Монголд анх удаа Тэргэнцэртэй иргэдийн загварын шоу буюу “Wheelchair fashion show” өнгөрсөн жилийн зургадугаар сард зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөсөн билээ.
Тэгвэл өчигдөр Монголын “Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-г анх удаа шалгарууллаа. Энэхүү арга хэмжээнд 15 сайхан бүсгүй оролцсон бөгөөд тэд хамтран бүжиглэж, үндэсний хувцсаа өмсөн тайзнаа гарч, дизайнеруудын урласан хувцсыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамт үзүүллээ. Мөн шүүгчдийн асуултад хариулан Монголын анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-н эрхийн төлөө чадвараа сорьсон юм. Архангай, Булган, Баянхонгор, Завхам аймгаас дөрвөн сайхан бүсгүй энэхүү тэмцээнийг зорьж оролцжээ.
Тэмцээний ялагч, сайхан бүсгүй Б.Цолмон
Монголын хамгийн анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шагналыг хувийн дугаар 06 Б.Цолмон хүртэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Элч төлөөлөгчөөр сонгогдон, шилжин явах цом, Итали улсад гэр бүлээрээ амрах эрхийн бичгээр шагнагдсан юм.
Мөн,
- Авъяаслаг сайхан бүсгүй Ч.Тунгалагтуяа
- Оюунлаг сайхан бүсгүй Б.Батчимэг
- Төгс сайхан инээмсэглэлтэй сайхан бүсгүй Б.Нарантунгалаг нар тус тус шалгарчээ
“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээнийг гурван жилд нэг удаа, Тэргэнцэртэй иргэдийн загварын шоуг жил бүр зохион байгуулах юм байна.