Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа нойрны эмгэгийг оношилж, эмчлэх цогц төвтэй боллоо

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн “Нойрны төв”-ийн нээлт өнөөдөр болов. Дээрх төв нь Монголд анх удаа нойрны өвчлөлийг оношилж, эмчлэх цогц үйлчилгээ үзүүлэх юм байна.

Тус эмнэлэг Австри Улсын 7 сая еврогийн төслийг ноднин гүйцэтгэхдээ багаж тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийхдээ, Нойрны олон үйлдэлт бичлэгийн хоёр, Эерэг даралт, тогтмол агаарын гурван багажийг Герман, Япон Улсын нэр хүндтэй эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчээс худалдан авчээ.

Тус төв ноднин 11 сараас хойш үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдөр 37 үйлчлүүлэгчтэй болсон бөгөөд дэлхийн нойрны өдрийг тохиолдуулан өнөөдөр нээлтээ хийж байгаа юм.

ТТАХНЭ-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны тасгийн дарга, хошууч Д.Шүрэн, “Монгол Улсад нойрны олон үйлдэлт бичлэгийн аппарат байдаггүй учир, иргэдийн “би унтахгүй байна” гэсэн үгээр л оношилж байсан юм. Энэхүү олон үйлдэлтэй аппараттай болсноор нойргүйдлийн эмгэгийн төрлийг оношилж, эмчилдэг цогц үйлчилгээ үзүүлэх боломж бүрдлээ” хэмээв.

ТТАХНЭ-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, “Энэхүү төв нь төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт байгуулагдсан ч жирийн иргэдэд үйлчилнэ. Алба хаагчдаас гадна нойрны эмгэгтэй бүх л хүмүүс ирж үйлчлүүлэх боломжтой. Энэхүү төв нь нойрны өвчлөлийн бүх л төрлийг оношилж, эмчлэх бүрэн чадвартай. Тухайлбал, хурхирах, нойрон дундаа амьсгал тасалддаг эмгэгтэй хүмүүсийг тогтмол агаарын аппаратаар эмчлэх юм” гэв.

Хурхирах, амьсгал тасалдах эмгэг нь хүний амь насанд эрсдэлтэй буюу зүрхэнд цус хомсдох, тархинд цус харвах, чихрийн шижин үүсгэх зэрэг олон өвчний шалтгаан болдог байна.

Монгол Улсын хэмжээнд анх удаа нээгдэж байгаа тус төвөөр, жирийн иргэд тодорхой төлбөр төлснөөр оношилгоо хийлгэх бол, Төрийн тусгай албан хаагчдын гэр бүлийнхэн даатгалаараа үзүүлэх боломжтой”-г албаныхан онцолж байв.

Дашрамд дурдахад, “Нойрны эмгэг нь сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө хурцаар тавигдаж байгаа асуудал бөгөөд 2018 онд хийгдсэн судалгаагаар АНУ-д 40 сая хүн нойрны эмгэгтэй байна гэж бүртгэгдсэн ба дэлхийн хүн амын 4-10% нь нойронд амьсгал тасалдах эмгэгтэй, 22% нь хөл үечлэн хөдлөх эмгэгтэй байна гэсэн тоо баримт байдаг. Манай оронд 2015 онд хийгдсэн асуумж судалгаагаар хүн амын 32% нь нойронд амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Нойр нь эрүүл амьдрахын үндэс суурь бөгөөд нойрны эмгэгээс болж даралт тогтвортой ихсэх, зүрхэнд шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, сэтгэл гутрал, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах, бэлгийн үйл ажиллагааны сулрал гэх мэт ноцтой хүндрэлүүдийг дагуулж байдаг тул нойрны эмгэгийг эрт илрүүлэн оношлон, эмчлэх, урьдчилан сэргийлэх нь хүн амын эрүүл амьдрах гол хүчин зүйл юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *