Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны IV дүгээр улиралд нийт 37.3 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 577.9 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2016 оны IV дүгээр улирлын байдлаар 942.9 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 74.4 (8.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 58.6 (6.6%) мянган төгрөгөөр өссөн байна.
Аж ахуйн нэгж, байгууллагыг ажилтнуудын тооны бүлгээр авч үзэхэд
- 1-9 ажилтантай ААНБ-ын сарын дундаж цалин 609.3 мянган төгрөг,
- 10-49 ажилтантай байгууллагынх 767.3 мянган төгрөг,
- 50-99 ажилтантайх 887 мянган төгрөг,
- 100-199 ажиллагчтайнх 1 сая 20 мянган төгрөг,
- 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1 сая 291 мянган төгрөг байна.
Сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарынхны сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 599.1 мянган төгрөг байна.