Categories
мэдээ нийгэм

Монголын 26 ААН Узбекистанд мах экспортлох боломжтой болов DNN.mn

Мах экспортлох зориулалттай “эрүүл бүс” байгуулна

Манай улс Узбекистан улсад 500 тонн мах, дайвар бүтээгдэхүүн гаргаад байна. Энэ бол энэ оны эхний 10 сарын байдлаарх дүн юм. Цаашид тус улс руу хийх экпортоо нэмэгдүүлэхээ ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Узбекистан улсын Хөдөө аж ахуйн сайд В.А.Ботировичтай цахимаар уулзах үеэр илэрхийллээ.

Энэ оны 12 дугаар сард Узбекистан улс мах, махан бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг Монголын 9 аж ахуйн нэгжид олгожээ. Ингэснээр тус улсад экспорт хийх боломжтой ААН-ийн тоо 26 болоод байна. Хоёр орны хооронд Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг 2019 онд байгуулан, холбогдох мал эмнэлгийн гэрчилгээг харилцан тохиролцсон юм. Ингэснээр тус улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж нээгджээ.

Хоёр талын уулзалтаар мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах төслийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов.

Манай улсын ААН-үүд сүүлийн жилүүдэд нядалгааны олон улсын “халал” стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байгаа. Энэ нь Узбекистан, Казахстан Иран, Азербайжан зэрэг оронд дээрх аргаар бэлтгэсэн мах нийлүүлэх боломжийг бий болгож байгаа юм.

Узбекистаны тал Монгол Улсад хамтарсан аж ахуй байгуулах замаар махны экспортыг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Баруун 3 аймгийн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” -т хамтран ажиллах нь үр дүнтэй гэж талууд үзэв.
Узбекистан улсаас сайн чанарын жимс, жимсгэнэ, нарийн ногоо Монгол Улсад нийлүүлэх боломжтой бөгөөд урьдчилсан байдлаар зах зээлийн судалгаа хийсний үр дүнд үнийн хувьд өрсөлдөхүйц байж чадах дүгнэлт гарчээ.

Хоёр орны хооронд Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах Хэлэлцээрийг 2019 онд байгуулан, холбогдох мал эмнэлгийн гэрчилгээнүүдийг харилцан тохиролцсоноор тус улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдсэн юм.

Узбекистаны Самарканд хотноо энэ оны 9 дүгээр сард зохион байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр манай хоёр орны Ерөнхийлөгч нар уулзаж, Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комисс байгуулахаар тохиролцсон. Үүний дагуу Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг хоёр орны Хөдөө аж ахуйн сайд нар даргалан, ирж буй оны эхний улиралд багтаан Узбекистанд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *