Categories
мэдээ цаг-үе

Монголыг эрчим хүчний экспортлогч болгох станцуудын бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ

Энэ сард хоёр ч цахилгаан станцад
хөрөнгө оруулах гэрээ зурагдсан нь ирэх жилүүдийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр
том шийдвэр байлаа. Урд хөршийн Далиан хотод болсон Дэлхийн эдийн засгийн зуны чуулга
уулзалтын үеэр Хятадын “Пауэрчайна ресурсес” компани Монголын Бөөрөлжүүтийн станцад
хөрөнгө оруулах сонирхлоо албан ёсоор баталгаажуулсан юм. Монголын талаас гэрээнд
гарын үсэг зурсан компани нь “Бодь интернэшнл”. Тэд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын
төсөлд хамтран хөрөнгө оруулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураад байна.
Ерөнхий сайд Эрчим хүчний сайдтайгаа оролцсон эдийн засгийн чуулганы үеэр гарын
үсэг зурцгаасан учраас Бөөрөлжүүтийн бүтээн байгуулалт нэг их саадгүйгээр өрнөх
болов уу гэж учир мэдэх улс хэлж байна. Яг ийм гэрээг “Могул пауэр” “Сэнко III”
компаниуд ч урд хөршид байгуулсан юм. Тэд Тэвшийн говийн цахилгаан станцыг хамтран
босгоно.

Тэвшийн станцын хөрөнгө оруулалтнэг
тэрбум ам.доллар

Тусгай зөвшөөрлөө авчихсан Тэвшийн
говийн цахилгаан станцын хүчин чадал нь 600 МВт. 150 МВт-ын дөрвөн блокоос бүрдэнэ.
Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордод түшиглэн барихаар төлөвлөж буй. Энэ орд Дундговь
аймгийн Сайнцагаан суманд оршдог. Тэвшийн говийн цахилгаан станц Мандалговиос баруун
хойд зүгт 25 км зайд баригдах юм билээ. Төв, зүүн болон өмнөд бүсэд шинээр нэмэгдэх
уул уурхай, аж үйлдвэрийн төвүүдийн эрчим хүчний хэрэглээг хангах зорилготой гэж
төсөл хэрэгжүүлэгчид онцолж байгаа. Тодруулж хэлбэл Улаанбаатар, Сайншандын аж үйлдвэрийн
цогцолбор, томоохон уурхайнуудад эрчим хүч нийлүүлэх боломжтой. Төвийн эрчим хүчний
системтэй зэрэгцээ ажиллана. Жилд хамгийн ихдээ 4016 сая кВт/ц цахилгаан нийлүүлэх
боломжтой.

Хөрөнгө оруулалт нь нэг тэрбум ам.доллараар
хэмжигдэх юм билээ. Дөрвөн жил хамтран ажиллаж байж хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны
гэрээг зураад байгаа нь энэ. Хөрөнгө оруулалтын ажил удахгүй эхэлнэ гэдгийг хэрэгжүүлэгч
компаниудын зүгээс албан ёсоор илэрхийлээд байгаа.

“Могул пауэр”-ын тухайд
АНУ-ын “Firebird” сангийн салбарын хөрөнгө оруулалттай Монгол компани.
“Firebird” сан Америкийн Нью-Йорк хотод төвтэй. Энэ сангийн үүсгэн
байгуулсан хөрөнгө оруулалтын хоёр сан “Могул пауэр”-ыг санхүүжүүлдэг
юм. “Firebird” сан 2006 оноос манай улсад ажиллаж эхэлсэн. Монголын Хөрөнгийн бирж
дээр ажиллаж байгаа гадаадын том хөрөнгө оруулагч. Хятадын төрийн өмчит “SEPCO
III” корпорацитай Тэвшийн говийн цахилгаан станцын төслийн хэрэгжүүлэлт, санхүүжүүлэлт
дээр хамтран ажиллахаар ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг өмнө онцолсон.

Хөрөнгө оруулагчдын нэг SEPCO
III корпораци 1985 онд байгуулагдсан олон улсын эрчим хүчний төслийн контрактор.
Урд хөршийн эрчим хүчний барилгын тэргүүлэх корпораци “Power China”-гийн охин
компани. “Power China”-гийн хувьд олон оронд эрчим хүчний барилга байгууламж барьсан туршлагатай.
Хий, нүүрсний цахилгаан станц, салхи, нарны эрчим хүч гэж ирээд яривал эрчим хүч
талаасаа их өргөн хүрээнд ажилладаг. Эрчим хүчний барилга байгууламжийг чанарын
өндөр түвшинд барьж байгуулдаг гэж үнэлэгддэг. Хоёр жилийн өмнө гэхэд олон улсад
33500 МВт хүчин чадлын ажил хийжээ. 2013 оны статистикийг харахад 13.5 тэрбум юанийн
орлоготой ажилласан юм билээ. Ам.долларт шилжүүлбэл хоёр тэрбум гаруй ногооны орлоготой
ажилласан гэсэн үг. “SEPCO III” корпорацийн дэд ерөнхийлөгч Жанг Хонгсонг “Бээжинд
болсон Азийн орнуудын APEC уулзалтын үеэр Монголын УИХ-ын дарга
З.Энхболд, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар энэ сэдвийг хөндөж ярилцсан” гэж онцолсон
нь бий. Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг үзэглэх үеэр гэрчээр оролцсон
Хятадад суугаа элчин сайд Ц.Сүхбаатар ч “Монгол Улсын Засгийн газар энэ төслийг
дэмжиж байгаа” гэж засгийн байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр Тэвшийн говийн цахилгаан
станц төсөл бодлогын дэмжлэгтэй хэрэгжинэ гэсэн үг.

Бөөрөлжүүтийн бүтээн байгуулалт ирэх онд
эхэлнэ

Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан
станцын төслийн хөрөнгө оруулалт мөн л нэг тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэж байгаа.
Гучаад жил хэрэгжих төсөл. Хүчин чадал нь 600 МВт. Станцын бүтээн байгуулалтын явцад
70 км урттай хоёр хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг
татна. Жилд гурван сая тонн нүүрс олборлох уурхай барих төлөвлөгөө бий. Бөөрөлжүүтийн
цахилгаан станц Улаанбаатар хотоос 120 км зайд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт
орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордын дэргэд баригдана. Улаанбаатар-Чойрын төмөр
замаас 24 км зайд орших энэ орд 10 гаруй тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй.

Газар зүйн байршлын хувьд дэд бүтэцдээ
ойрхон, уул уурхай олборлолтын таатай нөхцөлтэй гэх мэт давуу талууд бий. Ийм давуу
талуудтай учраас хямд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлэх бүрэн боломжтой гэж
мэргэжилтнүүд онцолдог. Станцын барилгын ажлыг 2016 онд эхлүүлнэ гэж төлөвлөжээ.
Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төвийн эрчим хүчний системд нийлүүлэх хугацаагаа
2019 он гэж товложээ. 2019 оноос жилд 1.6 тэрбум кВт-цаг цахилгаан
үйлдвэрлэх бол 2022 оноос 3.2 тэрбум кВт-цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх
нь.

Энэ станцад хөрөнгө оруулах сонирхлоо
илэрхийлээд ажиллаж байгаа “Пауэрчайна ресурсес”-ийн хувьд
Хятадын төрийн өмчит “Пауэрчайна” корпорацийн гадаадад хөрөнгө оруулалт хийх эрхтэй
салбар компани. “Пауэрчайна” цахилгаан станц барих өндөр туршлагатай. Хятадын усан
цахилгаан станцын нийт хүчин чадлын 70 хувь, дулааны цахилгаан станцын 48.7 хувийг
дангаараа хийж гүйцэтгэсэн компани. Дэлхийн 71 улсад ажилладаг 148 салбар нь нийлээд
728 төсөл хэрэгжүүлсэн, ажилтных нь тоо 200 мянга давсан аварга компани. Төсөл,
төлөвлөлт, судалгаа, барилга угсралт, дэд бүтэц, усан цахилгаан станц, дулааны цахилгаан
станц, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан дамжуулах шугам, хөрөнгө оруулалтын чиглэлээр
ажилладаг. Хамтран ажиллах “Бодь интернэшнл”-ийн хувьд ч дутахааргүй туршлагатай.
Хориод жилийн турш банк санхүү, хэвлэл мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн удирдлага,
барилга угсралт, барилгын удирдлага, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүчний
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай улсын томоохон компаниудын нэг.

“Цэцэнс Майнинг энд энержи” компани
энэ төслийн судалгааны ажлыг 2011 оноос эхлүүлсэн түүхтэй. Инженер геологи, гидрогеологи,
байгаль орчин, техник эдийн засгийн иж бүрэн, цогц судалгааг нь дэлхийд гэж яригддаг
Германы RWE, БНСУ-ын Samsung Engineering зэрэг компаниудтай хамтран гүйцэтгэж байв.
Станцын судалгааны ажил дуусч, ТЭЗҮ, зураг төслийн ажил нь бэлэн болж, зөвшөөрлөө
авсан гэсэн давуу талуудтай.

Бөөрөлжүүт, Тэвшийн говийн дулааны
цахилгаан станцууд ашиглалтад орвол гаднаас цахилгаан авахгүйгээр дотоодын хэрэглээгээ
бүрэн хангах боломж нээгдэнэ гэсэн олзуурхал бий. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ урагш
нь экспортолж мөнгө олох боломж ч бүрдэнэ. Урд хөршийн томоохон компаниудтай хамтран
хэрэгжүүлэх учраас дажгүй үнээр эрчим хүчээ худалдаад амьдрах бүрэн боломж байгаа.

Эдийн засаг тэлэх хэрээр эрчим хүчний
хэрэглээ өсч таарна. 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээ 510 дахин өснө гэсэн таамаг
тооцоо дуулддаг. Энэ салбарт цөөнгүй том төслүүд яригддаг ч хөрөнгө оруулалтын асуудлаас
болоод хэрэгжихгүй цаг алдаж байгаа. Бөөрөлжүүт, Тэвшийн говийн станцын хувьд хөрөнгө
оруулалт нь тодорхой болно гэдэг том давуу тал.

Дэлхийн эрчим хүчний балансын багагүй
хувь нь 2030 он гэхэд Зүүн хойд Азид төвлөрөх таамаг тооцоо бий. Энэ бүсэд хэрэглээний
том орон зай байгааг баталсан иймэрхүү тооцоо өчнөөн дуулддаг. Монголын хувьд
173.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс нарийвчилсан хайгуулаар батлагдсан нь
23.5 тэрбум тонн гэдэг. Энэ бол 2015 оны тооцоо. Тэгэхээр бидэнд Бөөрөлжүүт, Тэвшийн
говь шиг нүүрсний томоохон ордууддаа түшиглэсэн дулааны цахилгаан станц барьж дэлхийн
том хэрэглэгч Ази руу үйлдвэрлэсэн эрчим хүчээ зарах бүрэн бололцоо байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *