэг нь тэр үеийн Монголын оюутны холбоо байлаа. Өдгөөгөөс 25 жилийн өмнө Монголын оюутны холбооны Онц IV хурал болж, ардчилсан үзэл санааг тунхаглаж байв. Энэ хурлын ойг тохиолдуулан ХААИС-ийн оюутнуудын урилгаар УИХ-ын гишүүн Л.Болд тэр үеийн МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар “Монголын ардчиллын шинэ түрлэг” сэдэвт илтгэл тавьсан юм. Энэ итгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын ардчилал 25 жилийн ойгоо бүтэн жилийн турш тэмдэглэж, алдаа оноо, олз гарзаа үнэлж цэгнэж байна. 1990 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Монголын Оюутны Холбоо Онц хурлаа зарлан хуралдуулж Монго­лын ардчилсан хувьсгалын ялалтад оюутан залуусынхаа жинтэй, бие даасан хувь нэмрийг оруулах түүхэн шийдвэр, шийдлүүдийг гаргасан билээ. Аливаа хүн, улс орон ололт, амжилтаа хамгаалж, улам арвижуулж чаддаг ухаан зориг, тэмүүлэлтэй байх учиртай.

Тийм ч учраас ийм түүхэн ойн энэ өдөр Монголынхоо нэн шинэ үеийн буюу сүүлийн 25 жилийн түүхийг эргэн ажиглахуйд бодож санамаар, эргэцүүлэн дүгнэмээр, за­хиж хэлмээр, сануулж шүүм­­жилмээр, харьцуулан хөгжүүлмээр сэдэв, үйл яв­дал, хандлага маш олон байна.

25 жилийн өмнө Монголын ард түмэн хамтаараа хийсэн хувьсгалын үнэ цэнэ, үнэлэмж, үр дүн бүдгэсээр, үл итгэх, эргэлзэх, өөрчлөх хандлагыг нийгэмд төрүүлж байгаа нь ийн өгүүлэхэд хүргэж байна. Товчдоо бол харамсмаар, нэн даруй засахыг хичээгүүштэй гажуудал, завхрал, алдаанууд гарах болжээ. Нийгэм, ард олон энэ байдлыг цааш удаан тэвчихээргүй болжээ. Хоосон амлалт, цэцэрхэл, хэрүүл, худлын мананд бид төөрч, эв нэгдэлгүй, зүтгэлгүй, идэвхигүй болсон байна. Нийгмийн баялаг, зорилго ард иргэдэд үйлчлэх бус, даргад, намд, улс төрд үйлчилдэг болсноор хариуцлагагүй, хулхи, цаг зуурын бодол, үйл хөдлөл улс орныг удирдах болов.

Иргэд маань улс орноосоо тийм их зүйл хүсч гуйдаггүй, бас өөрсдийн олж авсан эрх чөлөө, ардчилалдаа хайртайг улстөрчид мартаж эхэлжээ. Энгийн иргэн нөөц боломж, хувь тавилангийнхаа зангарагаар дуртай зүйлээ, чаддаг ажлаа хийж тааваараа амьдрахыг хүсдэг. Хаашаа л харна, тэнд өнгө мөнгө, хээл хахууль, хүнд суртал ноёрхож байхад хэн ч тааваараа, хувь тавилангаараа, эрх дураараа, амгалан тай­ван амьдарч чадахгүй билээ. Эрчимжүүлэлт бус эрс өөрч­лөлт, хандлага чиглэ­лийн дахин хувьсгал, шинэ үеийн эрчимтэй түрлэг хэрэгтэй болжээ.

Би ардчилалд буруу өгөх гээгүй, ардчиллаас юу ч олоогүй гэж хэзээ ч дүгнэхгүй. Би ардчилал зогсонги байдалд орлоо, ардчилал нэрээр бусармаг үйлдлүүд хийгдэж байна, Монголын ардчилал чанарын шинэчлэлд дэвжиж чадсангүй, итгэж хүлээсэн нэгэн үеийг цөхрөөж дууслаа гэж хэлэх гэсэн юм.

1. АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ОЛЗ ГАРЗ, ҮНЭТ ЗҮЙЛС

Ардчиллаас Монголын ард түмний олсон олз омог цөөнгүй бий. Гарз, алдагдсан боломжууд ч их байна. Иргэд эрх чөлөөг эрхэмлэж, өөрсдийн амьдралаа боломжоороо зохицуулахыг хүсдэг, өөрсдийн хүссэнээр амьдрахын төлөө тэмцэж сурчээ. Энэ нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд олсон хамгийн том дэвшил юм. Харин төрийн институциуд болон улс төрийн хүчнүүд энэ чухал ололтыг бодитойгоор үнэлж, хэрэгцээтэй байлгаж чадсангүй. Ардчилсан сонгуулиар ялсан улс төрийн хүчнүүд тухайн ялалтууддаа омогшиж, сүүлдээ халамжийн бодлогоор иргэдийн идэвхийг царцаах, хөгжлийн бүх шийдлийг төр хийдэг мэтээр ташаарч томоохон алдаанууд хийсээр асар чухал цаг хугацаа, боломжуудыг алдсан жилүүд байжээ.

Монголын ардчиллын олз, үнэт зүйлс нь гэж юу болохыг хамтдаа дүгнэе.

Асуудлыг мөргөлдөөн, мухардалд хүргэлгүйгээр хэлэлцэн шийдсэн нь Монголын ардчиллын чухал үнэт зүйлс мөн. Энэ шийдэл дэлхийн түүхэнд мөнх дуурсагдах үйл явдал болж чаджээ. Ахмад үе, залуучуудын харилцан хүндлэл, оюутан багш нарын бүтээлч сэхээрэл, сэтгүүлч уншигчдын халуун мэтгэлцээн, жагсагчид цэрэг цагдаагийн тайван оршихуй энэ үнэт зүйлсийн бүрдүүлэгч, агуулга нь байж чадсан юм. Тайван замаар асуудлаа шийдэхэд талуудын уян хатан байдал, харилцан буулт хийх чадвар, шийдлийн олон хувилбарыг бодож олж хэрэгжүүлэх чадвар гээд асар их ухаан ордог билээ. Зөвхөн ухаант ард түмэн л үнэхээр тайван замаар өөрчлөлт хийж чаддаг. Одоо ч ардчиллын үйл хэрэг, үнэт зүйлс гажуудан эвдэгдэж буй цаг үед бүх нийтийн чармайлт, шүүмжлэлтэй хатуу байр суурь, сонгогчдын зөв сонголт, улстөрчдийн уужуу холын бодол, ил тод байдал хамгаас хэрэгтэй байна. Бид мөргөлдөөн, талцалгүйгээр мухардлаас гарах, буруугаа засах арга замыг цаашид ч сонгох, эрхэмлэх хэрэгтэй, аль аль талаасаа энэ арга замыг шийдлийн гол хэрэгсэл болохыг санаж явах нь зүйтэй юм.

Монголын ардчилал бол ард олон нь өөрс­дийн хүслээр сонгож ав­сан, улс орныхоо нөх­цөлд тохируулан өөрийм­шүүлсэн унаган ардчилал мөн. Монголчууд ардчилсан хувьсгалыг хаа нэгтээгээс импортлосонгүй, коммунист тогтолцоотой бүс нутгийн гүнд нь байрлаж байсан ч тэсгим хүйтэн өвлийн жаварт уур савсуулан мэндэлсэн нялх ардчиллаа өөрсдөө бөөцийлөн бойжуулсан ард түмэн юм. Манай ардчилал эдийн засгийн тодорхой шалтгаантай хямралууд, ардчилсан сонгуулийн ээдрээтэй үр дүнгүүдийн торолжин дундаас төөрч будилалгүй төлөвшин тогтож чадсан юм. Ийм унаган ардчилалтай орон дэлхийд хуруу дарам цөөхөн. Магадгүй Франц, Америк, Англи, Швейцарь, Норвеги, Энэтхэг, Өмнөд Африк, Польш улсууд л өөрийн унаган ардчиллын түүхээр гайхуулж чадах буй за. Тийм ч учраас ардчиллын ухралт, гажуудлын эсрэг монголчууд сөрж чадах сэтгэлгээтэй, мэдрэмжтэй юм.

Монголын ардчилал бол улс төр, эдийн засгийн хувьд зэрэг шилжилт хийсэн хамгийн зоримог хувьсгалын нэг мөн. Энэ хоёр шилжилтийн зөвхөн аль нэгийг нь л хийхэд эсвэл маш их цаг хугацаа ордог, эсвэл гадаадын асар их тусламж дэмжлэг шаардагддагийг түүх харуулдаг. Монголд харьцангуй маш богино хугацаанд, гадаад улс орны болон олон улсын харь­цангуй бага дэмжлэг­тэйгээр, ихэнхдээ дотоодын ойлголцол, зохион байгуулалт, хүсэл зоригийн ачаар давхар шилжилт хийж чадсан нь түүхэн амжилт юм. Манай улсын хийсэн төсөөлшгүй зоримог ийм өөрчлөлтөд амжилттай хүрч болно гэдэгт дэлхий нийт эхэндээ төдийлөн итгээгүй байж мэдэх юм. Харин өнөөдөр түүхээ эргээд харахад бид гайхалтай ховор амжилтын эзэд болж чаджээ. Цаг хугацааны тодорхой үед эдийн засаг, улс төрийн гацаа, нугачаа тохиолдож байгаа боловч монголчууд бид их хохирол, хүч хөрөнгө, цаг хугацаа алдалгүйгээр давж гарах, сөрж зогсох зориг, хатуужилтай гэдгийг энэ давхар шилжилт харуулсан юм.

Монголын ардчиллын амин сүнс нь үг хэлэх эрх чөлөө мөн. Үг хэлэх эрх чөлөө бол Монголын ард түмнийг нэгтгэн нягтруулж, ойлголцуулж чадсан, ардчиллыг төрүүлж, бойжуулж, бэхжүүлж чадсан онцгой чухал үнэт зүйл маань юм. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид тайван хувьсгал хийсэн билээ. Үг хэлэх эрх чөлөөний буянаар л бид маргаантай бүх талуудыг сонсч, сонсгож, нийтлэг шийдлийг олж чадсан. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид нийгмээ алхам тутамд нь сайжруулж, алдаагаа олж харж, засч залруулж яваа билээ. Үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалах нь Монго­лын ардчиллын суурийг хам­гаалахтай адил чухал үйл хэрэг юм. Үггүйгээр ойлголцол үгүй. Ойлголцолгүйгээр амгалан тайван амьдрал, хөгжил дэвшил үгүй билээ. Улс оронд цаашид асуудал, хүндрэл, мухардал тулгарах бүрт бид үг хэлэх эрх чөлөөнийхөө тусламжтайгаар л ойлголцож, түүний хүчээр л бид шинэ ололт, уламжлалт үнэт зүйлсээ хүлээн авч, өвлүүлэн залгамжилж, хамтын шийдэлд хүрч байх ёстой билээ. Ийм ч учраас үе үеийн монгол хүмүүс үг хэлэх эрх чөлөөгөө хайрлан хамгаалж байх учиртай. Гурван сая хүнтэй жижигхэн зах зээлд өнөөдөр 120 гаруй сонин, 100 орчим сэтгүүл, 142 телевиз, 72 радио суваг ажиллаж байгаа нь хэтэрхий олон гэж хэлэгддэг ч чухам энэ өрсөлдөөн дээр л үг хэлэх эрхийн үндэс суурь болсон чөлөөт хэвлэлийн тогтолцоо оршдог юм. Гэтэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан энэ эрх чөлөөг боомилох гэсэн оролдлогууд гарч байна. Үгийн эрх чөлөөг дэмждэг, хариуцлагатай бодол, сэтгэлгээг дэмждэг, тэнцвэртэй, захиалгагүй, улстөрчдөд долигнодоггүй хэвлэл мэдээлэлгүйгээр үг хэлэх эрх чөлөө хагас, зэрэмдэг байх болно.

Монголын ардчилал дэлхийн ардчиллын үнэт зүйлсийг тусган авч, өөрийнхөө үндэсний үнэт зүйлстэй хослуулж чадсан юм. Ардчилал монголчуудад дэлхийн бүхий л ардчилсан орны иргэдэд нээлттэй байдаг хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөтэй зорчих эрхийг өгч чадсан. Мөн үндэсний зан заншил, уламжлалт мэдлэг, өв соёлыг маань сэргээсэн юм. Өдгөө Монгол Улсын иргэн дэлхийн иргэний адил эрх, эрх чөлөө эдэлж, үндэснийхээ онцлог дүр төрхөөр ялгарч болох бүхий л нөхцөл бүрджээ. Монголын ардчиллын эхний өдрөөс л Монгол Улс дэлхийд улс төр, эдийн засаг, нийгэм соёлын бүх талаар нээлттэй болж, монгол хүн жинхэнэ утгаараа дэлхийн хүн болсон билээ. Ардчиллын нэрийн дор үндэсний явцуу эрх ашгийг бусад улс орон, бизнесийн үйл ажиллагаанд тулган шахах замаар популизм хийх нь ардчиллаас ухрах бэлэн урхи юм. Ардчиллын нэрийн дор хэн нэгний бий болгосон баялгийг тонон дээрэмдэх, бүлэглэн булаах ч үүнтэй адил. Ардчиллаа хамгаалж, зөв залж чадвал зүс өөр ч зарчим адилхан учраас дэлхий даяар биднийг хүндлэх болно, итгэж дэмжих болно, эс бол бид дүр эсгэгчид гэж нэрлэгдэн түүхээс хоцрох болно.

Монголын ардчилал тусгаар тогтнолын баталгаа болж бүх ард түмний эв нэг­дэл, дэмжлэгийг хүлээсэн юм. Монголтой ойрхон цаг хугацаанд ардчилсан хөгжлийн замыг сонгосон хуучин коммунист орнуудын дунд ардчиллыг таашаасан хувь хэмжээгээрээ Монгол ямагт тэргүүлж байсныг сүүлийн 20 гаруй жилийн судалгаа нотолдог. Монголчууд “Та 1990 оны өөрчлөлтийг зөв гэж үздэг үү” гэсэн асуултад байнга 90-ээс дээш хувиар “тийм” гэж хариулсаар ирсэн нь үнэнхүү өндөр үзүүлэлт юм. Эдийн засгийн гүн хямрал нүүрлэсэн үед ч, эдийн засаг нь харьцангуй сайн байх үедээ ч монголчууд ардчиллыг эргэлт буцалтгүй замнах хөгжлийн зам гэж үзсээр байгаа нь Монголын ардчиллын нэгэн чухал үнэ цэнийг харуулж байгаа юм. Энэ үнэ цэнэ бол тусгаар тогтнол мөн. Монголчууд анхнаасаа ардчиллыг улстөрийн тусгаар тогтнолоо баталгаажуулах зам гэж үзсэн, одоо ч ардчилал бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа гэж үздэг юм. Улстөрийн мухардал, эдийн засгийн ямар нэг хүндрэлээр далимдуулан гарч ирдэг ардчиллаас ухрах аливаа шалтагийг монголчууд бид хэзээ ч тоож болохгүй бөгөөд ардчиллаас алхам ч ухарч болохгүй. Ардчиллаас сөөм ухрахад тусгаар тогтнол төө алдагдахыг байнга санаж явах нь бидний үүрэг юм.

Монголын ардчилал бол залуусын манлайлалтай, оюуны өндөр эрчим, далайц­тай хувьсгал мөн. 1990 оны ардчилсан хувьс­галын шууд удирдагч, гол оролцогчид, жагсагчдын ихэнх нь залуус байснаараа онцлог юм. Английн ардчилсан үзэл санааны анхны баримт бичгийг санаачлагчид дунд насны, хөрөнгөлөг, тодорхой эрх ямбатай хүмүүс байсан, АНУ-ын ардчилсан хувьсгалыг мөн л дунд насны өмч хөрөнгөтэй хүмүүс толгойлж байжээ. Залуусын удирдсан хувьсгалуудад гардаг сонгодог бэрхшээл бол өмнөх үеийнхэнтэйгээ үг хэлээ ололцох чадвар дутагддаг байдал юм. Хөрөнгө гэх зүйлгүй, эрх мэдэлгүй, нийгэмд бат байр сууриа хараахан олоогүй залуус урьд өмнөх түүхийн явцад пролетарийн юм уу, эсвэл зэвсэгт, цус урсгасан хувьсгалын зүтгэлтнүүд болдог жишиг байдгийг ч дурдах хэрэгтэй. Гэтэл Монголын залуус ардчилсан тайван хувьсгалын ман­лайлаг­чид болсноороо түү­хэнд содон үзэгдэл болжээ. Мөн Монголын залуусын хүссэн их өөрчлөлтийг ахмад үеийнхэн нь хүлээн зөвшөөрч уухайлан дэмжиж, туршлага, сургамж ухаанаа харамгүй нэмж оролцсон нь дэлхийд тун ч гайхалтай түүх болж үлдсэн юм. Монголын төрийн зүтгэлтнүүд, сүсэгтэн олон, малчид, ардын аж ахуйтнууд, сэхээтнүүд, ажилчид гээд үе үеийн хүмүүс хамтдаа нийгмийн ойлголцолд маш богино хугацаанд хүрч чадсан нь Монголын ардчилал өөрөө оюуны маш өндөр эрчим хүчтэй хувьсгал болсныг илтгэдэг билээ. Цаашид ч залуу үе маань ардчиллаа хамгаалан зогсохдоо өмнөх үеэ хайрлан бодож, тэдний нийтлэг дэмжлэгийг ямагт авч чадна гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.

Хоёрхон хоногийн өмнө Улаанбаатарт төдийгүй орон даяар өрнөсөн гэр бү­лийн хүчирхийллийн эсрэг залуусын тайван тэмц­лийг хараад Монголын ард­чиллын амин сүнсийг хамгаалж эрслэн босох их хүч нь үргэлж залуучууд нь байх болно гэдгийг би дахин мэдэрлээ, бас бахархлаа. Хүүхэд хүчирхийлүүлэх биш хайрлуулах ёстой гэсэн нэг л үнэт зарчим тэднийг нэгтгэж, ердөө л twitter, facebook ашиг­лан улс төрийн ямар нэг хүчин бол асар их хөрөнгө, хүч хаяж зохион байгуулаад ч хийж чадахааргүй том давалгааг бий болгоход хүргэж байна. Энэ удаад залуус хөөрхий охины төлөө гашуудаж тайван цуглалаа. Гэвч суурь үнэт зүйлс нь олон удаа хөндөгдвөл манай залуус, манай нийгэм яаж нэгдэж ямар их хүч болж чадахаа харуулж байгаа юм гэдгийг эрх мэдэлд байгаа хүмүүс ямагт санаж байх учиртай.

Монголын ардчилал үзэл бодлын олон ургальч байдлыг цогцоор нь хөгжүүлсэн онцлогтой. Ардчиллын эхний өдрөөс эхлэн Монгол Улсад маш олон холбоо, хөдөлгөөн, намууд байгуулагдсан бай­даг. Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшилт хол­боо, Ардчилсан социалист хөдөл­гөөн, Монголын оюутны холбоо, Дархан хилийн тө­лөө хөдөлгөөн, Ардын аж ахуйтны холбоо, Монголын сүсэгтнүүдийн холбоо зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл ардчиллын төлөө өөрсдийн дуу хоолой, үзэл баримтлал, үнэт зүйл, зорил­туудаа илэрхийлж байжээ. Өдгөө Монголд төрийн бус байгууллага байгуулах, нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэхийн төлөө эвлэлдэн нэгдэх нь хэвийн үзэгдэл болж, Монголын ардчиллын олон ургальч түүхийг үргэлжлүүлж байна. Тоо нь аль хэдийн зургаан мянга давсан төрийн бус байгууллагууд ч энэхүү олон ургальч байдлын чухал илэрхийлэл юм.

Монголтой ойролцоо улс төрийн шилжилт хийсэн улс орнуудад шинээр гарч ирсэн улс төрийн нам, хөдөл­гөөнөө дэмжихийн тулд хуучин коммунист чиг хандлагатай намыг албадан татан буулгах, эсвэл шинэ хөдөлгөөн үүсэхийг хүчээр хаах үйл явцууд ихээхэн тохиолдож байсныг санах хэрэгтэй. Олон ургальч үзэл улс орнуудад бий болох, төлөвшихдөө амар замаар явдаггүй, бий болсон ч цогцоороо тэр бүр байж чаддаггүй нь бодит үнэн юм. Харин Монголд олон ургальч байдлыг төлөвшүүлэхдээ өмнөхийг хэвээр үлдээж, шинийг нь боож хаалгүй явж ирсэн онцлог байдаг. Ялангуяа хуучин коммунист намыг тараахын оронд хувьсан өөрчлөгдөх болом­жийг хангалттай олго­сон нь дэлхийд гарч байгаагүй шийдэл учраас өдгөө улстөр судлалд Монголын жишээ үнэтэй түүх болон үлдэж байна.

Бид хамгийн ихээр хамгаалан зогсох учиртай бас нэгэн үнэт зүйлс бол нийгэм дэх олон ургальч байдал агаад хэн нэгэн, эсвэл хэсэг нөхдийн заасан зүг, ямар нэгэн үзэл суртлын боол байхын эсрэг тэмцэгч, үл тэвчигчид байх ёстой.

Монголын ардчилал хувь хүний улстөр, нийгэм, эдийн засгийн эрх, эрх чөлөөг тэгш тунхаглан хамгаалсан юм. Улстөрийн эрх гэж үг хэлэх, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шударга шүүхээр шүүлгэх, эрүү шүүлтээс ангид байх, өмгөөлүүлэх эрх зэрэг олон агуулгыг илэрхийлдэг. Гэтэл хөгжлийн Азийн загвараар замнаж буй болонардчилалд шинээр шилжсэн олон улс орон эдгээр агуулгыг бүрэн хэрэгжүүлэхгүйгээр эдийн засгийн хөгжилд илүү анхаарах хандлага ажиглагдсаар байна. Харин хөдөлмөрлөх, сурах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, соёлын эрх зэрэг олон агуулгатай нийгэм-эдийн засгийн эрхийг барууны сонгодог капитализмын замаар хөгжиж ирсэн улс орнууд бүрэн хэрэгжүүлэхээс одоо ч дөлсөөр байдаг. Монголын ардчилал нийгэм, эдийн засгийн эрхээ сайн мэддэг, улстөрийнхөө эрхийг бүрэн хэрэгжүүлэх сонирхолтой иргэдийнхээ хүсэл зоригт зохиролдон бүтээгдсэн нь том амжилт болж байна.Хүний эрх, эрх чөлөөг цогцоор нь хангаж чадах энэ дэлхийд тэр бүр байдаггүй орон зай Монголд бий болсон хэрэг юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрх, эрх чөлөөний тухай цогц үзэл баримтлал нэг улсад амжилттай хослон оршиж, бэхжиж болохын жишээ нь Монгол болж байна.

Ардчиллын тухай мэдлэг, боловсрол Монголын ард түмэнд өргөн хүрээтэй, хурдтай тархаж чадсан юм. Монголын ардчиллын эхний өдрөөс эхлэн ардчиллын тухай ухуулга яриа хийх, лекц унших, мэдээлэл түгээх хүний тоо өсөн нэмэгдсэн байдаг. Зүүн Европ, Төв Азийн орнуудад өрнөсөн хувьсгалын үеэр цөөн лидер тодорч, цөөн хүн ярьж, цөөн эх сурвалж мэдээлэл түгээгч байсан бол Монголын ардчилсан хувьсгалын мэдээлэл түгээсэн хэлбэр нь Америкийн хувьсгалтай төстэй байдаг. Үндэсний олон сэтгэгчтэй, олон бичигч, олон мэдээлэл түгээгчтэйгээрээ Америкчууд одоо ч бахархдаг бөгөөд Монголын хувьсгал ч бас тийм хэмжээнд зохион байгуулагдсан нь сонирхолтой түүх болон үлджээ.Сэтгүүлчид, хуульчид, эдийн засагчид, философичид, багш нар, амьдралын ухаантнууд гээд олон сонирхолтой илтгэгчид хаа сайгүй төрөн гарчээ. Нийгэм тэр аяараа шинэ үзэл бодол, сэтгэлгээ, хандлагын сургалтын талбар болж байв. Суралцах нь хэвийн үзэгдэл төдийгүй бүх насныхан, бүх мэргэжлийнхэн бүхнийг шинээр суралцаж байв. Суралцах замаар хувьсан өөрчлөгдөж байв. Суралцах, сургах, хамтдаа өөрчлөгдөж сайжрах замаар бүх нийтээрээ өргөн хүрээтэй цоо шинэ мэдлэгийг эзэмшиж байгаа тэр үйл явц одоо ч үргэлжилж байна. Эрдэм мэдлэг, мэдээллийг түгээх, түүнийг хурдтай хүртэж бусдад тархааж чадаж байгаагаараа Монголын нийгэм онцгой гайхагддаг билээ. Өдгөө манай улсын энэхүү содон чадварыг шинээр ардчилалд шилжин орж байгаа улс орнууд сонирхон судалж байна. Монголын ардчилал цаашид ч улам ихийг суралцах хөшүүрэг болсоор, бүх нийтээрээ мэдээлэлтэй, мэдлэгтэй байх нөхцөл нь бүрдсээр байх болно.

Монголчууд бид ийм л гайхамшигтай түүх, ардчиллыг энэ 25 жилд бүтээж туурвиж чаджээ. Гэхдээ бидэнд алдсан боломж, анзаараггүй гаргасан алдаа, санаатай ухралт, үзэл санааны төөрөгдлүүд дэндүү их байна.

2. АРДЧИЛЛААС БЭРХШЭЭХ, УХРАХ, ЗУГАТАХ БОЛСОН НЬ ИРГЭДИЙН ХҮСЭЛ БИШ

Ардчиллынхаа ололт амжилтыг чанд хамгаалж, хариуцлагатай байхгүй бол, зарчмын алдаа, бодлогын ташаарлаа ил тод ярилцаж, засварлахгүй бол бид, монголчууд нөхөж боломгүй хохирол, ухралт, дампууралд хүрэх болно. Ардчиллыг намнах, түүнээс ухрах, зугатах, айх сэтгэлгээ, сэтгэхүй, суртлыг түгээх шалтаг мундахгүй байх болно. 2000 онд ийм ухралт, туйлшралаас болж олон хүн урам хугарч байсан. Тэр үед мөн цөөнгүй хүн Монголд амьдрах аргагүй болж гадаадыг зорьж байсныг ч дээр дооргүй санах учиртай. Хэрэв ардчилал ялагдвал хуулийн нэр барьсан, шударга ёс ярьсан их хэлмэгдүүлэлт, хорслыг өдөөх аюул бий. Тэгвээс улс орон маань л уруудах, буруудах зам руу гүн хальтрах болно.

Төрийн хүнд суртал, хууль, шүүхийн байгууллагын шударга бус шийдвэр, улстөрийн намын бодлогын алдаа, хөрөнгө мөнгө, баялгийн оновчгүй хуваарилалт, зарцуулалтууд иргэдийг ардчиллаас бэрхшээх, ухрах, зугатах шалтгаан болж байгаа нь харамсалтай.

Хуулийн байгууллагуудын хуучинсаг байдал, өмнөх дэглэмээс өвлөн авсан хүнд суртал, залхаан цээрлүүлэх арга барил, засаглалд дулдуйддаг, захиалгаар шийддэг хэм хэмжээ ард иргэдийн төдийгүй аж ахуйн нэгж байгууллагын итгэл, бишрэлийг мохоож ардчиллыг сульдаасаар энэ 25 жилийг үдлээ. Шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл гэж ярьсаар нижгээд хугацааг үдэж байгаа ч, энэ шинэчлэлд тодорхой хугацаа шаардагдах нь үнэн ч тэнд ажиллаж байгаа хүмүүс, хууль эрхзүйн тогтолцоонд оролцогч этгээдүүдийн чармайлт, шинэчлэлийн төлөө эрмэлзлэл маш хангалтгүй байсаар байгаа нь санаа зовоож байна. Хуулийн байгууллага бол нийгэмд үйлчилдэг бүтэц гэдгийг тангараг мэт сахиж өөрсдийн эрх ашиг, хувийн сонирхлыг мартаж, энэ салбарт чин үнэнчээр зүтгэх шинэ үеийг чухалчлан бэлтгэхийг цаг үе, нөхцөл байдал шаардаж байна.

Албан тушаал наймаалц­даг буруу практик, хувь хүнээс илт хамаардаг байдал, урт хугацаанд баримтлах хөгжлийн бодит, тогтвортой баримт бичиггүйгээс болж улстөрийн намуудын төлөв­шил таагүй хандлагатай болжээ. Улстөр болон бодло­гын шийдвэрүүдийг гаргахдаа нам дамжин хуйвалддаг, эдийн засгийн явцуу бүлэг­лэлийн ашиг сонирхолд захирагддаг болсон нь улс орны хөгжлийг уягч, чөдөр тушаа болж байна. Ард иргэд улстөрийн намуудад, улмаар ардчилалд итгэхгүй болох хандлага эндээс эхэлж байна. Удалгүй ардчиллаас зугатдаг, жигшдэг болбол бид улам л харанхуй ангал руу зүглэх болно. Тэд л биш бол хэн ч яахав хэмээн туйлширсан, харуусал, гомд­лын мухардсан сонголт хийх ч эрсдэл бий болно. Ийм эрсдлийг улстөрчид, намууд гаргахгүй байх хариуцлагатай байх ёстой. Ийм үүргийг нийгмийнхээ өмнө хүлээх номтой. Үндсэн хууль, улстөрийн намуудын болон сонгуулийн тухай хуулиудад дорвитой, бүтээлч шинэчлэл хийх цаг үе иржээ. Алив зүйл мухардалд ороход зөв гарц, замыг заахгүй бол хэн нэгэн зальт этгээд далим гарган ашиг олдог, түүний золиос нь нийтээрээ болдог түүхийг хүн төрөлхтөн мэддэг тул бид ч тийм аюул, хохирлоос зугатаж чадах учиртай.

Залуус төдийгүй буурь суурьтай иргэд ч нам, дарга даган хуйлрах болсон нь захиргаадалтын үеийн дүр зураг билээ. Төрийн захиргааны байгууллагууд илт данхайн хөрөнгө төвлөрүүлж бизнес эрхлэгч болон хувирсны шууд үр дүн бол энэ юм. Төрийн аппарат шийдвэр гаргагч, мөнгө төсөв хуваарилагч төдийгүй төсөл хэрэгжүүлэгч болон хувирсны баримт бол энэ буруудал мөн. Тэр хэмжээгээр хүнд суртал, авилга цэцэглэн хөгжиж, тэр хэмжээгээр иргэд, аж ахуйн нэгжийн санаачилга, идэвхитэй байдал хумигдаж байна. Ардчиллын үнэр ч гарахаа больжээ. Таньж мэддэг дарга, албан тушаалтны барааг харах уралдаан энэ цагийн дүр зураг болжээ. Шударгаар ажил үйлсээ танилцуулж, зохих дэмжлэг авдаг боломж энгийн иргэнд олдохоо больсон байна.

Дундаж амьдралтай иргэд, хийж бүтээх тэмүүлэлтэй залууст барьц авах, гараа эхлэх сэжүүр, санаа, боломж алга байна. Мөнгөний эргэлт, төр засгийн шийдвэр том аж ахуй, улстөр рүү чиглэсэн, богино амьтай, түр шинжтэй байгаа нь ийн дүгнэхэд хүргэж байна. Уул уурхай амин чухал гэж үймэлдэн улстөржүүлснээр иргэн хүний бүтээлч чармайлт, зүтгэлийг унтрааж нийгмийг унтуулах, зорилгогүй болгох хэмжээнд мансууруулсаар байна.

3. ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬСГАЛ – АРДЧИЛЛЫН ДАРААГИЙН ЗОРИЛГО

Өнөөдрийн энэ цаг үе бол хариуцлагатай шийдэл, шийдвэр гаргах чухал үе юм. Төр, засгийн алдаатай бодлогууд нэгэнт ил болсон, нөгөө талаас иргэд ардчилсан шинэ тогтолцооны орчинд амьдрах аргадаа суралцсан, үгүй ядаж шийдвэртэй алхмыг хийхдээ цочирдохооргүй болсон алтан үе иржээ. Төр иргэдийн төлөө шийдвэр, шийдлүүдийг гаргах хүсэлтэй, гаргаж байгаа мэт боловч хамгийн гол зүйлээ мартжээ. Тухайн газар орчинд хүн, иргэд амьдардаг, тэд л энэ газар орчныхоо хөгжлийг авч явах эзэд нь гэдгийг үл тоомсорложээ. Тэдний өмнөөс төр шийднэ, тэдний өмнөөс том аж ахуйн нэгж барьж байгуулна, тэдний өмнөөс орон нутгийн засаг захиргаа ажиллана гэсээр иргэдээ жижигрүүлж, хамгийн гол нь тэднийг сонсохгүй, тоохгүй, авч хэлэлцдэггүй болтлоо дөжирсөн цаг үе бол өнөөдөр юм. Тэр нутагт амьдарч байгаа иргэдээс нь тоож ч асуухгүйгээр онго тахилгатай уулсыг нь ухаж төнхөх шийдвэрийгтом компанийн захиалгаар төрийн ордонд гаргаж байна. Ийм байдал хот суурин газрын иргэд, малчид, тариаланчид бүгдэд нь тулгарч байна.

Иргэдийнхээ идэвхи чармайлт, бүтээлч зүтгэлийг ашиглахгүйгээр, тэдэнд ийм боломжийг нээж өгөхгүйгээр улс орон өөдлөхгүй, урагшлахгүй нь аль хэдийн тодорхой болсон зүйл. Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж, газар орчиндоо тааваараа амьдрах нөхцлийг бүрдүүлэхгүй бол ямар ч ардчилал, зах зээл гэж ярих шаардлагагүй юм. Иргэдийн идэвхи санаачилга, эх оронч, хамтын аз жаргалын төлөө үзэл санаагүйгээр ардчилал улам бүр гажуудалд орох болно.

Түүгээр зогсохгүй бүдгэрэн байгаа Ардчиллаа аврах сүүлийн боломж иргэдээ халамж хүртэгч биш баялаг бүтээгч, баян чинээлэг болгож амьдралын чанарыг нь сайжруулах хандлагад л хоргодон үлдснийг шууд зарлах цаг болжээ. Дийлэнх иргэд нь оюунлаг, чинээлэг байж чадвал ардчилал тогтвортой, ухаалаг байж чадна. Тиймээс төр иргэнээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Аливаа санал, бодол шийдэгдэх боломжтой, төлөвлөгдөж хэрэгжихүйц бодитой, тодорхой байвал зохино. Цаг үргэлж зарчим, уриа лоозон, тунхаглалаар амьдарч болохгүй билээ. Нийтээрээ хөдөлмөрлөж баялаг бүтээхгүй, төрийн бодлого, улстөрийн намууд нь иргэдээ дэмжихгүй бол эдийн засгийн гүн хямралд автаж, улстөрийн мухардалд хүрч улмаар тусгаар тогтнолоо алдах ч аюул бий болно.

Тэгвэл тэрхүү ардчилал, цаашлаад тусгаар тогтнолын маань баталгаа болох учиртай эдийн хувьсгалыг яаж хийх вэ? Нэг талаас төр засаг, улстөрийн намуудын зүгээс бодлогын эрс шинэчлэлийг нэн даруй хийж хэрэгжүүлэх ёстой. Үгүй бол жинхэнэ хувьсгалын зарчмаар ард түмэн өөрсдөө хийх болно. Учир нь өөрчлөлт шинэчлэл гарцаагүй болсон цаг үед ард түмэн хийх ёстой зүйлээ хэнээр ч заалгахгүй хийж авах ёстой зүйлээ авдаг гэдгийг түүх бидэнд сургасан. Харин төр засгийн удирдлагад байгаа хүмүүс үүнийг сааруулах, зогсох гэж оролдвол эцэстээ сайн зүйлд хүрч байгаагүй билээ.

Эдийн засгийн хувьсгал гэдэгт чухам юуг ойлгож байна вэ? Энэ үгний цаана иргэдээ эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх хандлага, хууль эрх зүйн орчин, засаглалын сайн тогтолцоо, нөөц баялгийн шинэ бодлого гээд олон асуудал багтаж байгаа. Гэхдээ тодорхой ямар алхам хийх юм бэ гэвэл би хоёрхон зүйлийг онцолмоор байна.

Нэгд. Хот суурин газрын иргэдэд газрыг нь өмчлүүлэх. Газар бол амьдралын үндэс гэдэг. Тиймээс газрыг нь өмчлүүлж өгнө гэдэг бол иргэдийн амьжиргааг дэмжих, амьдрах орчныг сайжруулах үндэс юм. Улаанбаатар хотын жишээн дээр авч үзье. Иргэдэд газар өмчлүүлэх арга хэмжээг Улаанбаатар хотод цахим сүлжээгээр 2 удаа тодорхой байршлуудад сугалаагаар явуулжээ. Иргэд өөрсдийн одоо амьдарч буй газраа өмчлөхийг хүсэх ч тохиолдлууд гарч байна. Зарим тохиолдолд иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэн сонирхсон байршилдаа газар өмчлөх саналыг ирүүлэх болов. Өмчилсөн газартаа амьдрах, аж ахуй хөгжүүлэх тодорхой төлөвлөлт байхгүй иргэд ийм сугалаанд оролцох хандлагатай байна. Зүй нь алслагдсан хол газруудыг сугалаагаар биш, амьдарч байгаа, үнэ цэнэтэй газруудаа иргэд өмчилж авах эрхтэй.

Түүнчлэн Улаанбаатарт гэр хорооллыг дахин төлөвлөх замаар барилгажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Голлон тоглогч, шийдэл гаргагч нь асуудал эрхэлсэн түщмэдүүд, ашиг хөөсөн барилгын компаниуд байна. Газар эзэмшигч, уг төслийг санхүүжүүлэгч нар хөндлөнгийн ажиглагчийн түвшинд байна. Гэр хорооллыг орон сууцжуулах энэ нүсэр хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэр тодорхойгүй, улсын төсвийн асар их ачаалал, хөрөнгө оруулалтыг шаардаж байна.

Хэдийгээр олон зуун орон сууц шинээр баригдаж байгаа боловч түүнийг худалдан авах иргэдийн чадвар буурсаар байна. Мөн банк, санхүүгийн байгууллагын зээл авах нөхцлийг тэр бүр хангаж чадахгүй байна. Иргэдийн үүсгэл санаачилга, санхүүгийн байгууллагын уян хатан, шийдэмгий механизм илт дутаж,хувь хүний эрх ашгийг хөндлөнгийн аж ахуй эрхлэгч төлөөлсөн агуулга байгаа учраас ажил урагшлахгүй байж мэдэхээр байна. Тухайн хүнд хүртээлгүй, уг төлөвлөлт тэнд амьдардаг хүмүүст бус, өөр хэн нэгэнд зориулагдсан санаачилга шиг зохион байгуулагдаж иржээ.

Иргэдэд олгосон ялимгүй итгэл, багахан дэмжлэг, тэдэнд найрсаг үйлчилдэг, санхүүгийн эх үүсвэр олгодог байгууллага, банкны тогтолцоо нь иргэдийн ахуйн нөхцөл, амьжиргааны түвшнийг илт сайжруулах болно. Амьдрал ахуйгаа өөд татаж, амьдрах нөхцлөө сайжруулах төсөл, санаачилгатай иргэдэд зээл олгож, санхүүжилтийг зоригтой, шийдэмгий өгдөг байх учиртай аж. Барилгын загвар, тэнд эрхэлж болох аж ахуй, үйлчилгээний газрын хямд төсөр загварууд бэлэн, түүнийг барьж гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллагууд нь ёс суртахуунтай, оршин суугч иргэд төслийн бүх үйл явцад оролцдог байхаар журамлаж хуульчилбал асуудал маш цэгцтэй шийдэгдэнэ. Тэр хэрээр ардчилал, хөгжил, тусгаар тогтнол маань баталгаажна.

Хоёрт. Олон яригдсаар бараг улиг болж байгаа ч ахиц дэвшил багатай байгаа Иргэд байгалийн баялагтаа эзэн суух явдал.

Энэ сэдэв яригдаж эхлээд 10-аад жил нэгэнт болжээ. Би хувьдаа л гэхэд зургаан жилийн өмнө стратегийн ордуудыг нэгтгэсэн Баянмонгол корпораци байгуулж иргэд хувь эзэмшдэг байх төслийг санаачилж байсан. 2008 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт ард түмэндээ Эрдэнийн хувьд олгох ажил ч туссан. Эдгээр санаачлагууд нийлж явсаар 2009 онд хууль батлагдаж Монголын ард түмэнд байгалийн баялгаасаа хувь хүртэх хуулийн үндэс бүрдсэн юм. Харамсалтай нь хэрэгжилтийн шатандаа замхарч гажуудснаар ард түмэнд наалдсан зүйлгүй өдий хүрчээ.

Иргэдэд баялгийн хувь хүртээх асуудлыг халамжийн мөнгө, сонгуулийн мөнгө амлалттай хольж хутгаснаар дэлхийд данстай Тавантолгой ордоосоо эзэмшсэн 1072 хувьцаа маань өнөөдөр өрнөөс өөр үнэ цэнэгүй байна. Төрийн муу менежмент бодлогын энэ чухал ажлыг завхруулж орхижээ.

Гэтэл бидэнд ганц Таван­толгой биш одоогийн байд­лаар 3 их наяд ам.доллар буюу өнөөгийн манай дотоо­дын нийт бүтээг­дэхүүнээс 2500 дахин илүү үнэлэгдээд байгаа эрдэс баялгийн ор­дууд бий. Алийн болгон алт сандайлсан гуйлгачин шиг байхвэ?

Баялгаа эргэлтэд оруулъя, оруулахдаа гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, ард түмэндээ хувь хувьцааг нь олгоё. Харин төр өөр олон компани байгуулж аж ахуйн ажилд хутгалдан цөөн хүнийг баяжуулахын оронд ард түмнийхээ эзэмшсэн хувьцаа үнэ цэнэтэй байх хяналтыг л хэрэгжүүлье. Стратегийн бүх ордын төрийн эзэмшлийн хувийн эзэмшиж байгаа “Эрдэнэс Монгол” компанийг ч ийм зарчмаар шинээр зохион байгуулах хэрэгтэй. Ингэж байж Монголын ард түмэн алт сандайлсан гуйлгачин биш баялгийнхаа эзэн, баян чинээлэг иргэд болох нөхцөл бүрдэнэ. Норвеги, АНУ-ын Аляск муж гэх мэт олон амжилттай жишээ байна.

Хамгийн чухал нь газраа өмчлөн хөрөнгө оруулж, байгалийн баялагтаа эзэн сууж хувь хишиг хүртэх нь ардчилсан хувьсгалын шинэ түрлэгийн гол агуулга нь байх учиртай гэдгийг энд дахин тэмдэглэе. Үүний төлөө төр засгийн зүгээс бодлогын, улстөрийн шаардлагатай шийдэл, шийдвэрүүдийг даруй гаргах ёстой юм. Эс бол ардчилсан хувьсгалын үр дүн цаасан дээр үлдэж бид арабын хувьсгалын ази хувилбар болж, ардчиллын үнэт зүйлсээс үлдэх зүйл ховор болно. Харин тэр цагт Монголын ард түмэн тайван хүлээцтэй байж чадах болов уу гэдгээс миний сэтгэл түгшиж байна. Ямар боловч ард түмэн газрынхаа төлөө, баялгийнхаа төлөө, хүн ёсны үнэт зүйлсийнхээ төлөө яаж эвлэлдэн нэгдэж, ямар их хүчит давалгааг бий болгож чадахыг энэ өдрүүдэд бид зах зухаас нь харж байна.

4.АРДЧИЛЛЫН ШИНЭ ТҮРЛЭГИЙН ХӨТӨЧ НЬ ЗАЛУУС МӨН

Шинэ үеийн залуусыг эх орон, олон түмнийхээ төлөө өөрийгөө золиосолж чадахуйц нийгмийн төлөөлөл, хүч болгон монголчууд бид өөрсдөө хүмүүжүүлж, ивээж дэмжихгүйгээр улс орон маань урагшлах янзгүй боллоо. Ардчилалд шинэ түрлэг хэрэгтэй байна.

Ажил олгогчид залуусыг ажилд олноор авч сургах, цаашид оюунлаг, бүтээлч сэтгэлгээтэй, эх оронч иргэн болон төлөвшихөд бүх чадлаараа зүтгэх нь үндэсний эрх ашиг, ардчиллын тулгуур бодлого болох ёстой. Залуус сурч боловсрох алтан нөхцлийг гадаад улс орнууд бус, эх оронд нь бүрдүүлэх шаардлагатай байна. Монголын шинээр төрсөн иргэнд төрсний гэрчилгээтэй нь хамт уул уурхайн баялгийн байнгын хуримтлалын эрх нээгддэг, 18 нас хүрэхэд нь сурах, ажил хөдөлмөрийн гараагаа эхлэх мөнгөн үүсвэр бий болсон байх санал оновчтой юм. Олсон орлогоо тэр дор нь хувааж идээд байх нь ухаангүйн шинж болохыг цаг хугацаа хангалттай харууллаа. Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад залуусыг заавал ажиллуулах хувь хэмжээг тогтоож татварын бодлоготой уялдуулж ч болох юм. Залуусаа сурган төлөвшүүлэх нь үндэсний соёл болон төлөвших учиртай. Залуус ардчилал, эрх чөлөөний төлөө хатуу тэмцэгч болон хүмүүжих нь бидний монголчуудын оршихуйн урт хугацааны баталгаа байх болно. Болохгүй, бүтэхгүйг гярхай олж хардаг, тууштай зоригтой бөгөөд ухаалаг, шийдэмгий зан чанаруудтай залуусаа Монгол эх орон, Монголын ардчилал нь хүлээж байна. Цаг алдаж болохооргүй эмзэг нөхцөл үүссэн, цаашид үүсч ч мэднэ. Одоо тэмцэж, зүтгэж, суралцаж, хөдөлмөрлөхгүй бол ор тас юу ч үгүй үлдэж мэдэх юм. Яарагтун, хичээгтүн. Гэхдээ ардчиллынхаа үнэт зүйлсийг чанд хамгаалан, үндэсний уламжлал, соёлоо ямагт сахигтун.

Монголын хөх тэнгэрт үеийн үед ардчиллын дуу цангинаж, хөгжлийн уухай цуурайтсаар байх болно. Үүнийг бидний шинэ үе залуус маань уламжлан хийх болно. Залуустаа итгэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2015-03-02

Улаанбаатар хот

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *