Энэ удаагийн “Танайд өнжье”- булангаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, цагдаагийн хурандаа Ю.Бадамханд нарыг уншигчидтайгаа уулзуулж байна. Зочид маань мөрдэс нэгтэй алба хаагчдынхаа дунд анхны гэр бүлээрээ цагдаагийн хурандаа гэдгээрээ онцлогтой юм. Тэр дундаа бусад мөрдэс зүүдэг хууль хяналтын байгууллагад ч одоохондоо нэг салбарын гэр бүлийн хурандаа ажиллаж байгаагүй нь бидний анхаарлыг татсан юм.
Гэрийн эзэн, цагдаагийн хурандаа С.Буянжаргал даргатай холбогдож энэ тухайгаа хэлэхэд “Ажлын онцлогоосоо шалтгаалаад тэр бүр хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй ч энэ сайхан албаныхаа тухай, алба хаагчдынхаа тухай цөөн хором ярилцахад болохгүй нь юу байхав. Манай албаны байр шинээр баригдах гээд түр байрандаа ороод жаахан нүүдэл суудалтай л байна. Гэхдээ бид өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан, иргэдийнхээ төдийгүй алба хаагчдынхаа тав тухтай байдлыг хангах, хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд хичээж л байна” гээд энгийн эелдэг сайхан угтлаа.
Цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба хоёр бол энэ том байгууллагын зүрх, тархи нь юм гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьдаг. Энэхүү чухал албаны бодлогыг улсын хэмжээнд барих, төлөвлөх амаргүй ажил нь өглөө 8.30 цагт эхэлдэг. Долоо хоног, сар, жилээр хэдийнээ төлөвлөгдсөн байдаг ажлынхаа шинэ өглөөг угтдаг юм байна.
Гэмт хэрэг гэдэг бол төлөвлсөнөөс ондоо, төсөөлснөөс өөр, санаснаас зөрүү юм. Ямар хэрэг гарахыг хэн ч таашгүй. Тиймээс өглөө бүрийн шуурхайгаар амар тайван, хэрэг төвөг бага байгаасай гэж алба хаагч бүхэн боддог. Хурандаа ч тэдний нэг. Шинэ өглөө бүрийг гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээ сонсож эхлүүлэн, ажил тарсан гэж амсхийж болдоггүй амаргүй давааг цагдаагийн бие бүрэлдэхүүн үүрэг, тангараг хоёртойгоо үүрч яваа нь хэлж байгаа үг болгоноос нь харагдаж байлаа.
Улсын хэмжээнд нэг хоногт ямар ямар хэрэг зөрчил гарсан, нийслэлийн хэмжээнд эрүү хэв журмын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг байнга хянадаг гэнэ. Даваа, Баасан гаригт нэгдсэн шуурхайгаар гол гол бодлогын ажлуудаа цэгцэлж, ярилцан чиг чигтээ үүрэг авч гардаг ийм л онцлогтой хүмүүс юм билээ.
Бусад өдрүүдэд албаны зохион байгуулалтуудын дагуу нөхцөл байдлын мэдээг цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр орж танилцан, орон нутгийн мэдээнүүдийг тухай бүрт нь үзэж, төв орон нутагт гарсан бүх хэрэгтэй холбогдуулж, мөрдөн байцаах албаны нэгж, алба ажилтнуудтай холбогддог. Өдөр тутмын мэдээнүүдтэй танилцсаны дараа албаны дарга нарт тухайн нөхцөл байдлыг танилцуулан, ЦЕГ-ын удирдлагыг мэдээллээр хангаж ажиллах гэсэн зарчмаар л үргэлжилнэ дээ гэдгийг хурандаа хэлж байв.
Дараа нь нэгжүүдийн гарсан хэрэг, илрүүлж буй хэргийн баримт, мөрдөж байгаа тоон мэдээг өдөр бүр хөдөлгөөн шийдвэрлэлтийн дор хянадаг. Энэ жил Мөрдөн байцаах алба “хүрвэл зохих түвшин шалгуур үзүүлэлт”-ээ шинэчлэн баталсан нь бид ийм хэмжээнд хүрч ажиллана гэсэн төлөвлөгөөг гаргасан гэсэн үг. Шинэ хуультай уялдуулж, нэг мөрдөгчийн ажлын шалгуур үзүүлэлтийг өдөр бүр дүгнэнэ. Эхний улирлаар хэн гэдэг мөрдөн байцаагч ажлын үзүүлэлтээрээ бусдаасаа түрүүлж явна вэ гэдэг нь тодорхой гардаг. Үүний үр дүнд манай алба хаагчид тавигдах шаардлага, үзүүлэлтийг ханган ажиллахын тулд илүү эрч хүчтэй болсон. Мөн сахилга ёс зүйн асуудал чухал тул тухайн нэгж, хэлтэс бүрт нь анхаарал хандуулж, алба хаагч бүрийг хэрхэн яаж ажиллаж байна вэ гэдгийг дүгнэдэг гэнэ. Албаны дотоод аюулгүй байдал, цагдаагийн байгууллагын эрсдэлээс хамгаалах чиглэл дээр анхаарах, Нийслэлийн прокурорын байгууллагатай харилцах, чиглэлийнхээ хүрээнд прокуророос ямар зүйл шаардаж байна, хуулийн хүрээнд болон мөрдөн байцаалт дээр ямар алдаа дутагдал байна вэ гэдэг дээр прокурорын байгууллагатай хамтарч ажиллах зэрэг ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлдэг гэнэ.
Дараа нь иргэдээс өдөр тутам цагдаагийн байгууллагын мөрдөгчтэй холбоотой санал хүсэлт юу байна вэ гэдгийг тодруулна. Иргэдийн санал хүсэлт, ажлын чанар үр дүнгийн талаар, иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж байна вэ гэх зэрэг асуудлыг авч үзнэ. Эдгээр ажлууд тодорхой болоод ирэхээр Шуурхай хуралдаан зохион байгуулж, дүүргийн болон орон нутгийн дарга нарыг цуглуулж, онлайн хурал явуулдаг. Энэ долоо хоногийн үйл ажиллагаа ингэж явагдсан байна. Анхаарах асуудал “энэ байна шүү” гэсэн ажлын үүрэг чиглэл өгдөг гээд бидэнтэй ажил албаныхаа талаар илэн далангүй ярилцсан юм.
МӨРДӨН БАЙЦААГЧИЙН АЖИЛ МАШ НАРИЙН, ЧИМХЛҮҮР ЮМ
Мөрдөн байцаах алба, мөрдөгч хүн хуулийг ягштал сахих үүрэгтэй. Хурандаа С.Буянжаргал “Бидний шалгасан мөрдсөн хэрэг эцсийн дүндээ прокурор, шүүхэд шилждэг. Хэргийг үйлдсэн, хохирсон зэрэг бүх хүн бид нарын гараар дамждаг. Мөрдөн байцаагчийн ажил маш нарийн чимхлүүр. Үүнийг буруу хийвэл хүний эрх ашиг хохирно. Амьдралын өргөн талын мэдлэг ч шаарддаг мэргэжил. Одоо бид бүх мөрдөн байцаагч нараас онлайнаар хууль эрх зүйн мэдлэгийн сорилт тестээр авч байгаа. Байнга давтамжтай явуулна. Хуулийг ягштал мэдэж байх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Хуулийн хэрэглээг сайжруулах ёстой. Мөрдөн байцаагч хүн хуулийн өгүүлбэр, үг, цэг таслал бүрийг мэдэж байх ёстой гэсэн шаардлагын дагуу ажиллаж байна” гэж хэллээ. Ажлын цаг хамгийн эртдээ 20.00 цагт дуусдаг ч гэнэтийн хурал, гэмт хэрэг зөрчлөөс шалтгаалаад оройтох нь олонтаа. Ингээд яриад байвал Мөрдөн байцаах алба хэмээх энэ том айлын бодлого чиглэл, нэг өдрийн үйл явдлыг яриад дуусамгүй. Бид яриагаа үргэлжлүүлж, гэрт нь өнжих цагаа товлосон юм.
Бид товлосон цагтаа гэрт нь очлоо. Амралтын өдөр байсан учраас цагдаагийн хурандаа С.Буянжаргал, түүний гэргий, цагдаагийн хурандаа Ю.Бадамханд, охин Б.Жаргалсүрэн нар үдийн хоолоо идэхээр тухалж, бид ч бас зочиллоо.
Ажлын өдрүүдэд манайх өглөө 06.00 цагт босоод өглөөний цайгаа заавал уугаад ажил, сургуульдаа яардаг. Орой харьж ирэх цаг янз бүр. Харин амралтын өдөр бол гурвуулаа хамт сууж, амттай хоол идэж ярилцаж суух дуртай гэж хуучиллаа. Хурандаа С.Буянжаргал “Ээж маань одоо 70 гарч яваа сайхан буурал бий. Бага дүүгийнд маань амьдардаг болохоор амралтын өдөр урьж тухлах дуртай. Харин том хүү Б.Нямбаяр маань тусдаа амьдардаг болохоор хааяа “урилга”-аар л ирэх юм даа. Программист мэргэжилтэй. Охин минь Орос 14 дүгээр сургуульд суралцдаг, энэ жил дунд сургуулиа төгсөнө. Хэд хоногийн өмнө Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд тэнцсэн сайхан бэлэг ээж аавдаа барьж, баярлууллаа гэж баяртайгаар дуулгалаа.
Бид хоёрт охиныг бага байхад Оросын холбооны улсад суралцах сайхан боломж олдсон юм. Салбартаа бол анх удаа гэр бүлээрээ Орост суралцсан даа. Үүгээр бид бахархдаг. Тэр үед энэ их итгэл хариуцлага болсон томилолтыг бид хоёулаа онц хамгаалж ирсэн. С.Буянжаргал “Би 2009 онд Оросын Холбооны улсын Дотоод явдлын яамны удирдлагын академид суралцаж, эхнэр маань хүүхэд гэмт хэргээс болж хохирсон талаас нь судалж, докторын зэрэг хамгаалж, гурван жил болоод амжилттай төгсөж ирсэн. Ирээд бид хоёр чиглэл чиглэлээрээ ажиллаж, охиноо харин орос хэлний сургалттай сургуульд сургасан. Үүний үр дүнд охин маань өөрийн хичээл зүтгэлээр Москвад сурах болсон нь манай гэр бүлийн хувьд үнэхээр сайхан баяртай өдрүүд тохиож байна. Ийм өдрүүдэд л та нар зочиллоо доо” гэж хэллээ.
ТЭМДЭГЛЭЛТ БАЯР ЁСЛОЛООР ГЭРТЭЭ БАЙЖ ҮЗЭЭГҮЙ
Харин түүний гэргий Ю.Бадамханд ОХУ-ын Эрхүүгийн Улсын багшийн дээд сургуулийг онц төгсөж байж. Гэсэн хэдий ч тухайн үед цагдаагийн байгууллагын Хүүхдийн албанд сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй хүнийг авч ажиллуулдаг болсныг дуулаад материалаа өгч тэнцэж, Нийслэлийн цагдаагийн газарт Эрүүгийн албаны хүүхдийн төлөөлөгчөөр томилогдон, дэслэгч цолоо гардан авч байсан нь мартахын аргагүй сайхан дурсамж гэдгийг тэрээр онцолж байв. Харин дараа нь тухайн үеийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст томилогдон, 10 гаруй жил хүүхдийн байцаагч, төлөөлөгчөөр тууштай ажиллажээ. Энэ байгууллагад томилогдон ажиллаж байхдаа ханьтайгаа танилцаж, гэр бүл болж, үр хүүхэдтэй болж, ажил амьдрал нэгтэй өдий хүртэл амьдарч, хоёулаа хурандаа болсон сайхан хувь тавиландаа их л бэлгэшээж явдгаа ярьж байв.
Хуучны хүмүүс мэдэх байх. Хурандаа Ю.Бадамхандын аав НАХЯ-ны Намын хорооны дарга, хурандаа Л.Юндэндорж гэж хүн байжээ. Ю.Бадамханд докторын ажлаа “Монгол Улсад насанд хүрээгүй хүнийг гэмт халдлагаас хамгаалах криминологийн асуудал” сэдвээр бичиж байжээ. Сэдвээ судлах хугацаанд түүний аавынх нь “Хүүхдийн тасаг байгуулаад ажиллаж байсан” гэсэн нь санаанд нь орсон гэнэ. Тэгээд архив шүүлгэж. Тэгсэн 1947 онд аавыг нь Эрүүгийн эрэн сурвалжлах албаны Хүүхдийг тасгийн даргаар томилж байсан тушаал олж үзсэн, хүүхдийн байцаагч байсан. Үүнд охин нь баяртай байдгаа дуулгасан юм.
ТӨРИЙН СҮЛДЭЭ МАГНАЙ ДЭЭРЭЭ ЗАЛДАГ САЙХАН АЛБААРАА БАХАРХДАГ
Хоёулаа цагдаагийн алба хаагч болохоор аливаа тэмдэглэлт баяр ёслолоор гэртээ хамт байж үзээгүй. Нэгдсэн арга хэмжээ, зочин гийчний хамгаалалт гээд бүхий л үйл ажиллагаануудад нэг үүрэг чиглэлтэй, тушаал авч, үүрэг гүйцэтгэдэг болохоор хамт ажилтай л байдаг гэж байлаа. Арга ч үгүй юм даа. Цагдаагийн албаны онцлог ерөөсөө л энэ аж. Харин ачааллыг дааж, бие биедээ түшиг, дэм болж, явсаар амьдралыг туулж яваа хурандаагийн гэргий Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад одоо Хууль сахиулахын Удирдлагын академийн дэд профессороор ажиллаж байна. Нөхөр нь түүнийг ер нь хүүхдийн чиглэлээр ажиллах л хүн юм. Гавьяаны амралтдаа суух үеэрээ Хүүхдийн чиглэлээ барьж авч, ажил үйлс хийгээрэй гэж хэлдэг гэдгийг нь чухалчилсан юм.
Харин Хурандаа С.Буянжаргал бага ангидаа сурлагаараа манлайлдаг, ангийн болон бүлгийн дарга байжээ. Тухайн үед зохион байгууллагддаг байсан цэрэг эх орны жагсаалын үзлэг, одоогийнхоор бол ногоон гэрэл, цагаан шугам тэмцээний жагсаалыг командалдаг байж. Цэцэрлэгт байхдаа баруун ташаандаа сэлэм зүүж, эх орны цэрэг цагдаа гэж тоглодог байсан гэнэ. Дунд сургуулиа төгсөх үеэр зах зээл эхэлчихсэн байсан. 1990-ээд оны эхээр хүүхдүүд цэргийн болон цагдаагийн сургууль руу шуурдаг байсан үе. Хурандаа С.Буянжаргал “Манай сургуулийн хөвгүүдийн 80 хувь нь цэрэг цагдаагийн сургуульд шалгалт өгч байсан. Би МУИС-ийн түүхийн ангийг сонирхож байсан ч энэ чиглэлээр сурч, ажиллахаар эр хүн биш болчих юм шиг санагдсан. (инээв) Багаасаа цэрэг, цагдаагийн жагсаал командлагчийн тэмцээнд оролцож байсан болохоор цагдаагийн сургуульд шалгалт өгсөн. Тэр үед цагдаагийн сургууль хоёр зарчмаар элсүүлдэг байв. Түргэвчилсэн хоёр жилээр төгсгөх, тусгай дунд сургалттай байхад шалгалт өгч тэнцсэн. Дээд сургуульд нь орж чадаагүйдээ жаахан сэтгэл дундуур байсан ч миний зарчимч зан цагдаагийн албатайгаа хувь тавилангаа холбох сэжүүр болсон доо. Төрийн сүлдээ магнай дээрээ залдаг сайхан албаараа бахархдаг. Би албаныхаа зарчмын асуудлуудыг хүндрэл бэрхшээл гэж огт хардаггүй. Зарим хүмүүс албаны хууль дүрэм хэрэгжүүлэх, ажлын шаардлага тавихыг буруугаар ойлгож, ханддаг. Үүнийг би харин хуулийн дагуу гүйцэтгэж, дасан зохицож, зөв бодолтой ажиллах ёстой гэж боддог” гэв.
Хурандаа С.Буянжаргалын аав, ээж хоёр нь барилгачин. Эгэл жирийн ажилчдын дунд хүү. Удамд нь цэрэг, цагдаагийн алба хаагч байгаагүй. Иймээс өөртөө маш их хариуцлагыг даах ёстой гэх зарчмыг оногдуулжээ. Нэгэнт энэ замыг туулах ёстой, шударга ажиллах хэрэгтэй гэж бодож, зорьсон бол амьдралаа авч явж, эх орныхоо төлөө зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэх хэрэгтэй гэж боддог байжээ. Тэрээр “Надад цагдаагийн албанд ажиллах шалгуур үзүүлэлтүүд дарамттай байгаагүй. Хүнд өдрүүд байсан ч ялан дийлж, давж гарч чадсан. Манай хошууч генерал Б.Пүрэв гуай “Цагдаагийн ажил амьдрал дан сүүдэртэй талд нь явдаг. Эр хүн хийвэл хийсэн шиг хийдэг хийморьтой алба шүү” гэж байсан. Энэ үнэн үг. Хүн өөрөө хийнэ гэсэн зорилготой, сэтгэлтэй байвал болно. Анх ажлын гараагаа эхэлсэн Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хотын зүрх нь шүү дээ. Тэнд Сүхбаатар жанжны хөшөө байна. Мөн төр засгийн бүхий л үйл ажиллагаа явуулдаг газар нутаг. Тухайн үед уламжлагдаж байсан яриа бол “суръя гэвэл Сүхбаатарт оч” гэдэг байсан. Учир нь ажил их өрнөдөг газар. Маш их ажил өрнөсөн газар хүн их юм сурдаг онцлогтой. Анх Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдийн байцаагчаар томилогдсон. Зах зээлийн нийгэмд шилжчихсэн үед бага насны хүүхдүүдийн гэмт хэрэг ихэсч, бид уйгагүй тэмцэж, үр дүнг нь үзэж байсан. Сайхан ханьтай учирсан, цагдаагийн албаны анхны томилолтоо авсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэстээ эрүү, мөрдөн, хэв журам, хэрэг бүртгэх алба, төв орон нутгийн нэгжид ажиллаж байгаад 20 гаруй жилийн дараа даргаар нь томилогдон гурван жил гаруй хугацаанд ажилласандаа маш их бэлгэшээдэг. Тэндээс би Мөрдөн байцаах албаныхаа дэд даргаар томилогдож ирсэн дээ” гэж хуучиллаа.
Тэрээр 1995-2002 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдийн байцаагч, жижүүрийн шуурхай албаны мөрдөн байцаагч, эрүүгийн жинхэнэ төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Мөн 2002-2008 онд Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2008-2009 онд мөн газрын Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2009 онд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. 2009-2011 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид сонсогч, 2012-2013 онд Улсын мөрдөн байцаах газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, 2013-2014 онд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байж. 2014-2015 онд Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, 2015-2018 онд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар тус тус ажиллажээ.
С.Буянжаргал: ОХУ-Д СУРАЛЦАЖ БАЙХАД ТУШААЛ ГАРЧ, ДЭД ХУРАНДАА ЦОЛОО АВЧ БАЙСАН
Цол гэдэг бол цагдаагийн байгууллагын алба хаагчдын бахархал. Урам зориг, эрч хүч авдаг. Хурандаа С.Буянжаргал “Цагдаагийн байгууллагын алба хаагчийн цол авах хугацаа нь болчихвол сүүлийн гурав, дөрвөн жилийн ажлын үр дүнг анхаарч үздэг, заавар журамтай. Сургууль төгсөөд дэслэгч цолыг авч байхдаа баярлаж байсан. Бүх цолоо хугацаанд нь авсан. Хамгийн их догдолж авсан цол бол дэд хурандаа цол юм. Өөрөөр хэлбэл, ОХУ-д Удирдлагын академид сурч байхдаа тушаал гараад авч байсан. Тухайн үед аавыгаа бодож, баярын нулимстай гуниглаж сууж байсан. 2002 онд аав маань бурхан болсон юм. Би 2002 онд ахмад цолтой байсан. Удирдлагын академид сурч байхдаа гэнэт “аав маань намайг ийм амжилттай явна” гэж бодож байсан болов уу. Хүү нь ОХУ-д сурч, дэд хурандаа цол авчихлаа шүү дээ гэж бодогдсон юм. Намайг дэслэгч болоход л том цэргийн хүн болчихлоо гэж ярьдаг байсан. Алс хүний нутагт байгаа хүн улам зөөлөн элгэмсүү болдог юм билээ” гэж байлаа.
Харин түүний гэргий “Миний хувьд дэслэгч цол авч байсан минь санаанаас огт гардаггүй. Цагдаагийн байгууллагын Эрүүгийн албанд хүүхдийн төлөөлөгчөөр томилогдоно гэдэг хэр баргийн хүнд тохиох хувь биш байх. НАХЯ-ны сайдаас дэслэгч цол гардаж авч байсан. Цол болгон сайхан. Дараа нь хошууч цолыг олон жил зүүсэн. Ингээд дэд хурандаа цолыг зэрэг дэв дээгүүр авсандаа маш их баярлаж байсан. Хурандаа цолыг авахад маш их сайхан санагдаж байсан. Аав маань хурандаа, хурандаагийн гэргий байна гэдэг том аз завшаан. Манай нөхөр эхэлж хурандаа цолоо авсан. Дараа нь би авсан. Хоёулаа хурандаа цол авсан учраас ярилцаад хамтдаа тэмдэглэсэн. Хамт олноос маань Монголын анхны хурандаа гэр бүл гээд олон сайхан урмын үг хэлсэн. Эрхэлж байгаа ажилдаа дуртай, зөв сэтгэлтэй, төрийн албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, шантрахгүй, унтрахгүй байвал бүх зүйл аяндаа сайхан бүтнэ гэж бодож, үүнийгээ зарчим болгон ажилладаг нэг гэр бүлийн хоёр хурандаа маань гэр бүлийн үнэ цэнэ гэдэг бол бие биенийгээ сайн ойлгох гэдгийг нэгэн зэрэг хэлсэн юм.
Ямар ч тохиолдолд хүлээцтэй хандаж, гэр бүлийн хүмүүжил, боловсролыг дээдлэн, амьдарвал буцаад таны үр хүүхэд зөв хүмүүжлээр өсөн торниж, ирээдүйд үнэ цэнэтэй сайхан амьдарна. Өвөг дээдэс, удам судар ээж ааваараа бахархаж хүндлэх ёстой гэж боддог. Хоёр талын аав, ээжүүд минь шударга, зарчимч хүмүүс. Хийвэл хийсэн шиг хий гэдэг байсан. Харин цагдаагийн байгууллагын удирдагч хүн ямар байх ёстой вэ гэсэн асуултад Хурандаа С.Буянжаргал “Бид нийгэм, цаг үеэсээ ч байнга суралцаж, хөгжиж байх ёстой. Би ОХУ-д Удирдлагын академийн чиглэлээр суралцах хугацаандаа энэ олон сая хүн амтай газар яаж дэг журмыг сахиулж байна вэ гэдгийг ажигласан. Гол зохион байгуулалт нь ерөөсөө л сахилга бат юм билээ. Удирдах албан тушаалтан муу зуршлаасаа салж, өөрийгөө хөгжүүлэх үе шатнаас огтхон ч хоцорч болохгүй. Мэдэхийн төлөө явж, ажлаа сайн мэддэг байх ёстой. Манлайллыг өөрөөсөө эхлүүлж, ажилдаа чин сэтгэл гаргахыг хичээдэг дээ” гэж хариуллаа.
Жирийн сайхан монгол хоол цайгаараа хооллож, аль болох амьдралын зөв хэмнэлийг эрхэмлэн, цаг зав гарвал амралтын өдрөөр ойрхон ч болов салхинд гарч, ил задгай гал дээр өөрийн гарын хоол зоог, мах шарж, гэр бүл найз нөхдөө дайлах дуртай энгийн нэг аав, эгэл жирийн эр хүн бол хурандаа С.Буянжаргал. Тэрээр хэдийгээр цаг зав бага, ажил ихтэй байдаг ч аль болох эхнэр хүүхдийнхээ төрсөн өдөр, тэмдэглэлт сайхан үйл явдалд нь баяр хүргэж, баярлуулахыг хичээдэг гэнэ. Харин гэргий Ю.Бадамханд “Гэр бүлээрээ байх л хамгийн сайхан. Амралтын өдрөөр хамтдаа хооллоод, салхинд гарах сайхан даа” гэж хуучилсан юм.
Нийгэмд шуугиан тарьж байсан олон хэргүүд дээр хамтарч ажиллаж байсан ажлын хэсгийнхэн, цагдаагийн байгууллагын үе үеийн сайн удирдлага, хамт олон, удирдлагынхаа алба хаагчдадаа талархаж явдаг тухайгаа ч ярилаа. Аргагүй л оюун билгийн орд цагаан өргөөгөө сүндэрлүүлж, олон түмнийхээ бахархал болсон хос хурандаа маань ард иргэдийнхээ амар амгаланг сахиулах ариун үйлсдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрдэм билгийг дээдлэн, эцэг эхээ хүндлэн, үр хүүхдээ эх орныхоо тулах багана болгон өсгөн хүмүүжүүлсэн эрхэм хүмүүс байлаа.