Бид “Монгол хэмээх
нэгэн нэр дэлхийн чихнээ
дуурсгалтай” хэмээн омогших
дуртай. Сонсоход үнэхээр
чихэнд наалдсан сайхан үг.
Зөвхөн монголоороо байж
гэмээнэ бид дэлхийд үлдэнэ,
Чингис хаан дахин төрөхөд
бид дэлхийн цээжинд гарна
гэж сайрхдаг. Энэ бол аугаа
монголчуудын бардам эхэмсэг
хийгээд төрөлхийн чанар.
Намайг цаашлаад Монголыг
мэддэггүй юм аа гэхэд Чингис
хаанаар андахгүй дээ гэж
омойтно. Хүү төрвөл баруун
гартаа шагайн чинээ нөж
атгаж төрлөө гэх нь холгүй
хөөрцөглөнө.
Олон улсын томоохон
судалгааны байгууллага
“Монгол Улсыг та мэдэх үү”
гэсэн асуулга явуулахад
судалгаанд оролцогчдын 80
хувь нь “огт мэдэхгүй” гэсэн
хариулт өгсөн байна лээ.
“Мэднэ” гэж хариулсан 20
хувь бидний хэлж заншсанаар
Өвөр монгол буюу Өмнөд
Монголыг гэж боддог гэсэн
байна. Чингисийн удмын хаад,
Оюу толгой, Таван толгой,
улстөрчид, тамирчдаараа
дэлхийн хэмжээнд танигдаж
чадаагүй л явна. Зарим
яруу найрагч нь “Дэлхийд
хуцна” гэсэн ном гаргаад
ч энүүхэн хавьдаа хуцаж
байх жишээтэй. Тиймээс
Монголынхоо нэрийг гаргая
гэвэл Чингис хаан гэхээсээ
илүү фэйсбүүк, твиттер,
инстаграм ч юмуу, нэг олны
сонирхлыг татах ганц сайн
аппликейшн бүтээдэг болъё.
Өмсөж зүүдэг хувцасны ганц
сайн брэндтэй болох цаг
болж. “Самсунг” гэхэд БНСУ
гэж дэлхий мэдэж байна шүү
дээ. Хөлбөмбөгч Зидан гээд
ярингуут Францын тухай яриа
хөвөрдөг. Ийм л болмоор
байна.
Дэлхийн улс гүрнүүдийн
энэ өрсөлдөөн дунд танигдах
хэрэгтэй. Үндсэн хуультай,
хилтэй, хууль дэг журамтай,
ардчилсан, иргэн бүр нь
эрх чөлөөтэй, хийхээс илүү
шүүмжлэхийг урьтал болгодог
монголчуудыг Өмнөд
Монгол гэж эндүүрдэг энэ
20 хувь дотроо дуусах нь.
Монголыг дэлхий танихгүй
байна. Дэлхийд Монголоо
таниулсаны дараа цээжээ
дэлдэх цаг харамгүй гарна,
бидэнд. Бид Конго, Белиз,
Гамби, Габон гээд ярихаар
“Ийм улс байдаг юм уу” гэж
ярьдаг. Эдгээр улсуудад
очоод “Монгол” гэж ярьвал
Конго, Белиз, Гамби, Габон
улсын иргэд “Ийм улс байдаг
юм уу” гэж гайхна шүү.
Э.ЭНХБОЛД