Энэ жил Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан хоршоологчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаанд нийт 140 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцон өөрсдийн бүтээсэн үндэсний бараа бүтээгдэхүүнээ иргэдэд сурталчлан таниулж, худалдан борлуулж байгаа юм. Мөн хамтын хөдөлмөрөөрөө нэгдсэн 30 орчим хоршоо оролцож байна.
Засгийн газрын зүгээс цар тахлын амаргүй нөхцөл байдалд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийгээ дэмжиж, дөрвөн өдрийн турш түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгосон бол нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэлээ сонгож, эх оронч худалдан авалт хийх иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа. Мишээл экспо төвд болж буй тус үзэсгэлэн худалдаа өнөөдрийг /2021.12.19/ дуустал үргэлжлэх тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийгээ дэмжихийг уриалж байна.