Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд уран олборлож, цөмийн цахилгаан станц барих нь зөв үү? DNN.mn

Энэ өвөл бид эрчим хүчтэй байж чадах уу. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон оронд тэр дундаа, Европын орнуудад энэ өвөл эрчим хүчний хямрал нүүрлэж болзошгүй байна. Үүнээс үүдэн эрчим хүчний түүхий эдүүдийн эрэлт өсөж байна. Үүний нэг нь уран юм.

Ураны ханш олон улсын зах зээлд өсч байна. Хамгийн сүүлийн байдлаар нэг фунт буюу 450 орчим грамм ураны ханш 48 ам.долларт хүрчээ. Ураны эрэлт өсөж буйгаас ханш нь ийн дээшилж буй.Олон улсын цөмийн ассоциацийн тооцоогоор ураны эрэлт ирэх 20 жилд 160 хувиар өсөх төлөвтэй.

Уран бол цөмийн эрчим хүчний гол түүхий эд. Одоогоор дэлхийн 32 улсад 438 цөмийн цахилгаан станц ажиллаж байгаа. Эдгээр цөмийн цахилгаан станц дэлхийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэж байна. Ингээд зогсохгүй улс орнууд дахиад ч цөмийн реакторууд барьж байна. 2022 оны байдлаар дэлхий дахинд 56 цөмийн цахилгаан станц шинээр баригдаж байна.

Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээр АНУ, Франц, ОХУ, Хятад зэрэг улс тэргүүлж байна. Ялангуяа Хятад, ОХУ сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчинд онцгой анхаарч байна. Одоогоор БНХАУ-д 53, ОХУ-д 37 цөмийн цахилгаан станц ажиллаж байгаа бөгөөд энэ хоёр улс дахиад ч шинэ эх үүсвэрүүд барьж байгуулсаар байна. Хятад улс гэхэд хамгийн олон буюу 17 цөмийн цахилгаан станцыг шинээр барьж буй бол ОХУ дөрвийг байгуулж байгаа аж.

Бид эрчим хүч худалдаж авдаг энэ хоёр улс эрчим хүчний найдвартай байдалдаа яаж анхаарч, хүчин чадлаа хэрхэн тэлж буйг уншигч та харж байгаа байх. Гэтэл ураны нөөцтэй гэгддэг Монгол Улс эрчим хүчээ дотоодоосоо хангаж ч чадахгүй хоёр хөрш улсаасаа худалдан авсаар л байна.

Фүкүшимагийн цахилгаан станцын сүйрлээс үүдэн дэлхий дахин нэг хэсэг цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан нь үнэн. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд цаашлаад өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд эргээд цөмийн эх үүсвэрийг барьж байгуулж байна. Цөмийн цахилгаан станц нь нүүрс төрөгчийн ялгаруулалтаараа усан цахилгаан станцын дараа орох байгаль орчинд хохирол багатай эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог. Мөн нэг кг цэвэр уран нь 1000 тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний эрчим хүч ялгаруулдаг байна. Герман улс хаахаар төлөвлөж байсан цөмийн цахилгаан станцуудаа үргэлжлүүлэн ажиллуулах гэж байгаа бол Япон цөмийн станцуудаа дахин нээхээр болсон байна.

Дэлхийн чиг хандлага цөмийн эрчим хүч рүү чиглэж байгаа энэ үед Монгол Улсад нөхцөл байдал ямар байна вэ. Уран, цөмийн цахилгаан станц бол яах аргагүйМонголын нийгмийн маргаан дагуулсан сэдвийн нэг. Магадгүй бидний мэддэг юм шиг хэрнээ огт мэддэггүй сэдэв ч байж болох юм.


ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал, доктор, профессор Б.Бат-Эрдэнэ

Уран нь элементийнхээ хувьд хүний эрүүл мэнд, байгаль орчинд урт хугацаанд хадгалагдаж, задардаг хортой элемент мөн. Гэхдээ үүнийг тэр чигээр нь хор гэж ойлгох нь утгагүй. Үнэндээ могойн хор гэсэн ч хүний биед хортой. Гэхдээ бид үүнийг эрүүл мэндийн салбарт ашиглаж байна. Үүнтэй адил уран гэдэг бодисыг эрчим хүчний салбарт ашиглах нь зүйтэй. Юмаас айж зугтахаасаа илүү яаж тэр аюулыг байхгүй болгох вэ гэдэгт анхаарах ёстой. Тийм учраас атомын цахилгаан станцын нийт ашиглалтын зардлын 70-80 хувь нь аюулгүй ажиллагааг хангахад зарцуулагддаг. Атомын станцыг байгуулах нь зүйтэй. Гэхдээ аюулгүй байдлыг ньмаш сайн тооцох ёстой. Юмыг эсэргүүцээд байх амархан.Мэргэжлийн бус хүмүүс зарим улсуудын тоглоом болж энэ төрлийн үйл ажиллагааг эсэргүүцэж, шантаажилдаг юм болов уу гэж боддог.

Эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур

Монголчууд бид атомын цахилгаан станцыг ашиглаад эрчим хүч гаргах нь зөв. Ингэж хөгжөөсэй гэж бодож байна. Дэлхий дээр цөмийн эрчим хүчийг хамгийн их хэрэглэж байгаа улс бол Франц. Франц улс нийт цахилгааныхаа 71 хувийг атомын цахилгаан станцаас гаргаж байна. Харин Украин улс 54 хувийг, Армени улс нийт эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг атомын цахилгаан станцаас гарган авч байна. Атомын цахилгаан станцад сул тал бий. Гэхдээ тэр сул тал нь давуу талаасаа бага. Давуу талыг нь ашиглаад атомын цахилгаан станцыг барьж болно.

Эрдэмтэн судлаачдын тооцоогоор Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т ордог гэсэн мэдээлэл бий. Харин албаныхны мэдээллээр 2020 оны байдлаар Монгол Улсын тогтоогдоод байгаа ураны нөөц нь 192 мянган тонн.Энэ нөөц цаашид өсөх боломжтой гэж судлаачид хэлж байна.

Монгол Улс “Алсын хараа 2050” хөтөлбөрт “2041-2050 онд ураны нөөцөө ашиглан хамгийн найдвартай, аюулгүй цөмийн станц байгуулна гэж тусгасан.Монгол Улсад олон улсын болон төрийн хөрөнгө оруулалттай ураны төслүүд хэрэгжиж байгаа. Гэхдээ эдгээр төсөл бодлогын гэхээсээ илүү хэсэг бүлэг хүмүүсийн улмаас удаашрах хандлага ажиглагддаг.

Монгол Улсад ураны салбарыг хөгжүүлэх, түүнийг ашиглан цөмийн эрчим хүч үйлдвэрлэх нь зөв үү. Янз бүрийн хүмүүсийн тайлбар, маргаанаас илүү цөмийн эрчим хүчний талаарх дэлхий нийтийн нөхцөл байдлыг тандхүргэлээ. Улс орнууд цөмийн эрчим хүчийг яаж хөгжүүлж байгааг, нөгөө талд бид айсаар суугаад ямар байдалтай байгааг та харсан байх. Дүгнэлтийг уншигч танд үлдээе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *