2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн Хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий, судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын сувилагч, инженер, техникч нарын хамтарсан баг Монгол улсад пейсмейкер, зүрхний ресинхронизаци эмчилгээний дэвшилтэд шинэ арга болох зүрхний судсан дотуурх мэс заслын “ГИССИЙН БАГЦЫН ПЕЙСМЕЙКЕР СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭ”-г эх орондоо нэвтрүүлж, анхны тохиолдлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Зүрхний ховдол буюу зүрхний цус шахах хэсэг нь жигд агшилтад орох нь цус эргэлтийг сайжруулах, улмаар зүрхийг хамгаалах үүрэгтэй байдаг. Тэгвэл гиссын багц буюу ховдлын дамжуулах замын эхлэл хэсэгт тусгай зориулалтын электродыг байршуулан зүрхийг удирдсанаар зүрхний төрөлхийн дамжуулах замыг ашиглан ховдлын жигд агшилтыг үүсгэх боломжтой байдаг аж.
Шинэ арга бүхий уг мэс засал эмчилгээг 22 настай, тосгуур ховдлын өндөр зэргийн хориг оноштойгоор тус эмнэлгийн Хэм судлалын багийн хяналтад байсан ба зүрхний хэм алдагдал нь эмийн эмчилгээгээр сайжрал өгөхгүй байсан тул төлөвлөгөөт журмаар хийсэн. Эмчилгээний үр дүнд эмчлүүлэгчийн зүрхний төрөлхийн дамжуулах замыг цочроон зүрхийг агшилтад оруулснаар өндөр зэргийн хориг бүрэн засарч, зүрхний агшилт жигдрэн, цус эргэлт хэвийн байдалд шилжиж, эмчлүүлэгчийн биеийн байдал тогтворжиж, хяналтын эмчилгээг үргэлжлүүлж байна.
Ийнхүү зүрхний цохилт цөөрөх хэм алдагдал, зүрхний жигд бус агшилтыг засах эмчилгээний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалаар санхүүгийн ямар нэгэн бэрхшээлгүйгээр эх орондоо хийлгэх боломжийг бүрдүүллээ. Энэхүү аргачлал нь дэлхий дахинд шинэ тутам хэрэглэгдэж байгаа бөгөөд зүрхний жигд агшилтыг үүсгэх хамгийн өндөр үр дүнтэй аргад тооцогддог юм. Олон улсад цөөн тооны зүрхний төвүүдэд хийгдэж буй тус дэвшилтэт арга Монгол улсад нэвтэрч буй нь УГТЭ-ийн зүрхний хэм судлалын тусламж үйлчилгээ олон улсын түвшинд хүрснийг илтгэж байгаа юм.