Categories
мэдээ нийгэм

Монголын анхны дижитал бондын цанг цохив

Санхүүгийн зохицуулах хорооноос зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудтай хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг үе шаттайгаар, цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг баталж, өнгөрсөн есдүгээр сараас мөрдөж эхэлсэн. Энэхүү зохицуулалтын хүрээнд хамгийн анхны нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийг бүртгүүлэх хүсэлтийг “Мобифинанс ББСБ” ХХК-аас гаргасны дагуу Хороо бүртгэсэн. Харин өнөөдөр тус компанийн олон нийтэд нээлттэйгээр санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийн арилжааны цан цохин ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Мобиком группийн санхүүгийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Үнэнбат, “Өлзий энд Ко капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон холбогдох бусад хүмүүс оролцсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан цан цохих ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Хорооноос компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, банкны зээлтэй өрсөлдөхүйц санхүүжилтийн тогтолцоог бий болгох, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг баталсан. Уг журмаар компанийн өрийн хэрэгслийг хувьцааны бүртгэлтэй адилтган авч үзэж байсныг засаж, тодорхой шаардлага хангасан бонд гаргагчийн нийтэд санал болгон гаргах бондыг хялбаршуулсан горимоор богино хугацаанд бүртгэх, өрийн хэрэгслийг үе шаттайгаар гаргах, дотоодын аж ахуйн нэгжүүд “Ногоон бонд” гаргах, аж ахуй нэгжүүд цаг хугацаа, зардал хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах боломжуудыг бүрдүүлсэн.

“Мобифинанс ББСБ” ХХК нь энэхүү журмын хүрээнд өрийн хэрэгслээ бүртгүүлсэн анхны компани бөгөөд анхдагч зах зээлийн арилжааг андеррайтерийн компани зохион байгуулснаараа онцлогтой. Өнгөрсөн гуравдугаар сард “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг баталснаар бий болсон сэндбоксын зохицуулалтын орчин дахь анхны бүтээгдэхүүн болж, өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаагаар нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. Өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг Монпэй аппликейшн /Monpay/ ашиглан шинэлэг байдлаар зохион байгуулсан нь 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаас хойш цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч буй анхны тохиолдол” гэдгийг онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *