Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголыг бүтээлцсэн эрхмүүд: Х.Чойбалсан

Х.Чойбалсан, маршал Г.К.Жуковын хамт

Монголыг бүтээлцсэн эрхмүүдийг тоочвол хэдэн зууныг дамнан нэрлэх нь тодорхой. Энэ удаад хорьдугаар зууны эхнээс өнөөдрийг хүртэлх Монголыг бүтээлцсэн эрхмүүдээс онцолъё. Улс төр, эдийн засаг, оюун санааны олон удирдагчид, нөлөө үзүүлсэн олон хүн төрж гарсан байна. Тэднээс “Өдрийн сонин”-ы редакци Хорлоогийн Чойбалсанг онцолж байна. Хорьдугаар зуунд Монгол Улсыг авч явахын тулд Х.Чойбалсан гэдэг хүн ямархан замнал туулж, ямар үүрэг гүйцэтгэснийг уншигчдадаа хүргэхийг зорилоо.

Х.Чойбалсан ямар ч алдаа дутагдалтай байсан хорьдугаар зуунд Монголыг бүтээлцсэн, дараагийн үедээ авчралцсан хүний нэг бол мөн. Түүний төрж өссөн орчин, хүүхэд насны адал явдал, зөнгөрдүүхэн өссөн өсвөр нас, хувьсгалын үйл хэрэгт дагалдан орсон залуу халуун нас бүгдийг нэг өгүүлбэрээр хүргэе гэвэл, “Х.Чойбалсан хүүхэд насандаа нэг их сайн сайхныг үзээгүй, хатуу хөтүүг туулсан, залуудаа эмх цэгц муутай, овоо муу гар байжээ” л гэж хэлэх юм.

Түүний төрж өссөн Санбэйсийн хүрээ буюу одоогийн Чойбалсан хот бол тухайн үедээ Монголын зүүн хязгаарын хилийн боомт, өнөөдрийнхөөр бол Замын-Үүд гэж болно. Залгаа Манжуур, Хайлаар, Харбин, бүр цаашлаад урт хөлийн хүмүүст Мүгдэн хүртэл нээлттэй. Хойшоо Алс Дорнодын Бүгд найрамдах улстай хил залгаж байв (Хорьдугаар зууны эхэн үеийнхээр шүү дээ). Санбэйсийн хүрээнд тухайн үед Оросын зургаан пүүс байсан гээд бод. Энэ бол тэр үедээ их тоо. Хятадын пүүс бол түүнээс их. Ийм их хөлийн газарт эсэн бусын үйл явдал олон хүнд хэрэгтэй бүх үйлчилгээ байсан. Биеэ үнэлэгчид ч байсныг зарим эх сурвалжууд бичжээ.

Ийм их хөлийн газрын захад Х.Чойбалсан төрсөн байдаг юм. Энэ үеийнх нь талаар Баабарын бүтээлд бий. Санбэйсийн хүрээнд шавилж суух маягтай байсан Х.Чойбалсан гэртээ нэг удаа очиж ирээд нэг ч хонолгүй Нийслэл хүрээ рүү сургаар төдий, баруун тийш гэсэн чиг баримжаатай, өөрөөсөө ялимгүй ах Яринпил гэж найзтайгаа нийлж аван тэмээ жин бараадан явган нүцгэн дүрвэсэн хүн юм. Энд нэг зүйлийг онцлоход түүний эх Хорлоо бол Санбэйсийн хүрээгээр ирж очсон хөдөлгөөнтэй эмэгтэй байсан талаар нутгийнхны хууч ярианууд бий.

Энэ тухай их тухлан бичвээс буруудаж, мушгих баримтууд үлдсэн байдаг болохоор ээжийнх нь, ах дүү нарынх нь талаар судлаачдын бичиж үлдээснээс хэтрэх хэрэггүй бизээ. Ёс зүйгүй хэрэг болно. Шулуухан хэлэхэд Х.Чойбалсан ингээд дүрвээд явчих хэмжээний хэнэггүй, айх эмээх хүнгүй, ар гэрийн анхаарал сайнгүй, “хүнд гар” өсч байсан нь үнэн юм. Арван хэдтэй хүүхэд алс зүүн хязгаараас Хүрээ рүү гараад алхана гэдэг нэлээн том толгой байсны наад захын нотолгоо юм. Өнөөдрийн ойлголтоор бол хараа хяналтгүй гудамжны хүүхдүүдийн үйлдэл.

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар

Түүнд Хүрээ хотод таних хүн байтугай, төсөөлөл ч байгаагүй. Түүний Хүрээнд хүртэл явсан аялал бол тэр чигээрээ адал явдал. Дөхөж ирэнгүүтээ мань эр дагаж явсан тэмээн жингийнхээ нөхдөөс бултчихсан байдаг юм. Мэдээж нөгөө Яринпилтэйгээ. Огт өөр зүгээс Нийслэл хүрээнд орж ирээд хэсэгтээ тэнэмлээр амьдарсныг та бүхэн уншсан байх. Уншаагүй бол уншаарай. Бага насных нь энэхүү зөнгөр амьдралын зах зухаас дурдсанаар юу хэлэх гээд байна гэхээр Монголын нэгэн үеийн удирдагч Х.Чойбалсан бол ийм л хүнд нөхцөлд хүүхэд насаа үдсэн, баргын зүйлд сэтгэл санаагаар унаад байхааргүй болчихсон нөхөр юмаа гэдгийг л хэлэх гэсэн юм. Сонирхуулахад Х.Чойбалсан чинь басчиг хоншоортой эр. Зүүн хязгаараас явган нүцгэн хамтдаа ирсэн Яринпилээ сүүлд сүрхий өөд нь татаж, 1940-өөд оны үед өнөө Яринпил нь Хоршоодын төв зөвлөлийн орлогч дарга хүртэл хийж байсан байдаг юм. Энэ маягаараа мань эр хуучин нөхдөө хаядаггүй шинжтэй байж. Яринпил түүний талаар сүүлд юу ярьдаг байсныг саяхан хүртэл амьд байсан УТТ-ны гишүүн Рагчаа гуай надад ярьж өгнө гэсээр амжилгүй өөд болсонд одоо харамсаж явах юм даа. Учир нь Рагчаа дарга нэг хэсэг тэр Хоршоодын төв зөвлөл гэдэгт нь Яринпилтэй хамт ажиллаж байсан юм билээ. Х.Чойбалсангийн хүүхэд нас, тэнэмэл борог амьдралыг ганц мэдэх хүн нь Яринпил л байсан байх. Бод л доо, тэр хоёр өнөөдрийн Дорнод аймгаас Улаанбаатар хот хүртэл 700 км замыг явган туулсан, өлссөн, цангасан, айсан… юу эсийг үзсэн байхав. Нэг цагийн монголчуудад эцэг болон хайрлагдсан гэх энэ хүний юу ярьдаг хүүхэд байсныг хэлэх ганц гэрч нь Яринпил байсан болов уу. Мань хоёр хамтдаа дүрвэхээсээ өмнө Санбэйсийн хүрээнд ном үзэж байхдаа гадуур тэнэж, зодоон хийж, хулигаан царайлсан, холбоотой хоёр бяруу шиг юмнууд явсан гэдэг юм. Өнөөдөр Яринпилийн үр сад гэж байх л ёстой.

Нийслэл хүрээний гудманд ирсэн Х.Чойбалсан, түүний өөр нэр хаяг, сургуульд хэрхэн хамрагдсан… гээд олон олон намтрыг та бүхэн Баабарын бүтээлээс олоод үзчих боломжтой. Тийм болохоор энэ үеийг нь алгасаад хувьсгалын үйл хэрэг рүү нь ойртуулж ярья. Тухайн үед Монголд ирж, буцаж байсан гадны эх сурвалжуудын Оросод, Европт, тэр бүү хэл Америкт хүртэл хэвлүүлсэн ном, товхимлуудаас харахад тэдний дийлэнх нь Данзангийн туслах Сүхбаатар, Бодоогийн шавь Чойбалсан /зарим эх сурвалжид Бодоогийн дүү ч гэсэн байдаг юм/ гэж л дурдагдаад байдгийг одоо олон хүн мэдэх болжээ. Ер нь бол гол дүрүүд нь Бодоо, Данзан хоёр л байдаг юм. Манай хоёр сайн эр бол ерөнхийдөө гар хөлийнх нь үзүүрт зарагддаг ч юм уу, Сүхбаатар бол хар багаасаа дайн тулаан үзчихсэн учраас Данзангийн бие хамгаалагч гэж хүртэл бичигдсэн. Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож эхэлсэн үеэс Х.Чойбалсангийн гарцаагүй дотны найз нь Д.Сүхбаатар байсан бололтой. Хувьсгалч нөхөд нь бүгдээрээ тэр хоёроос хамаагүй ах хүмүүс. Юун дээр ч байсан хамгийн түрүүнд тэднийг “Алив та хоёр” гэдэг байсан бололтой. Мэдээж сүүлдээ хувьсгалын үйл явц хүчээ авч 1921 он гарахад тэдэн дундаа залуу халуун Х.Чойбалсан, Д.Сүхбаатар хоёрын үүрэг оролцоо нэмэгдэж, цөөхүүлээ байсан хоёр бүлгэмийн нөхөд тэр хоёрт ажил оноож эхэлсэн. Энэ хэрээр нөхдүүд дуу хоолойгоо гаргаж эхэлсэн нь лавтай. Гэхдээ энэ хоёрын хэн нь ч Бодоо, Данзан хоёрыг амьд байх хүртэл тэдний нөлөөнөөс гараагүй юм. Юу хэлнэ түүнийг нь л дагаж байсан. Ардын хувьсгалын толгойлогчдын явж суух бүрт Д.Сүхбаатар, Х.Чойбалсан хоёр бараа болж байсны нэг явалтаар мань хоёр Эрхүүд үлдэж нэлээн хэдэн сар хамтдаа амьдарсан нь тэднийг ихэд дотно болгосон байдаг. Хувьсгал ялснаас хойш тэдний харилцаа холдоогүй, харинчиг нийслэл хүрээндээ бяцхан “од” болчихсон тэр хоёрыг аль ч зээл дээр хүмүүс таньдаг, аль ч ший янгуу, хятад хоолны газарт ширээ засдаг болчихсон байлаа. Хорин хэдхэн насандаа таван замын байлдаанд цөс ихтэй оролцож, алдар нэрийг олчихсон Д.Сүхбаатар нь сүрхий давилуун, хурц тод нэгэн байсныг тэдэнтэй ойр явсан партизан өвгөд нэлээн ярьж үлдээсэн нь монголын радиогийн фондод бохир бичлэгээрээ хадгалагдан буй гэж төрийн шагналт зохиолч З.Дорж өнгөрөхийнхөө өмнөхөн ярьж байсан билээ. Тэдгээр ардын хувьсгалын партизануудын дуртгал яриа нь 100 хувь үзэл суртлын засвартайгаар нийгэмд хүрсэн нь тодорхой. Тэрнээс яг бодитой ярианы хуурцгуудад бол Д.Сүхбаатар, Х.Чойбалсан хоёр хувьсгалд яаж оролцож байсан, ямар яриа, үйлдэлтэй хүмүүс байсныг партизан өвгөд хээ шаагүй ярьсан гэж Зундуйн Дорж ярьсан юм. Зохиолчийн ярианаас Дарьзав гэж партизаны Х.Чойбалсан, Д.Сүхбаатар хоёрын талаар их сонин зүйлс ярьсныг тэр чигээр нь радиогийн фондод хадгалуулжээ. Түүнийг олж сонсвол их сонин юм байдаг гэсэн. Зах зухаас нь хүргэхэд партизан Дарьзав гуай хэсэгтээ Д.Сүхбаатарын морин жолооч хийж, нэг хашаанд айл хүртэл байсан юм билээ. Түүний ярьснаар “Нэг удаа Сүхбаатар, Чойбалсан хоёр хэдэн өдөр шөнө Хүрээгээр галгиулж, архи дарс, авгай хүүхэн эргүүлж, Сүх нь баахан мөрийтэй тоглоом эргүүлсэн юм шиг байна. Чойбалсан нь Сүхийнхээ дэргэд тоглоом наадгайнаас хол хөндий, харин ууж идэх, хүүхэн эргүүлэх талдаа явсан юмдагуудаа. Ингэж хэсэгтээ гэрээсээ гадуур таваргасан мань хоёр Сүхбаатарын гэрт давхиад иржээ. Сүхийн архи сайн гараагүй. Гэртээ ортол Янжмаа хүүгээ тэвэрчихсэн /хүү нь одоо энэ Галсан/ тачигнаад угтжээ. Тэгсэн Сүх өөдөөс нь сөрж элдэв үг хэлэн Янжмаа руу сандал авч шидээд, Чойбалсан бид хоёр хорьж зогсоосон юм. Тэр оройдоо Янжмаа хүүгээ аваад Амгалан руу хэдэн саалийн үнээтэй намаржиж байсан аавынх руугаа явчихсан. Чойбалсан хойноос нь очиж гуйгаад нэмэр болсонгүй хэд хонолоо. Сүүлдээ Сүхбаатар намайг аавынх руу нь явуулдаг болсон. Нэлээн хэд хоносны дараа Сүхбаатар, Чойбалсан бид гурав хамт очиж буулт хийж байж Янжмааг хүүтэй нь гэрт нь буцааж авчирч байлаа. Сүхийнхээ дэргэд Чойбалсан дөлгөөн хүн, түүнийхээ аяыг харах талдаа явдаг байсан” хэмээн ярьсан нь өнөөдөр архивт бий ажээ. Энэ мэтчилэн хөндлөнгийн, түүнтэй хамт 1921 оны үеийн үйл хэрэгт мөр зэрэгцэж явсан партизануудын эх бичлэгүүдийг одоо радиогийн фондоос эрж хайвал Х.Чойбалсангийн судалгаанд нэг ахиц гарч мэдэх юм билээ.

Ингэж бантагнуулж явсан хоёр залуугийн амьдралд ах нарынх нь хооронд бий болсон толхилцоон хүчтэй нөлөөлж эхэлсэн юм. Бодоо, Данзан хоёрын тэмцэл нь хурцдаж улмаар Бодоо Ерөнхий сайдаасаа огцрон хөдөө мал маллах болжээ. Ийм нөхцөлд Х.Чойбалсан хүнд байдалд оров. Данзангийн зүгээс Бодоог үнэнхүү буланд аваачсан байдаг. Х.Чойбалсангийн хувьд ганц итгэл найдвар нь Данзангийн итгэлт хүн, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар анд нь байжээ. Яг л өнөөдрийн улс төрийн явуурга ялгаагүй 100 жилийн өмнөх тэр өдрүүдэд болсон. Хүнд байдалд орсон анд нөхөр Х.Чойбалсандаа томилолт өгч тухайн үеийн Цэргийн яамны түшмэл Хувагийн хамт Зөвлөлт Орос улсын Гадаад явдлын ардын комиссариаттай уулзаж ажил хөөцөлдөх үүргийг Д.Сүхбаатар санаачлан гүйцэлдүүлжээ. Ер нь бол тэр үед Д.Сүхбаатар түүний аминд орсоор байгаад дууссан юм. Х.Чойбалсан буцаж ирээд хэн ч биш болж хөдөө гарсан багш Бодоогийндоо очиж хоносон нь бас л өөртөө “гай” дуудсан байдаг. Удалгүй Бодоо, түүний дотны нөхөр Чагдаржав, Дотоод явдлын яамны сайд асан Пунцагдорж нарыг баривчлан цаазлан хороов. Чойбалсангийн амь нас дахиад л дээсэн дөрөөн дээр очлоо. Түүнийг Бүх цэргийн жанжны орлогчоос хусч, намын орлогч гишүүн болгов. Ахиад нэг барьцаа чангаруулахад түүнийг үхлийн ял хүлээж байсан юм. Ийм ээдрээтэй үед Данзангийн баруун гар, ихээхэн эрх мэдэл бүхий байсан Д.Сүхбаатар амжиж анд нөхөр Х.Чойбалсангаа алс зүүн хязгаар, өөрийнх нь төрсөн нутаг Дорнодод Хязгаарын ба орон нутгийн цэргийг байцаах түшмэлийн орон тоо буй болгон томилжээ. Тэгж явуулахдаа Д.Сүхбаатар “Чи тэнд хэсэгтээ нам гүм сууж бай” гэж захьсан байдаг. Энэ мэтээс харахад Х.Чойбалсан сүүлд энэ улсын “хаан” болохдоо Д.Сүхбаатарын ар гэр болох эхнэр Янжмаа, хүү Галсан хоёрыг нь байнга халамжилж, анхаарч, Янжмааг өндөр албан тушаалд тавьж байсан нь хүнд үед амийг нь аварч байсан анд нөхрийнхөө ачийг санаж явсантай холбоотой бизээ. Х.Чойбалсан амралтынхаа зарим өдрөөр Янжмаагийнд очиж цай ууж, хууч хөөрөлддөг байсныг олон хүн гэрчилдэг юм.

Х.Чойбалсангийн өргөмөл хүү Нэргүй нь үнэн хэрэгтээ түүний жинхэнэ хүүхэд байсан гэдэг нь энэхүү Д.Сүхбаатарын амийг нь аварсан томилгоотой холбож зүүн хязгаарт нэгэн эмэгтэйтэй холбоотой байгаад үлдсэн хүүхэд гэж ярьдаг. Зарим эх сурвалжууд бол бүр сүүлд Монголын удирдагч болсон хойноо Дорнодод ажлаар очихдоо нэг шөнө Дорнодын дотоод хамгаалах газрын даргын эхнэртэй явдал ургуулснаас үлдсэн хүүхэд, түүнийгээ хожим мэдээд өөр дээрээ өргөж авсан ч гэдэг юм. Аль нь ч байсан түүний өргөмөл ганц хүү Нэргүй бол Х.Чойбалсангийн мах цусны тасархай мөн байх өндөр магадлалтай юм билээ.

Ийнхүү зүүн хязгаарт цэргийн түшмэл төдий амиа хоохойлж байсан Х.Чойбалсан удалгүй ирээд дараа нь Оросод сургуульд жил орчим явжээ. Түүний хувьд 1924 оны орчим бол өнөөдрийн хэллэгээр их улс төрдөө эргэн ирэх боломж нээгдсэн гэж болно. Тухайн онд Данзанг дайсан болгох ажилд дуртайяа идэвхийлж, багшийнхаа өшөөг авсан гэж шулуухан хэлж болно. Ингээд цааш гангараад явчих юм бодтол санасандаа хүртэл эрх мэдэл, нөлөөтэй байж чадаагүй юм. Бүх цэргийн жанжны алба нь сонсоход сүртэй ч симбол шинжтэй, байж байгаа бараа нь сайхан төдий байсан нь түүний хувь зан чанар, амьдралын буруу зуршил, лидер байх хэмжээнд өөрийгөө харуулж чадахгүй байсантай холбоотой болов уу гэж харагддаг.

Ер нь бол түүний Монголын нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, эхэнд хэлснээр Монголыг сайнтай, муутай нь бүтээлцсэн замналыг 1929 оны феодалын хөрөнгө хураах комиссын даргаар ажилласнаас эхлэн түүчээлж хармаар санагддаг. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг хэмээн хүссэн хүсээгүй оноон нэрлэгдсэн түүнийг нэгэнт л Д.Бодоотой нь хамт цаазлаагүйгээс хойш төр засгийн тогоонд зохих ажил, үүрэгтэй явуулж байхаас өөр арга байгаагүй юм шиг байна. Тэгээд ч 1929 он хүртэлх хугацаанд Монгол улс нь Зөвлөлт Орос улсын нөлөөнд харьцангуй бага автсан, өөрсдийнхөөрөө шийдвэр гаргаж байсан үе болохоор тэрбээр өгсөн албыг нь мөрөөрөө хашаад явж байх боломжтой байсан юм билээ. Х.Чойбалсангийн хэн болохыг харьцангуй сайн гадарлах тэр үеийн монголын удирдагчид түүнийг богинохон хугацаанд УБХ-ын дарга болгож нэг туршаад, боломгүй болохоор нь ГЯЯ-ны сайдаар хэдэн сар тавьж үзээд, тэгснээ бүр доош нь хийж музейн эрхлэгч ч болгож байх шиг. Тэгснээ Мал, тариалангийн яамны сайд болгоод. Энэ бүх өдрүүдэд тэрбээр хувь амьдралдаа өөдтэй байгаагүй юм. Архи ууж, авгай хүүхэнтэй орооцолдож, гэхдээ хөл алдчихгүй явсаар л байв. Ер нь тэрбээр 1930-аад он хүртэл тийм нэг дампуу эр л амьдарсан юм. Гэвч түүнийг их юм хүлээж байсан юм билээ…


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *