Categories
мэдээ цаг-үе

Монголд хөрөнгө оруулах шинэ боломж харсан ЛИВАН ЭР

Монголд хөрөнгө оруулагчид ихэвчлэн уул уурхай руу шуурдаг. Харин “Танайд өнжье” булангийн маань зочин ливан эр Монголд хөрөнгө оруулах, бизнес эрхлэх арай өөр боломжийг харжээ. Тэр Улаанбаатарт ливан үндэсний тансаг зэрэглэлийн ресторан, түргэн хоолны сүлжээ, Америкийн синнабон нарийн боовны сүлжээг ажиллуулдаг юм байна. “Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд Монголд маш том боломж бий. Уул уурхайг дагасан хөрөнгө оруулалт ихсэх бүрт дагаад хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зах зээл өргөжнө. Тийм боломжийг харсан учраас Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа” гэж тэрбээр яриан дундаа онцолсон нь содон байв.

Бүгд Найрамдах Ливан Улсад суух Монгол Улсын Өргөмжит консул Мохаммед Айтанитай хамт нэг өдрийг өнгөрөөлөө. Баасан гаригийн өглөө гэрт нь уулзахаар товлосны дагуу очиход костюмоо өмсөөд цэмцийтэл суучихаж. Тансаг зэрэглэлийн хоёр өрөө орон сууцанд тун цэмцгэр амьдардаг бололтой. Гал тогоо, ширээний комьютер, зурагт, ор, хувцасны шүүгээ, уулзалтын ширээнээс өөр тавилгагүй. Хүн амьдарч, оролддог юм уу гэмээр эмх цэгцтэй юм. “Танайхан гэртээ ч ийм албаны байдалтай байдаг юм уу. Эсвэл та ажилдаа гарах гэж байв уу” гэж яриа өдвөл “Хамтрагч маань “Монголын хамгийн том сонины сэтгүүлчид очиж сурвалжлага хийнэ” гэж хэлсэн болохоор өглөөнөөс хойш ингэж суулаа (өмссөн хувцас руугаа заав). Танай улсад Ливан улсынхаа нүүр царай болж байгаа хүн учраас бэлтгэлтэй байх ёстой” гэв.

Ливаны баячууд Монголыг сонирхож байгаа гэв

Ойрхи Дорнодын орнуудын нэг Ливаныг газар нутгийн хэмжээгээр дэлхийн хамгийн жижиг орон гэж нэвтэрхий тольд онцолсон байдаг юм билээ. Газар нутгийн хэмжээ нь 10452 кв.метр. Хэдийгээр газар нутаг багатай ч үзэсгэлэнт байгаль, цаг уурын таатай нөхцөл, дэд бүтэц, аж үйлдвэр ихээхэн хөгжсөн, сүүлийн хэдэн жил үсрэнгүй хөгжиж байгаа зэргээр нь аялагчид “Дорнын Швейцарь”, нийслэл Бейрутыг нь “Бага Парис” гэцгээдэг юм билээ. Бас Израйл, Сири, Палестин, Иран гээд бүс нутгийн өрсөлдөөний талбар болж ирсэн улс гэдгээрээ болгоомжилмоор ч юм шиг. Гэхдээ л хүн төрөлхтний сониуч, адал явдал руу хошуурдаг төрөлхийн зан энэ улсын аялал жуулчлалаараа хөгжихөд нөлөөлдөг байх. Ливан-Сирийн хилийн зурвас газарт очиход л 1980-аад оны дайн тулааныг туулаад өнгөрөх мэт болдог гэнэ лээ. Ливан талаарх энэ зэргийн төсөөллөө бататгах санаатай Мохаммедын гэрийг тойруулж нэг харав. Ханан дээр далайн зураг байхаар нь “Танай нутаг уу” гэж лавлатал “Энэ байрыг авахад л байсан. Хаанахын нутаг гэдгийг мэдэхгүй. Би Монгол, Ливаны дунд ирж очин байдаг учраас зураг, дурсгал байхгүй л дээ” гэж хэнэггүй царай гаргах юм. Тэднийд байгаа ганц сувинер нь Ленин, Сталин, Гитлер гурвын толгойн баримал. Тэрэлжид очиход зарж л байдаг эд дээ. Мохаммедынхаас Ливаны талаарх зураг хөрөг, дурсгалын зүйлс олж харахгүйгээс хойш хоёр орны харилцаа ямар түвшинд байдаг, Ливанд Монголыг төлөөлж суудаг хүний үүрэг юу вэ гэхчилэн асууж гарлаа. Ливан Монголын харилцаа 1998 оноос эхтэй. Түүнээс хойш хоёр орныг төлөөлөх Өргөмжит консул томилж иржээ. Ливанд манай улсын хоёр эмэгтэй амьдардаг юм байна. Хориод жилийн өмнө очсон тэд ливан иргэнтэй сууж тэндэхийн иргэншилтэй болжээ. Зах зээлийн эхэн үед наймаа хийж яваад тэнд очиж төвхнөсөн юм уу даа. Тэд одоогоор гэртээ хүүхдээ харж байгаа гэж Мохаммед ярьсан юм.

Мохаммед хоёр жилийн өмнө Ливан Улсад суух Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон аж. Тэрбээр Ливанд бизнес эрхэлдэг, олон улсад хөрөнгө оруулж байсан туршлагатай. Тиймээс ч хөрөнгө оруулалтыг Монголд татах, жуулчдад зуучлах, Ливан дахь Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээжээ. Ливаны баячууд жуулчлах дуртай. Тиймээс Монголыг тэдэнд танилцуулж, жуулчдыг татахын тулд багагүй ажил хийж байгаагаа хэллээ. Энэ сарын дундуур Ливанаас найман сэтгүүлч Монголд ирж жуулчдад зориулсан сэтгүүл хийх гэж байгааг тэрбээр сонирхуулж ярилаа. Мохаммедыг томилогдсноос хойш Ливаны долоон иргэн Монголд бизнес эрхэлж байгаа аж. Тэд барилга, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт түлхүү хөрөнгө оруулж байгааг Мохаммед онцоллоо. Жижиг, дунд бизнесийн салбарт хөрөнгө оруулах нь ливан хүний онцлог, давуу тал гэхэд болно. Учир нь ливан хоол дэлхийд алдартай. Ливаныг хоол нь илтгэдэг гэхэд хэтийдсэн болохгүй. Тэр улсын соёл, онцлог, давуу тал хоолоор нь илэрдэг гэх юм билээ. Тиймээс аль ч улсад ливан хоолны газар нээхэд ашгаа өгдөг. Барилга, дэд бүтцийн салбарын стандарт бүс нутагтаа өндөр. Тиймээс ч ливанчууд барилгын салбарт өрсөлдөх давуу талтай гэж өөрсдийгөө үздэг аж. Энэ утгаараа Монголд хөрөнгө оруулахаар, бизнес эрхлэхээр ирсэн долоон ливан иргэнд барилга, хоол үйлдвэрлэлийн салбар хамгийн ойр бас өгөөжтэй харагдсан бололтой юм.

Жижиг газар нутагтай, хөгжиж буй энэ орны иргэд гадаадад хөрөнгө оруулалт хийх боломж байдаг эсэхэд эргэлзэж лавлаж асуувал “Ливан өөрөө 4.2 сая иргэнтэй. Харин гадаад улсад маш олон ливан иргэн амьдарч байгаа. Бразильд гэхэд найман сая ливан амьдарч байна. Бүх улсын ливан иргэд өөрийн гэсэн бизнестэй байдаг. Ливаны баян цагаачид эх орон руугаа маш их мөнгө явуулдаг. Манай улсын банкны салбар маш их хөгжсөн. Дэлхийн номер нэг баян эр Ливаны иргэн. Мексикт амьдардаг ливан иргэн хөрөнгөөрөө Билл Гейтсийг ч ардаа орхисон. Энэ бол ливанчууд гадаад улсуудад амжилттай бизнес эрхэлж байгаагийн жишээ” гэж ярилаа. Ливаныг Арабын ертөнцийн санхүү-банкны нийслэл гэж тооцоолдог, зарим нь “Дорнын Швейцарь” гэж нэрлэдэг нь ч үүнтэй холбоотой бололтой юм. Дотооддоо хөдөө аж ахуйн салбар нь түлхүү хөгжсөн. Усан үзэм, оливын тос нь олон улсад алдартай гэнэ. “Зах зээлийн хямралд Ливан өртөөгүй. Манайхыг дайн байлдаантай гэж төсөөлдөг ч тийм биш. Эрчимтэй хөгжиж байгаа. Иргэдийн 30 хувь нь баян. Дээр нь гадаадад байгаа ливанчуудаас маш их мөнгө ирдэг” гэж Мохаммед ярилаа. Мөн саяхан далайд газ, газрын тос маш их хэмжээгээр илэрсэн. Энэ нь манай улсын ирээдүйг сайхнаар харагдуулж байгаа гэсэн юм. Гэхдээ Ливаны баячууд Монголд хөрөнгө оруулах нь маш том боломж гэж харж байгааг тэрбээр онцоллоо. Энэ тухайгаа “Монголын зах зээл маш хурдан, хүчтэй хөгжих боломжтой. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын өрсөлдөөн байхгүй” гэж харж байгаагаа ярьсан юм. Гадаадын хөрөнгө оруулагчид манай хууль тогтоомж ойлгомжгүй, өөрчлөгддөг гэж шүүмжилдэг бол Мохаммед “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөхөд асуудалгүй. Хуулийн дагуу ажиллахад саад байхгүйг гурван жил ажиллахдаа мэдэрч байна” гэж ярив.

Ийн ярих зуур Мохаммед биднийг дайлахаар болж гал тогоо руугаа явав. Өөрөө бараг хоол хийдэггүй гэдгээ учирлаж, хөргөгчөө онгойлгоход араб бичигтэй, нэг удаа чанах зориулалттай шөл харагдана. Гэртээ очихоороо хайрцаг, хайрцгаар нь ийм шөл аваад ирдэг гэнэ. Түүнийгээ ливан шөл гэж тайлбарлана. Костюм өмсчихсөн, албаны байдалтай угтсан эрхмээр шөл чануулах эвгүй байсан учраас эелдэгээр татгалзахад жимс, ундаа тэргүүтнээр дайлснаар яриагаа цааш үргэлжлүүлэх болов.

Мохаммед Монголтой холбогдсон түүх

“Та араб хүн үү” гэж асуухад Мохаммед “Үгүй. Цэвэр ливан хүн. Ливан хүмүүс гэр бүлсэг байдгаараа монголчуудтай төстэй” гэж ярилаа. Мохаммедын гэр бүл буюу Айтанийнхан 15 орчим мянгуулаа гэж ярихдаа ихэд бахархалтай байгаа бололтой. Айтанигийн гэр бүл Ливандаа хамгийн том, алдартай юм байна. Манайхаар бол нэг ургийнхан юм уу даа. Айтанигийн гэр бүлийнхнээс арав гаруй жилийн турш Ливаны Засгийн газарт ажиллаж байжээ. Мохаммед өөрөө 11 жилийн турш манайхаар дүүргийн Засаг даргаар ажилласан гэнэ. Тиймээс ливанчууд өөрийг нь андахгүй гэж тайлбарлалаа. Бас олон улсад бизнес эрхэлж байсан, улсынхаа баячуудын тоонд ордог болох нь ярианаас нь ажиглагдав.

Мохаммедийнх гурван охинтой. Эхнэр нь гоо сайханч мэргэжилтэй. Одоогоор хүүхдээ харж байгаа гэнэ. Том охин Данна нь Ливанд Америкийн их сургуульд суралцдаг. Дунд охин Сара нь ахлах сургуульд, бага охин Тала нь зургаан настай, хоёрдугаар анги. “Ер нь Ливанд эмэгтэйчүүд ихэвчлэн хүүхдээ хараад гэртээ суудаг юм уу” гэж лавлавал “Арабын улсуудтай холбож ингэж асууж байх шиг байна. Манайд эмэгтэйчүүд эрчүүдтэй эрх тэгш, адилхан л ажил хийдэг. Парламентад ч эмэгтэй гишүүд бий. Шүүгч, өмгөөлөгч гээд салбар бүрт эмэгтэйчүүд ажилладаг” гэж тайлбарласан юм.

2010 онд Ливанд жуулчилж очсон монгол эмэгтэйтэй танилцаж, Монголд хөрөнгө оруулах талаар ярилцжээ. Улмаар 2011 онд Монголд анх ирэхэд асар том боломж байгаа нь мэдрэгдсэн гэнэ. Тэр жилдээ хоёр ливан, нэг монгол түнштэйгээ хамтран “Седарс” толгой компаниа байгуулжээ. “Седарс” толгой компани дор барилгын “Седарс Партнерс”, “Анагсархиа”, “Жем Фоунтайн” компани, хүнсний “Седарс Фүүд Энд Бэвэрэж”, “Эмбаси Хаус”, “Султан Махал групп” ажилладаг юм байна.

Ливан хоолны “Em­bassy HouseLebaneseRestaurant”-ны тухай

Мохаммедынхаас гарч ливан хоолны ресторанд нь зочлохоор явлаа. Зам зуур компанийнх нь нэрийн талаар сонирхож явав. Учир нь Седар бол Ливаныг олон улсад таниулдаг алдартай мөнх наст ногоон хуш мод. Улсынх нь далбаан дээр зураг нь ч бий. Зөвхөн Ливанд л ургадаг Седар үнэр, гоо үзэсгэлэнгээрээ жуулчдыг татдаг гэнэ лээ. Нэг ёсондоо энэ улсын бахархал. Гадаадад бизнес эрхэлдэг ливанчууд компанийнхаа нэрэнд заавал шахам Седар гэсэн үг оруулдаг бололтой юм. Мохаммедын компани ч “Седар” гэсэн толгой нэртэй. Мохаммед эх орноосоо хоёр седар авчирсан ч Монголд ургаагүй гэнэ лээ. Седарынхаа тухай ярихад ливан эрийн нүд сэргээд явчихав. Үнэр гэж гайхамшигтай л гэнэ, мөнх настай л гэнэ. Бас гайхамшигтай үзэсгэлэнтэй гэх аж.

Бид ийн ярилцсаар олны нэрлэж заншсанаар Элчингүүдийн хороололд байдаг “Embassy Tower”-ийн нэгдүгээр давхарт “Embassy House Lebanese Restaurant”-нд очлоо. Ливан үндэсний тансаг зэрэглэлийн ресторан нь энэ жилээс үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Эхэндээ гадаадын жуулчид ихэвчлэн үйлчлүүлдэг байсан бол саяхнаас монголчууд орох нь ихэсчээ. Нэг талаараа нууцлагдмал гэмээр байрлалтай юм. Тиймээс улстөрчид, бизнесменүүд албан бус яриагаа хийх гэж үйлчлүүлдэг тухай үйлчлэгч нь цухас дурдсан. Рестораны тохижилт нь тун сайхан болжээ. Ливан улсыг илтгэх эд зүйлийг хайж, эргэн тойрныг ажиглахад шиша буюу усан тамхины суурь нүдэнд туслаа. Эднийх зуны улиралд гаднаа усан тамхи татах саравч засдаг гэнэ. Харин өвлийн улиралд гадна татах боломжгүй. Дотор Тамхины хууль зөрчих учраас үзүүлэн маягаар байрлуулжээ. Ширээ бүр дээр шилэнд савласан оливын тос, хуурсан буурцаг тавьчихаж. Рестораны хоолны цэс үзвэл махтай голдуу хоол харагдана. Үнийг нь сонирхвол 10-25 орчим мянган төгрөг ажээ. Эднийд ливаны мэргэжлийн тогооч Камил Эссу ажилладаг. Туслах тогооч, зөөгч, үйлчлэгчид нь монголчууд. Камил Эссу ливан үндэсний хоолны цуглуулгаараа дайлж байгаа бололтой. Хамгийн түрүүнд таваг дүүрэн ливан талх авчираад тавьчихлаа. Ливан талх гэдэг нь манайхаар жигнэсэн гамбир юм. Түүн дээрээ хоммус түрхэж иддэг гэнэ. Хоммус нь чанаж нухсан вандуйг гүнждийн үрийн нухаш, оливын тос, лимоны шүүс, сармисаар амталсан нухаш. Амт нь үнэхээр өвөрмөц юм билээ. Ер нь ливан хоолнууд исгэлэн талдаа. Гол амтлагч нь лимон, оливын тос бололтой юм. Гэхдээ манайхан шиг маханд дуртай хүмүүст тун таатай хоол санагдсан. Шинэ ногоон саладанд нь өнөөх ливан талхаа хуураад хийчихсэн бололтой. Амталсан мах, гурилд ороож бяслагаар амталсан мах гээд л махан хоол ихтэй. Харин будаа харагдахгүй юм билээ. Олон улсад ливан үндэсний хоол жимс, ногоог түлхүү ашигладаг эрүүл хоолны тоонд ордог гэнэ лээ. Зөвхөн ливан хоолонд л хэрэглэдэг амтлагч, оливын тос, буурцаг зэргээ Ливанаас авчруулдаг талаараа ярьсан.

Хоол идэх зуурт ус, цай, ундаагаар үйлчлэх янзгүй. Учрыг лавлавал Моххамед “Манайхан ус, ундаа уухгүйгээр хоолловол их хоол иднэ гэж ярьдаг. Тиймээс ч хоол идэхдээ бараг шингэн зүйл хэрэглэдэггүй” гэж тайлбарлалаа. Бас “Хоёр улсыг холбох үүрэг хүлээсэн Өргөмжит консулын хувьд ливан үндэсний хоолыг монголчуудад таниулах нь чухал ажил. Ливан үндэсний хоолонд ливанчуудын ёс заншил, уламжлал тэр чигээрээ хадгалагдаж байдаг. Манайд танайх шиг үндэсний хувцас дэлгэрээгүй. Бас танайх шиг агуу түүх яриад байх боломж үгүй. Харин хоолны соёлоороо дэлхийд алдартай. Ливан хоолонд дургүй хүн бараг байдаггүй” гэлээ. Бизнес эрхлэхэд Өргөмжит консулын албан тушаал нөлөөлөх үү гэж лавлахад “Ливанд очихдоо л би консулын ажлаа хийдэг. Харин Монголд нэг ч өндөр албан тушаалтан танихгүй. Танилцах ч шаардлагагүй. Хуулийн дагуу ажиллахад хэн нэгэн албан тушаалтныг таних шаардлага Монголд байхгүй юм шиг санагддаг. Манайд мэргэжлийн хяналтынхан шалгалт хийж ирдэг. Гэхдээ биднээс зөрчил илрэхгүй учраас болгоомжлох шаардлагагүй” гэж ярив. Манай Засгийн газар солигдож байгааг мэдсэн үү гэж лавлавал “Тэр надад хамаагүй асуудал. Телевиз үзэх зав гардаггүйг ойлгоно биз дээ. Миний эрхэлж байгаа бизнест улс төрийн оролцоо байхгүй учраас сонирхдог ч үгүй” гээд инээв.

Ливан хоолны ресторанаас гадна “Meat&Bread” ливан үндэсний түргэн хоолны газрыг тэдний компани ажиллуулдаг юм байна. Бургер, пицца зэрэг түргэн хоолыг ливан маягаар хийсэн учраас амт нь арай өөр байдаг бололтой юм. “Meat&Bread” түргэн хоолны газар нь Улсын их дэлгүүрийн зүүн талд байдаг юм билээ.

Мохаммед Монголд хоол үйлдвэрлэлийн зах зээлд том боломж байгааг харсан гэдгээ өмнө ярьсан. Тиймээс ч Америкийн нарийн боовны сүлжээ “Cinnabon” брэндийг Монголд нээх зөвшөөрлийг авч, хоёр салбарыг нь зэрэг нээжээ. УИХ дэлгүүрт байдаг Синнавон брэндийн салбарт хүүхэд, багачууд үйлчлүүлэх их дуртай нь ажиглагдсан. Тэнд хүүхдүүдээс ирсэн талархлын захидал нэлээд харагдана лээ.

Хүнсний салбараас гадна барилгын компани нь “Гранд плаза”-гийн зүүн талд үйлчилгээ, офиссын барилга барьж эхэлсэн гэнэ лээ.

Эдгээр бизнесээ эхлүүлэхэд Мохаммед таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ирэх хоёр жилд 20 сая ам.доллар оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Бизнес төлөвлөгөөнийхөө тухайд тэрбээр “Одоохондоо ашиг олох тухай бодох арга байхгүй. Гэхдээ Монгол бол бизнесийн маш том боломжтой. 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснийхээ дараа ашиг хүртэж эхэлнэ гэж төлөвлөж байгаа. Эдийн засгийн хямрал бидний бизнест тэгтлээ сөрөг нөлөө үзүүлэхгүй. Байгалийн асар их баялагтай орны хувьд эдийн засаг нь тун удахгүй сэргэнэ. Тэр цагт бид ашгаа хүртэж эхэлнэ” гэж ярьсан юм.

Бага газар нутагтайЫЫЫЫЫЫ, бүс нутгийн мөргөлдөөний гол цэг болсон Ливаны бизнесмэн өмнө нь хэд, хэдэн улсад бизнес эрхэлж байсан туршлагатай гэсэн. Таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхдээ тэрбээр тавь шахам монгол иргэнийг цалинжуулж байгаа гэнэ лээ. Цаашид 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа гэхээр цөөнгүй монгол хүнд ажлын байр гаргаж өгөх янзтай.

Б.Цэцэгдэлгэр

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *