Минж нутагшуулах, үржүүлэх төвийн ажилчид болон минжээс коронавирус илэрсэн тухай мэдээлэл цацагдаад байсан билээ. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өгчээ. Тэрээр “Минжээс коронавирусийн дельта хувилбарын вирус илэрсэн. Одоогоор нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтнаас халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. Амьтанд шинжилгээ хийхдээ хүнтэй адил хамрын салстаас сорьц авдаг” гэжээ.
Коронавирус нь олон төрөл, зүйлийн амьтанд өвчин үүсгэдэг. 2002 онд Хятад улсад SARS-CoV нь махчдын багийн муур хэлбэртэн болох Сивэт муур /civet cat/ хэмээх амьтнаас хүнд халдварласан бол 2012 онд MERS-CoV Саудын Араб улсад нэг бөхт тэмээнээс хүнд халдварласан. Коронавирус нь ихэнхдээ амьтанд түүний дотор сарьсан багваахай болон тэмээнд халдварладаг вирус боловч эдгээр амьтдаас хүнд халдварлаж өвчлөлийг үүсгэж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бэлтгэсэн зөвлөмжид дурджээ.
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ-өөс:
- Тэжээвэр амьтдаа тэврэх, арчлах, хооллохын өмнө болон дараа гараа сайтар угаах эсвэл халдваргүйжүүлэх
- Амьтад халдварт өртөхөөс сэргийлж, гэрийн эзэн, амьтан маллагч амны хаалт тогтмол зүүх
- Үүр, хэвтэр, хоолны сав зэргийг тогтмол цэвэрлэж, угаах, ялгадас хог хаягдлыг халдваргүйжүүлэх
- Амьтанд ханиадны шинж тэмдэг болон хоолонд дургүй болох, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн газар, ЗӨСҮТ-д хандах
- Өөрт шинж тэмдэг илэрсэн эсвэл халдвар авсан бол өөрийгөө тусгаарлахыг зөвлөв.