Categories
мэдээ нийгэм

Монголыг тойрон аялахад үзэх газрууд 7

Урин дулаан цаг ирж аялал зугаалга эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол улсын 21 аймгуудын гайхамшиг болсон заавал очиж үзэх учиртай үзэсгэлэнт газруудын дөрөв дахь цувралаа толилуулж байна.

СҮХБААТАР АЙМАГ

1.Алтан овоо

Related image

Алтан овоог Дарь-Овоо гэж нэрлэх нь ч бий. Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөрт байрлана. Дарьганга сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн зургаан суманд амьдардаг. Дарьгангачуудын шүтэн биширдэг уул юм. XYII зууны үеэс нутгийнхан тахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богд хааны зарлигаар тахиж ирсэн. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг. Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан энэ овооны тахилгыг 1990-ээд оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ. 2004 онд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтадсан байна.

Энэ овоо бол зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо юм. Алтан-Овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг байна. Алтан-Овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой. Мөн овооны баруун талд Дуут нуур, харин зүүн талд Шилийн богд уул байдаг. Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Овооны гол мод буюу амь модыг сорогшин хэмээдэг байна. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавина. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод байх агаад манай оронд самрын модоор хийдэг ажээ. Алтан-Овоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ.

2.Шилийн богд


Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зүүн урагш 60 км-т далайн түвшнээс дээш 1778 метрт оршдог. Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засаж янзлан зүсэж авсан мэт үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад км алсаас майхан барьчихсан юм шиг шовгор харагддаг. Шилийн богдын зүүн дор Агтны хүрээ гэж дугуй тогоотой талын намхан галт уул бий. Шилийн богд дээрээс тод харагдана.

Уулсын хоорондын хөндий талаар хүрмэн чулуун лав тогтсон тул тэдгээрийн гадарга нилээд чулуурхаг юм. Хар хүрэн, хүрэн бараан хөрс зонхилдог. 108 зүйлийн ургамал ургадаг бөгөөд ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлж чадах нэн ховор ургамал 30 гаруй зүйл бий.

Амьтны аймгийн хувьд туурайтан мэрэгчид голлох бөгөөд цагаан зээр, тарвага, чоно үнэг элбэг үзэгдэнэ.

Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн “Эрт цагт Шилийн Богдыг Агшуун гэдэг нэртэй байсныг зарим хүн мэддэг, Сан тахилгын сударт ч үзэгддэг” гэж тэмдэглэжээ.

Шилийн Богд уулын орчмын газар шороо бол өгөөж баялаг, өвс ургамалтай тул хэзээнээс адуун сүрэг, бод малын өвөл, хаврын отор хийдэг онгон зэлүүд нутаг билээ. Эрт цагийн өвөг дээдсүүд, Шилийн сайн эрчүүд өглөөн нарнаар оройд нь гарч, сан сэржим өргөж, хийморио сэргээн, эр зоригоо чангалж эх орон, төрийн сүлдэндээ залбирч сэттэлийн их эрч хүчийг биедээ шингээж, ядарч зүдэрсэн ард олноо хайрлан, ивээн тэтгэх ухааныг өдөөж өгдөг, бишрэл хүндэтгэлтэй уул гэцгээдэг. Мөн шилийн сайн эрчүүдийн тангараг өргөж байсан түүхт уул бөгөөд энэ уулын ойролцоо Чингис хааны нэртэй холбоотой түүхэн домог болж үлдсэн Чингисийн гүүн зэлний гадас, Чингисийн морины уяа зэрэг олон дурсгалт газрууд бий.

Түүнчлэн баруун Ацаа дахь шилийн сайн эрс морьдоо усалж тухалдаг байсан цэвэр цэнгэг уст долоон тогоо, Ду ноёны адуу дүүрч багтдаг “Агт нь хүрээт” хэмээх хонхор зэрэг домогт газруудыг нэрлэж болно. Энэ уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий. Энэ газарт 70 гаруй зүйлийн эмийн болон идэшний ургамал, монос, гандигар, хайлаас, бургас, гүйлс, буйлс, харгана зэрэг модлог ургамал ургадаг байна.

3.Монголын хүн чулууд


Хүн чулуу нь эртний хүмүүсийн шүтлэг бишрэл, нийгмийн харилцаа, соёл урлагийн төвшин, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог ажээ.

Түрэгийн үеийн хүн чулуу нь гол мөрний сав хөндий, тэдгээрийн ойр орчим тэгш сайхан тал зэрэг олны хараанд өртөхүйц байгалийн үзэмжит газар нутагт цогцлон байгуулсан тахил шүтээний байгууламжийн бүрэлдэхүүнд орж байрласан байдаг ажээ. Их монгол улсын үед хамаарах хүн чулуудын ерөнхий төрх нь баруун гартаа хундага сав барьж түшлэгтэй сандалд суусан эр хүний дүрс зонхилдог, түрэгийн хүн чулуунд байдаг шиг зэл чулуу байдаггүй. Их монголын үед холбогдох эдгээр хүн чулуунуудыг хамгийн ихээр агуулдаг газар бол Сүхбаатар аймгийн нутаг бөгөөд “Дарьгангын хүн чулуу” хэмээн алдаршчээ.

Монгол улс дахь хүн чулууг дагнан судалсан хамгийн том судлаач болох археологич, доктор Д.Баяр Их монголын үеийн хүн чулууг хэрхэн нээсэн талаараа тэрээр “Монгол орны зүүн хэсэг, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутгаас маш өвөрмөц хийцтэй хүн чулууд олдсон. Үүнийг 1927 онд зөвлөлтийн судлаач В.А.Казакевич анх судалж шинжлэх ухаанд гаргаж тавьсан. Хүн чулуу л бол түрэгийн үеийнх юм. Түрэгүүд л хүн чулуу хийдэг” хэмээн өгүүлжээ.

Тус аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон, Наран, Баяндэлгэр сумдын нутагт нийт 50 гаруй хүн чулуу бий бөгөөд зарим нь он цагийн уртад элэгдэн нүүр толгойн хэсэг нь эвдрэлд орж гэмтсэн боловч ихэнх түүхэн цаг үеэ дурсах мэт хилийн зүг хараачлан оршсоор байна. Эдгээр хүн чулууд нь 13-р зуун буюу эзэнт гүрний үед хамаарагддаг.

Түрэгийн хүн чулууд буруу энгэртэй дээлтэй, хоёр тийш эргэсэн захтай байдаг бол XIII зууны монгол хүнийг дүрсэлсэн хөшөөнүүд ташуу энгэртэй, зөв захтай дээлтэйгээрээ онцлог. Түрэгүүд гэзгээ олон салаа сүлжиж нуруу дагуулан унжуулдаг байсан бол XIII зууны монголчууд чихнийхээ араар сүлжиж боогоод, урд руугаа гөхөл үс үлдээдэг байсан. Энэ болгон хүн чулуун дээр гайхамшигтай дүрслэгдсэн байна.

4.Таван толгойн археологийн цогцолбор


Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт Шинэ чулуун зэвсгийн үе ба хүрэл зэвсгийн үеийн шоргоолжин булш, XIII-XIY зууны үеийн 10 гаруй хүн чулуун дурсгал, Бударын чулуу, Шартын хадны сүг зураг, XIX-XX зууны эхэн үед хамаарах 400 гаруй эд өлгийн зүйлийг агуулсан Монгол язгууртнуудын булш зэрэг чухал үнэт олдворууд бий. 2004-2010 онуудад археологич Д.Наваан МУИС-ийн археологи, антропологийн ангийн оюутнуудтай хамтран булшийг малтаж шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олон гайхамшигтай дурсгалуудыг олжээ. Түүний дотор Боржигон овгийн алтан ургийн цагаан шонхор шувууны дүрс нууцалж сийлсэн шигтгээтэй алтан бөгжийг олжээ. Мөн 5 сантиметр өндөр, 5.6 сантиметр өргөн, 0.5 сантиметр зузаантай галын дөл мэт угалзарсан хэлбэртэй, нарийн алтан утсаар ургамал цэцгийн хэлбэр гаргаж зай завсаргүй сүлжин чимэглэсэн үнэт чулуун шигтгээтэй алтан чимэглэл олсон бөгөөд энэ нь XIII зууны ордны хатны Богтаг малгайн чимэглэл байжээ. Мөн археологич доктор Ц.Төрбат малтлага хийж ясан тамга, исэр сандал зэрэг шинжлэх ухааны онцгой олдвор олжээ. Гуулин ялтсаар хөөмөлдөж алтаар шарж хийсэн, дөрвөн дэлбээтэй суурин дээр жижгэвтэр зургаан дэлбээт бадам цэцгийг дүрсэлж тана мэт чулуу суулгасан “жинс” олж байжээ.

5.Ганга нуур, Оргихын булаг


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 километрт орших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нэгэн нуур байх бөгөөд түүнийг Ганга нуур гэдэг. Ганга нуур нь 4 ам километр талбайтай нуур бөгөөд Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Ганга нууранд Монголын улаан номд ордог гангар хун, цэн тогоруу гэх мэт нэн ховор шувууд ирж зусдаг.

Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан юм. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ. Нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс тунгалаг устай хүйтэн булаг оргилон гардгийг Оргихын булаг гэж нэрлэдэг. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой билээ.

6.Хунгийн чуулган


Жил бүрийн намар Сүхбаатар аймагт орших Ганга нуурын хөвөөнөө буцах хунгийн сүрэг чуулдаг.

Аймгийн иргэдийн ярж байгаагаар усны гэгдэх шувууд бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрүүсэхээр хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг гэж байна. Энэ урагшлалт нь Өмнөговь, Дорноговь, Баянхонгор чиглэлээр нисэх боломж бараг байдаггүй гэнэ. Яагаад гэвэл тэнд цөл, говийн бүс үлэмж урт үргэлжилж нуур цөөрөм байхгүйтэй холбоотой хэмээн ярилаа.

Монголын нутаг дэвсгэр дээгүүр шувууны гурван их зам гардаг юм байна. Үүний нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр байдаг олон нуур цөөрмүүд юм. Түүний нэг нь Ганга нуур гэнэ. Жил бүрийн 10 дугаар сард тус аймгийг зорих дотоод жуулчдын тоо эрс нэмэгддэг байна. Тэд бүгд л “Хунгийн чуулган” үзэж нүдээ баясгаж, сэтгэлээ амраахыг зорьдог байх нь.

Жил бүрийн 10 сард буюу 7-9 ны өдрүүдэд “Хунгийн чуулган” болдог байна.

7.Егүзэрийн хийд


Егүзэрийн хийд нь 1780 онд Сэцэн хан аймгийн тайж Ренчиндоржийн хошуунд Манжийн хааны зарлигаар анх байгуулагджээ. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Чоно голын хойд дэнж дээр байгуулагдсан бөгөөд Цагаан-Овоо, Хуран, Алтан-Овоо, Чандмань зэрэг 4 тахилгат уулын дунд байрлажээ.

Оточ нарын мамба, философийн чойр, харь зүгийн жүдэв, лүүжин тавигчдын хажид, цагийн хүрдний онол зурхайн дүйнхор гэсэн дацангуудаас гадна цогчин дуган, сэрүүн лаврин, баруун зүүн сэрдэн, суварга, зуугийн сүм зэргийг байгуулжээ. Анхны Егүзэр лам нь Лувсанбалдан хэмээх хүн байжээ.

Егүзэрийн хийд нь Оросын II Екатрина хааны тосгоны бүтэц бүхийгээр баригджээ. Орд маягийн 20 гаруй байшинтай, хятад, япон, түвд, Монгол загварын барилгуудтай байжээ. Өдөр бүр байнга хурал ном хурж, бүрээ бишгүүр, хэнгэрэг цангийн дуу нижигнэсэн, маш хөл хөдөлгөөнтэй хийд байжээ. Их бага жастай байсан бөгөөд жасын хашаанд 6 ханатай том гэрт 8 тотго бүхий тулга тулж, түүн дээр 4 бариултай том тогоо тавиастай байв. Энэхүү тулга тогоо нь жил бүр Егүзэрийн хийдийн тахилга үйлддэг гал голомт байжээ. Цогчин дуганы үүдэнд өөд өөдөөсөө харсан 2 сүм байсан бөгөөд зүүн сүмийн урд “жинлүү” хэмээх хонх, баруун сүмийн өмнө “гүнлүү” хэмээх том хэнгэрэг байрлуулсан байжээ.

Эдгээрийг өглөө, үдшийн цагийг зарлах, дохио өгөх зэрэгт хэрэглэнэ. Сэрдэн хэмээх сүмд тус хийдийн эзэд Егүзэрийн шарилуудыг занданшуулж, шилэн хоргон дотор бунхалдаг байв. Гэсэр сүм нь Лаврин сүмийн ард байрлах ба түүний баруун зүүн талаар лам нарын хашаа байшин гэрүүд эгнэж, зүүн баруун өмнө талаар сүсэгтэн олон, ядуу ардын гэрүүд эгнэж байжээ.

Егүзэрийн хийд урьд нь Халхын сэцэн хан аймгийн “Өнө өглөгт” буюу “Энгэр мянгат” хийд хэмээн нэрлэгддэг байжээ. 1900 оны эхээр тус хийдийн тэргүүн нь Егүзэр хутагт Галсандаш байжээ. Тэрээр 1929 он хүртэл хийдэд эзэн сууж 30 насандаа Халхын 13 тамгатай хутагтын нэг болжээ. Егүзэр хутагт зүүн нутгийн ард түмний төлөө маш их зүйлийг хийж бүтээсэн байдаг. Алс холын аймаг хошуудаас хус, улиас, бургас авчран тариулж, газар хагалж тариалан эрхэлж байжээ. Буга согоо, тарвага, тагтаа авчран үржүүлж, улмаар тус хийдэд 21 зүйлийн амьтан бүхий хүрээлэн байгуулжээ. Егүзэр хутагт өөрөө илжигнээс эхлээд 50 гаруй толгой жижиг биетэй адууг Богдоос авчирч тэжээж байсан гэдэг. Нэхмэл хивс, цаас, шаазан ваарны үйлдвэрүүд хүртэл байгуулжээ.

ХЭНТИЙ АЙМАГ

1.Бурхан Халдун уул


Түүхийн эхэн үед Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан халдун гэсэн 13 нэр байдаг ажээ. Үүн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан халдун нэртэйгээ үлдсэн гэнэ. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад нь тайчууд дайлан ирсэн. Тэр үед Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаан хүрч очсон. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” гэсэн санааг дэвшүүлснээр албан ёсоор Бурхан халдун уул аль вэ гэдгийг тогтоожээ. 1992 онд 12 000 хавтгай дөрвөлжин километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож улсын хамгаалалтанд авчээ. Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм.

Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг. Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. Бурхан халдун уул нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. Анх 1818 оноос албан ёсоор тахилга үйлдэж байсан байна. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгыг нь сэргээжээ.

2.Балдан Бэрээвэн хийд


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт Мөнх-Өлзийт уулын өвөрт 1777 онд Цэвээндорж гэдэг монгол лам анх жижиг сүм бариулж Манзушир бурханы чулуун дүрийг бүтээлгэснээр суурь нь тавигджээ. Улмаар 5000-6000 ламтай Монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг болтлоо өсөж Монголын зүүн нутгийн ард түмний шашин соёлын төв болтлоо хөгжсөн байна.

“Билэг өлзийт” хэмээх Цогчин дуган нь 3 давхар, 30 х 30 метр өргөн, 12 метр өндөр, 64 баганатай, боржин чулуун суурьтай, байгалийн чулуугаар бүтээсэн ханатай, сүншгийн, сахиусны, номын, хурлын зэрэг бие даасан хэсгүүд болон гонхны өрөө тасалгаануудаас бүрдсэн Монголын хамгийн том уран барилга юм. Барайвун гэдэг нь санскрит хэлний дрэвун буюу “оргилсон будаа” гэсэн утгатай үг ажээ. Энэ нь Энэтхэг, Түвдийн Дрэвун хийдүүдтэй шууд холбоотой болохыг илтгэдэг. Балдан барайвун хийд Гэлүгва ёсон буюу шарын урсгалын хийд бөгөөд ид хөгжиж байх үедээ 4 сургууль дацантай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байжээ. 1900 оны үед тахал гарч лам нарын тэн хагас нь өртөж үрэгдсэн байна. 1930 оноос шашны эсрэг хэлмэгдүүлэлт эхлэх үед лам нарыг нь баривчилж, байшин барилгыг нь нураан шатааж, бурхан тахилуудыг нь хайлуулж Дэлхийн хоёрдугаар дайны бууны суманд хэрэглэжээ. Тэр цагаас хойш бараг 60 жилийн турш хийд рүү хөл хорьсон юм. 1990 онд цөөн тооны хэдэн лам нар Барайвун хийдэд эргэн ирж нутгийн ардуудтай хамтран жижиг модон дуган барьж хурал номыг нь сэргээжээ. Балдан барайвун хийдийн эргэн тойрон маш байгалийн үзэсгэлэнтэй бөгөөд хад чулуунуудад Очирваань, Жамсран, Ногоон дарь эх, Манзушир, Дамдинчойжоо, Цагаан дарь эх, Бурхан багш, Богд Зонхов, Соёмбо бэлгэдэл, Аюуш зэрэг бурхад, мөн маань мэгзэм зэргийг сийлэх, товойлгох зэргээр бүтээсэн байдаг нь өнөө үед шашин соёлын үнэт дурсгал болон үлджээ. Гэвч эдгээр бурхад нь ихээр сүйтгэгдсэн байдаг бөгөөд тэрхүү хэлмэгдүүлэлтийн бараан он жилүүдэд хэрхэн шашин соёлоо хайр найргүй устган эвдэж байсны гэрч болж байдаг. Цогчин дуганы баруун хойд талд “Эхийн умай” хэмээх сэнжин хад байх агаад хүрч очсон хүн эхээс төрөх, өлгийдүүлэх үйлдлийг хийгээд эцэст нь “хаан суудал” хэмээх хаданд залардаг. Цогчин дуганы урд талд “Ээж мод” хэмээх хадаг яндар бүхий саглагар мод бий. Энэ модонд хүмүүс мөргөж залбиран хүслээ даатгадаг заншилтай.

3.Чингисийн гэрэлт хөшөө


1961 оны хавар нэрт эрдэмтэн, улс төрч Д. Төмөр-Очирын санаачилгаар Намын төв хорооны Улс төрийн Товчооны шийдвэр гарч, уран барималч Л. Махбалын загвар, удирдлагаар Монголын их хаан Чингисийн аварга сүрлэг гэрэлт хөшөөг түүний мэндэлсэн Дадал сумын гурван нуурын дунд нуурын хойд дэнж дээр босгосон юм. Энэ хөшөөг барьж байгуулах нүсэр ажил өрнөж, нутгийн зөн олон эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн билээ.

Зөвхөн нэг жишээ хэлэхэд наян хоёр настай суга таягтай Жамъян гэдэг өвгөн өөрийн хэр чадлаасаа ахадсан гэмээр хоёр том чулууг явган үүрч гурван км газраас авчирч байв. Хөшөөний суурийн том том чулууг нар үзүүлэлгүйгээр газраас ухан гаргаж, тэр шөнөдөө тээвэрлэн авчраад мөн л харанхуйгаар ухсан нүхрүү хийдэг байв. Суурийн нүх нь ч хөшөөний өндөртэйгээ ижил 12м гүн, 9м урт, 5м өргөн байсан гэдэг. Хөшөө боссоноос хойш нэг их удалгүй Д. Төмөр-Очир, Л Махбал нар хэлмэгдэн ажил амьдралаа хохирсон юм. Төдөлгүй МАХН-ын Төв хорооноос хөшөөг буулгах үүргийг Дадал сумын намын үүрийн дарга Г.Цэрэндоржид өгчээ. Нутгийн зон олон хөшөө буулгахыг ил эсэргүүцсэн юм.Тэгээд их хааны хувь заяа түшиж Г.Цэрэндорж зориглон “буулгалаа” гэж худал мэдэгдсэнээр уг хөшөө тоонтон дээрээ үеийн үед сүндэрлэн үлдсэн түүх нь өдгөө домог болжээ.

1999 онд бид нутагтаа очоод байтал миний гуравхан настай ач охин хаанаас яаж мэдсэнийг бүү мэд Монголын хөшөө үзъе гэдэг юм байна.Би юун Монголын хөшөө билээ гэж гайхсанаа шуудхан Чингисийн хөшөө рүү очив. Ач маань хөшөө өөд эгцлэн харж чадахгүй айн сүрдэж байлаа. Тэгээд энэ монголын хөшөө мөн үү гэж асуухад мөн гэж хариулсан юм. Тиймээ өдгөө энэ хөшөө мянганы суут хүн, их хаан Чингисийн төдийгүй хамаг монголын билэгдэл болон сүндэрлэж байна.

4.Дэлүүн болдог

Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь “ Гурван нуур “ рашаан сувиллын орчимд байдаг . Монголын нэгдсэн улсыг үндэслэгч Чингис хааны төрсөн нутаг .

Одоо бидний Дэлүүн болдог хэмээн үзэж байгаа газарт нууур ус байгаагүй гэнэ. Харин одоо байгаа гурван нуурын дундахь нь Есүхэй баатрынх гэрийн буурь байсан Болдог толгой ажээ. Өүлэн хатан ууган хүүгээ энд төрүүлсэн гэнэ. Тэр хүү нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, бадриун биетэй агаад баруун гартаа шагайн чинээ нөж атган төржээ. Монголчууд нярайлсан эхэд хонины махаар шөл уулгаж тэнхрүүлдэг заншилтай боловч энэ удаа тэгж болохгүй байв. Сая төрсөн хүү нэгэнт гартаа нөж атгасан, бас морин жил, морин цагт мэндэлсэн тул яавч жирийн хүн биш нь тодорхой. Тэгээд Есүхэй баатар “ баатар хүү төрлөө” хэмээн их бэлэгшээж баярлаад тэмдэггүй шаргагч гүү гарган Өүлэн хатандаа шөл уулгажээ. Тэр гүүнийхээ дэлүүг газарт булж тайсан байна. Түүнээс хойш тэр газар нь Дэлүү булдаг буюу сунжирсаар Дэлүүн болдог нэртэй болсон юмсанжээ.

5.Хар зүрхний хөх нуур

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм.

Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх газар усны нэрүүд гардаг.

Нуурын эрэг дээр Чингис хааны мэдэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө байх бөгөөд түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэрийг байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжингийн сийлбэрийг байрлуулсан байна.

Хаадын сийлбэрийн өмнө тэдгээрийн Монголын төрийг барьж байхдаа бүтээсэн үйл хэрэг, тухайн үед тохиож байсан онцлох үйл явдлуудын талаархи англи, монгол хэл дээрх тайлбар бүхий самбарыг байрлуулан тавьжээ. Мөн гол хаалганы хоёр талаар Чингис хааны есөн өрлөг жанжны сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг.

6.Хэрлэнгийн хөдөө арал


Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх авч урсаад зүүн тийш эргэсэн их тохойд оршино. Зүүн талаараа Цэнхэрийн гол, хойд талаараа Ар цэнхэрийн ус / Сэнгүр горхи / – оор хязгаарлагдсан 4000 орчим ам дөрвөлжин км нутгийг эзэлсэн уул тал хөндий хосолсон хээрийн бүс нутаг. Энэ нутгийн ихэнх нь Дэлгэрхаан сумын нутагт байгаа бөгөөд 1962, 1998 онд Улсын нөөц газар болгожээ. Хэрлэнгийн хөдөө аралд Монголын нууц товчоо бичигдэж дууссан учир 750 жилийн ойгоор Чингисийн номын гэрэлт хөшөөг босгосон. Хэрлэнгийн Хөдөө арал бол монгол төрийн голомт нутаг бөгөөд энд үе үеийн хаад хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж төрийн хэргийг хэлэлцэн, хааны их орд, монголын анхны нийслэл, хожим хаадын онгон шүтээний төв удаан хугацаагаар төвлөрч байсан юм. Энд одоо улс аймаг, орон нутгийн хамгаалалтанд албан ёсоор орсон 10 гаруй дурсгалт газар бий байна.

7.Өглөгчийн хэрэм


Өглөгчийн хэрэм: Батширээт сумын төвөөс баруун урагш Баянгол, Өглөгчийн голын бэлчирт Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын амнаа чулууг шавар хаалтгүйгээр нямбайлан өрсөн хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ойролцоогоор 3м орчим өргөнтэй 2 хаалганы оромтой, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл хэрмийн ханын чулуун өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх ба бусад хэсгийг газрын хөрснөөс ялган харахад төвөгтэй болсон. Хэрмийн зузаан 2.5 м, ханын өндөр дунджаар 2.5-4.5 м, харин хамгийн өндөр хэсгээрээ 3.1 м хүрнэ. Хэрмийн дунд алсаас тод харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн ярьдаг. Хэрмийн дотор барилга байсан ул мөр байхгүй бөгөөд түүний дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэн XII-XIV зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан гэж үздэг.

8.Рашаан хад


Батширээт сумын нутаг, Биндэр уулын зүүн урдах хадтай хошууг Биндэрийн эрүү буюу Рашаан хад гэдэг. Энэ орчмоос палеолит, мезолит, неолитын чулуун зэвсгүүд, хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн буган хөшөө, булш, Хүннү, Кидан, Монголчуудын булш олонтой олддог. Рашаан хаднаа дээд палеолитын үеэс дундад зууны үе хүртэлх түүхийн олон үед хамаарах ан амьтан, хүний зургийг цоолборлож, зурж, овгийн хэдэн зууны тамгыг сийлж, орхон, кидан, араб-перс, хятад, төвд, монгол бичгээр хорь гаруй бичээс бичиж үлдээсэн ба орчинд нь малтлага хийхэд хөрсний бүтцэд дөрвөн соёлт давхарга байгааг илрүүлсэн байна.

Хаднаас зүүн тийш 950 м-т 195:30 см хэмжээтэй, дөрвөн талдаа бугын дүрстэй 2, дүрсгүй хоёр хөшөө байдаг. Хөшөөдийн эргэн тойоронд 12 том жижиг хиргисүүр булштай.

9.Дуурлиг нарсны Хүннүгийн булш

Адрага сумын урдах нарсан ойг Дуурлиг нарс гэх ба сумын төвөөс 1 км зайд модон дотор эртний Хүннүгийн үеийн 200 гаруй булшнууд дөрвөлжин болон дугуй хэлбэртэй чулуун Баян- дараастай өмнө талдаа үүдэвчтэй дунджаар 20-30 м, голчтой бөгөөд зарим нь 40:40 м хүртэл хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй ба эдгээрийг язгууртны булш бунхан гэж үздэг байна.

ТӨВ АЙМАГ

1.Манзушир хийд


Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино. Далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ.

XYIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ. 1760 онд Бадамын дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг барьж, Хангал, Цогчин, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мамба, Цанид, Жүд, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна. Эдгээр сүмүүд нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар утай” гэж алдаршжээ. XX зууны эхэн үе гэхэд 500 гаруй шавьтай, гавж аграмбын мяндгийг олгодог Монголын нэр нөлөөтэй том хийд болсон байна. 200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 онд нураан буулгах үед 21 барилга байгууламжтай байжээ. Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтанд авсан. Өдгөө Манзуширын хийдийн тууринд XYIII зууны сүүлчээр байгуулсан Манзушир бурхныг тахидаг байсан Зөөлөн эгшигт хэмээх их хийдийн үлдэгдэл байдаг. Мөн сүүлд сэргээгдсэн Манзушир хутагтын Сэрүүн лаврин хэмээх барилгыг музей болгон ашиглаж Богдхан уулын байгалийн материал ашиглан хийсэн гар урлалын үзмэр, ангийн үс, амьтдын чихмэл бүхий үзмэрийг дэлгэн үзүүлжээ. Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг. Нэг удаа 1000 хүний хоол бэлтгэж болдог энэ тогооны амсар нь 215 сантиметр, гүн нь 140 сантиметр, багтаамж нь 1800 литр, хүнд нь 2 тонн ажээ. 1000 хүний хоол бэлтгэхэд нэгмөсөн 2 шарын мах буюу 10 гаруй хонины махыг чанахад 4 тэрэг түлээ түлдэг байжээ.

2.Хустайн байгалийн цогцолборт газар


Хустайн Байгалийн Цогцолборт Газар (ХБЦГ) нь 2002 онд ЮНЕСKО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн.

ХБЦГ нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт, Улаанбаатар хотоос баруун тийш 70 орчим км-т, дорнод уртрагийн 105’ 40 – 106’ 37 , умард өргөргийн 47’ 35 – 47’ 52 т оршино.

Хустайн нуруу нь ургамал газарзүйн ангиллаар Монгол дагуурын дүүрэгт хамаарагдах бөгөөд монголын их хээр рүү түрж орсон ойт хээр боловч зарим газартаа элсэн оорцог толгодтой, тэнд нь говийн ургамал ургадаг, байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг юм. Үнэмлэхүй өндөр нь далайн түвшнээс 1100-1800м , хамгийн өндөр цэг Хустай ханы оргил Хөшөөт 1843 м, хамгийн нам цэг Тариатын булаг 1190 м. Жилд дундчаар 136,3-143,7 мм хур тунадас унана. Баян, Эхэн ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй уулын цэнгэг горхи, булагтай. Эдгээрийн олонх нь өвөл харзлана. Уулын нугат-ойн бараан хөрс, уулын хар шороон, хар хүрэн хөрс зонхилно. Хустайн нуруу, түүний ойр орчимд 65 овгийн 214 төрөлд хамаарагдах 450 гаруй зүйлийн гуурст ургамал ургана. Уул толгодын ар шилээр буур ботуул, ленийн ботуул, уулын хормой бэл, тэгшивтэр газраар шивээт болон морин хялгана, харвуул хялгана, хиаг, түнгэ зэрэг ургамал тодорхой бүлгэмдэл үүсгэн ургана. Бэлчээрийн зуны ургацын биомасс 6,8-22,4 ц/га, үүнээс аж ахуйн ургац 2,9-6,7 ц/га. Зарим уулын орой, ар шилээр хусан ойтой. Ойн нийт талбай 2080 га. Уулын энгэр ташлангаар боролж, бүйлс, тавилганы торлог, буриагуул боролзгоно, чаргайн торлог, үхэр харгана зэрэг бут сөөг ургадаг.

Хустайн нуруу нь бэлчээрийн ургац сайтай, ус булаг элбэгтэй, хад асга, ой мод зэрэг зэрлэг амьтан хоргодох нөхцөл сайн учир энд төрөл бүрийн ан амьтан элбэг. Халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, цагаан зээр, тахь адуу, аргаль хонь ,тарвага, дорго, саарал чоно, үнэг, хярс, мануул, шилүүс зэрэг 55 зүйл хөхтөн амьтан, хонин тоодог, хар өрөвтас, тогоруу , сойр, гангар хун, ятга шаазгай, начин шонхор, цармын бүргэд, нөмрөг тас зэрэг 223 зүйл шувуутай. Мөн судлаачдын тогтоосноор 400 гаруй зүйл шавьж бүртгэгдсэн байна.

3.Гүнжийн сүм


Гүнжийн сүм Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошууны нутаг буюу одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт буй.

Манж Чин улсаас 1696 онд Дархан Чин вангийн хошууны дээд өвөг Балдандоржийн хүү Дондовдоржид Энх-Амгалан хаан гүнжээ хатан болгон өгчээ. Үүнээс хойш уг хошууны ноён Манжийн эфү болсон юм. Дондовдорж ван Манж гүнжтэйгээ олон жил амьдарч хожим түүнийг нас барсан хойно Манжийн хааны зарлигаар Баруун баян хэмээх одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үзэсгэлэнт уулын энгэрт нэгэн сүм барьж, тэр сүмийн хүлэмжинд шарилыг нь оршуулжээ. Улмаар тус хошуунаас нэг хэсэг отог таслан уг сүмийг тахиулснаар тэднийг “сүмчин” отог хэмээн нэрлэж, сүмийг Гүнжийн сүм гэх болсон ажээ. Уг сүмийн лам нар нь хурал хурж, сүмээ тахин шүтэж, эрчүүд \харчууд\ нь сүмийн мал, тарианы ажлыг эрхэлж өөр алба үздэггүй дархан эрхтэй отог байв.

Гүнжийн сүмийн бүх эд хогшил, бусад зүйл цөм удтал хадгалагдаж байгаад 1938-1942 онд сүйтгэгджээ. Өдгөө зөвхөн хэрмэн дотрох гол сүм, гадна талын харгалзагчийн байшин, цамхаг, 1740 онд бариулсан Хичээнгүй Амирлангуй гүнжийн шарилын хөшөө зэрэг байгаа болно. 1949 онд Монголын Шинжлэх Ухааны хүрээлэн гүнжийн булшийн орчимд малтлага хийж газар дорх шарилын байшинг олжээ. Урьд өмнө нь тоногдсон булшнаас цагаан зандан авс, чулуун хайрцаг сэлт олджээ. Гүнжийн сүм нь XVIII зууны үеийн Монголын уран барилгын хийгээд Монголын эд өлгийн чухал дурсгал юм. Энэ дурсгалыг 1971 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 420-р тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ. 1990-ээд оноос тус сүмд ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Төв аймгийн орон нутгийг судлах музей тандалт судалгааг хийжээ.

4.Зоргол хайрхан уул


Зорголхайрхан уулын өндөр 1668 метр бөгөөд их хайрхантай холбоотой сонирхолтой мэдээллийг дуулгавал, Зорголхайрхан уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ.
– Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм.
Зорголхайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэнэ. Энэ цохиог нутгийнхан жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг наадам хийдэг уламжлалтай. Ялан¬¬гуяа хурдан морь¬той хүмүүс морио авчирч “хийморийг нь сэргээдэг” юм байна.
Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой ,монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг,онгон дагшин догшин уул билээ. Энд рашаантын ам гэж уул,ус мод,ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг.Энд бас уулын эгц уруу харайж байгаа морины дүрстэй хадыг үзэж болно. Нутгийнхан нь Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг. Эрт үед илээ дагуулсан нэг согоо тэр нутагт амьдардаг байжээ. Гэтэл чоно илийг нь хоол унданд явсан хойгуур нь хулгайлж барьчих гээд байв. Иймд эх согоо нь арга хайж, илээ чулуу болгон үлдээгээд, явж хоол унд олчихоод ирэхдээ дээрээс нь сүүгээ дусаан хуучин хэвд нь оруулж авдаг байжээ. Ингээд айх зүйлгүй амар тайван явах болов. Гэтэл нэг удаа хон хэрээ дээгүүр нь нисэхдээ илийнх нь дээр сүүдрээ тусгачихжээ. Эх согоо нь ирээд сүүгээ дусаан илээ босгох гэтэл хэрээний сүүдэрт бузартсан тул боссонгүй чулуу хэвээр үлдэв. Энэ нь одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан уул юмсанжээ.
Эрт урьд цагт хангай говийг дамнасан цасан шуурга болж, хандгай буга, зээр, гөрөөс цөм өмнө зүг туугдан урууджээ. Хамгийн эхэнд явсан бугын сүрэг нэгэн тал дээр зогссон нь Их газрын чулуу болж гэнэ. Дараагийн хэсэг буга зогссон нь Бага газрын чулуу гэнэ.
Ижил сүргээсээ улдаж хоцорсон ганц зоргол их ууртай байснаас Зоргол хайрхныг догшин Хамгийн сүүлд улдаж ядарсан ганц зоргол оцойсхийгээд зогсож хоцорсон нь Зорголхайрхан хайрхан хэмээн нэрийдсэн юм байна. … Нийслэл хүрээнд орж, гарах дөрвөн их өртөө зам байсны нэг нь Сонсголонгийн өртөө байжээ. өмнө зүгээс Манжийн хааны элч, түшмэл нар цөм Айдасын даваагаар гарч ирдэг бөгөөд энд Богд хааны төлөөний ноёд гэр, майхан барин угтан авч, цайлан ая тал засаж, тэр далимандаа хэрэг зоригийг мэдэн Сонсголонгийн өртөө рүү дамжуулдаг байжээ.
Манжийн элч төлөөлөгч голдуу айдас, хүйдэс төрүүлсэн мэдээтэй ирдэг байсан тул энэ давааг Айдасын даваа гэж нэрийдсэн байна.
Эрт цагт энэ нутагт амьдарч байсан Шижирбаатар гэгч сайн эр хоёр алтан гадасаар зэл татаад гүү барин зусаж байжээ.
Гэтэл нэгэн өдөр гүү сааж байсан хүн хувинтай сүүгээ унаган асгахдаа хайран юм гэж дуу алдсан нь Харийн нуур болон хувирсан гэх домогтой. Зэлний хоёр алтан гадас нь баруун, зүүн хоёр Алтан овоо гэгдэн нуурынхаа зүүхэнтээ болон нуурын баруун талд харгал¬даа харагддаг. Энэ нуурыг Ариун нуур, Хайран нуур, Харийн нуур, Хайрын нуур гэх мэтээр янз бүр нэрлэдэг
– 1202 оны намар Чингис хаан, хуурай эцэг Тоорил ханы хамт нэгэн намрыг өнгөрөөж, эцэг хүүгийн ёс барилдаж, андгай тангараг өргөсөн гэж “Монголын нууц товчоо”-нд энэ уулын тухай гардаг байна

5.Чингис хааны морьт хөшөө


Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг. Тус цогцолборын ерөнхий архитекторчоор Д.Эрдэнэбилэг ажилласан бөгөөд тус хөшөөт цогцолбор нь албан ёсоор 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийжээ. Монголчуудын соёлын нандин өв дурсгалын нэг болох Мэгжиджанрайсаг шүтээнийг дахин залснаас хойш яг 12 жилийн дараа дахин нэг агуу гайхамшигт түүх соёлын өвийг бүтээж хойч үедээ үлдээж байгаагаараа онцлог юм. Чингис хааны хөшөөт цогцолбор нь бүрэн цогцолж дуусах үед эргэн тойронд нь орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал бүхий 200 гэрүүд байгуулж, гольфын талбай, задгай театр, хиймэл нуур, спортын талбайнууд байгуулан 10 мянган мод тарих ажээ.

Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд 13 жилд нэг удаа энэхүү төмөр хуудсыг солих ажээ. Одоохондоо дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн том нь болсон байна. Чингис хаан 1177 онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Хэрэйдийн ван Тоорилд бараалхан булган дээлээ бэлэглэж тусламж эрээд буцаж харих замдаа энэхүү Цонжинболдог толгойгоос нэгэн ташуур олж байсан гэх домог бий. Монгол ёсонд эр хүн ташуур олох нь ерөөл бэлгэдэлтэй үйл явдал бөгөөд сайн учралын дохио хэмээн тайлдаг байна.

6.Тоньюукукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал

Түрэгийн гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Налайх хотоос зүүн тийш 15 км, Ар Жанчивлангийн сувиллаас баруун тийш 4 км зайд оршино.

1957 онд доктор Н.Сэр-Оджав Тоньюкукын бунхант булшийг өмнөх судалгаануудаас арай илүү өргөн хүрээтэй малтан шинжилжээ. Судалгааны үр дүнд битүү тоосгон шалтай, вааран дээвэртэй, нэг эгнээ өрсөн хөх тоосгон хана бүхий барилгын нуранги илэрчээ. Ханыг хар улаан, цагаан шаргал гэх мэт хурц өнгөөр будаж, барилгын баганан дээр өтгөн хөмсөгтэй, том алаг нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай хүний нүүрийг дүрсэлсэн байжээ. Дэрэвгэр амсартай, хавтгай ёроолтой цар маягтай ваар сав олон олдсоноос гадна гэрэлт хөшөөний орчимд дээл өмссөн, ур хийц нь харилцан адилгүй 9 ширхэг саарал боржин хүн чулуу байжээ. Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу (зэл чулуу, балбал чулуу гэх мэтээр нэрлэдэг) байрлуулсан байсан бөгөөд тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг.

Эртний түрэгүүд нас барагсдаа чандарлан оршуулахын зэрэгцээ тэдний сүнсийг амаржуулах зорилгоор тахилгын зан үйл үйлдэж, дараа нь эргэж байхаар тахилын онгоныг тусад нь байгуулдаг байжээ. Онгон нь нас барсан хүний язгуур гарал, зэрэг дэвээс нь шалтгаалан их, бага янз бүр байхаас гадна бүтэц, ур хийцийн хувьд өөр хоорондоо ялгаатай юм. Ерөнхий зохион байгуулалтын хувьд босоо чулуун хашлагатай дөрвөлжин булшийг байгуулж, түүний өмнө хүн чулуу байрлуулж, ойролцоох уулын бэл хүртэл олон чулууг босгосон байдаг. Ийнхүү чулуу босгодог учир нь уг хүнийг оршуулах болон тахиж тайх ёслолд оролцсон хүмүүс өөрийгөө төлөөлүүлж босгосон тэмдэг гэж үздэг.

Бунхант цогцолборт мэргэн Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа босгуулсан хоёр гэрэлт хөшөө бий. Нэгдүгээр хөшөө нь 170 см өндөр, 37 мөр бичээстэй, хоёрдугаар хөшөө нь 160 см өндөр, 25 мөр бичээстэй байдаг.

7.Цогт хунтайжийн дуутын хадны бичээс


Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт тайжийн бичигт хад нь тус сумын төвөөс урагш 20-иод километр зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт байдаг тэр хадыг нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг.Ийнхүү нэрийдэх болсон нь түүнээс ширмэн тогоо шиг дуу авиа гардаг байна.Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн гайхамшигт тогтоц юм.Тиймээс Халхын тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод харагддаг юм.
Долоон бадаг уг шүлгийн утгын цөм хэсэг нь Цогт тайжийн Халуут эгчээ дурсан шүлэглэсэн хэсэг юм.Цогтын хамгийн дотнын эгч нь холын овогтноо бэрд гаран одоход угаас улс төрийн хувьд ганцаардалд орсон байсан Цогт бүр ч ганцаардан эгчийгээ ихэд үгүйлдэг байсан гэдэг.Автай сайн ханы ач Бахарай хошуучийн хүү Цоохор Цогтын ганцаардах болсон шалтгаан нь Манжуудын Монголыг эзлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн Цахарын Лэгдэн хааны тэмцлийг Ар Монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байсанд оршино. Цогт тайжийн шүлгээс
Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Ахуй бие ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй
Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие өөр боловч
Идэх хүсэхийн сэтгэл агаар нэгэн буй
Цогт тайж \1581-1637\ түүхэн хүний хувьд ихээхэн зөрчилтэй хүн бөгөөд буддизмын улааны шашныг мандуулахын төлөө өөрийн биеийг зориулсан. Лигдэн хааныг манж нартай ид тэмцэж байх үед 4 түмэн цэрэг 100 мянган орчим хүн дагуулж халхаас гарчээ. 1632 онд Хөхнуурт Түмэдийн Алтан ханы ач Хулачийн нутгийг эзлэн тэнд суурьшин шарын шашныг дарангуйлан суужээ. Хүү Арслан тайж нь хэсэг цэрэг аван Төвдөд нэвтэрсэн боловч Далай ламын сургаалд орсон тул Цогт тайж өөрийн зарлигаар цаазалжээ. Далай ламын хүсэлтээр хошуудын Гүүш Төрбайх Хөхнуурт нэвтэрч халхын цэргийг бут цохиж Цогтыг хороосон.Зүүн зүгт манж нар хүчирхэгжиж Лигдэн хаан ганцаардаж байх эгзэгтэй үед өөрийн шашныг дэмжих гэж халхаас 10 түмэн хүн авч гарсан Цогт тайжийн хүсэл ийнхүү бүтээгүй байна

Г.МӨНХЦАЦРАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *