“Mongolia Gold 2018” чуулган, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны бүх гишүүдийн V хурал Корпорейт конвейшнд энэ сарын 15,16-нд болж байна.
Чуулганыг Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн биржтэй хамтран зохион байгуулж байгаа аж.
Тус холбоо нь 2013 оны нэгдүгээр сард салбарын эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчдийн санаачилгаар үүсгэн байгуулагджээ. Өнөөдрийн байдлаар гишүүдийн тоо 80-д хүрч, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байгаа гэнэ.
Хоёр дахь удаагаа болж буй уг хурал нь алтнысалбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг төртэй холбох гүүр болохын зэрэгцээ, алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдэхэд гарц хайх зорилготойгоор болж байна. Чуулганы эхний өдөр “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны бүх гишүүдийн хурал болох ба энэхүү хуралдаанд УУХҮЯ, БОАЖЯ, Сангийн яам, АМГТГ, Хөгжлийн банк, МХЕГ зэрэг төрийн байгууллагуудын удирдах албаны хүмүүс оролцож, АЛТ -2 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх мөн цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх “Санамж бичиг”-үүдийг байгуулав. Тодруулбал Mongolia gold 2018 арга хэмжээнд алтны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг, олон улсын, хүндтэй Sakthi Trading group, Kaloti Precious Metals, байгууллагууд оролцож танилцуулга хийхээс гадна, Хятадын Алтны холбоо, Канадын Outetec зэрэг олон улсын байгууллагууд Монголын алт үйлдвэрлэгчийн холбоотой хамтран ажиллах эхлэлээ тавьж, санамж бичиг байгуулав.
Хурлын дундуур хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны бизнес уулзалтууд зохион байгуулагдаж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Хөгжлийн Банк болон Голомт банкнаас санхүүжилтийг хэрхэн авах, шаардлага хангасан банкны ТЭЗҮ-ийг хэрхэн боловсруулах, МБОМХ-ноос нөхөн сэргээлтийн шилдэг туршлагын талаар сургалт, зөвлөгөөг өгч байлаа.
Алтны салбарынхан “Нэлээдгүй ажлыг төр засагтай хамтран хэрэгжүүлсний үр дүнд жилдээ гурван тонн хүрэхгүй байсан алт олборлолт 2017 оны байдлаар 20 тоннд хүрч, алтны салбарт ойрын арван жил тохиогоогүй өсөлт боллоо” хэмээн онцолж байв.
Дотоодын алт олборлогчдыг гадаад түншүүдтэй холбох уг хуралд гадаадын таван улсаас хөрөнгө оруулагч болон технологийн компаниудын төлөөлөгч нар оролцож байгаа гэнэ. Мөн хурлын хоёр өдөр алтны төслүүдэд хөрөнгө оруулалтыг татах зорилгоор бизнес уулзалтууд зохион байгуулагдаж, дэлхийн дэвшилтэт техник, технологи , алтны геологи хайгуул, туршилт судалгаа, санхүүжилтийн илтгэлүүд тавигдахын байна. Түүнчлэн гадаад, дотоодын 26 компани үзэсгэлэнгээ гаргах ажээ.