МОНГОЛ МАЛ АЖ АХУЙ
Уул уурхай манай эдийн засагт маргашгүй том орон зай эзэлсэн. Түүн дотроо нүүрснээс 40 шахам хувь нь хараат болсон. Хятадууд оросуудтай муудсан 1970-аад оны дундуур “Зөвлөлтийн мал аж ахуйн дарга Ю.Цэдэнбал” гэж эсэргүүцлээ илэрхийлж байв. Тухайн үе нь үнэхээр Монголын мал аж ахуй Зөвлөлтийн бэлтгэн нийлүүлэгч байсан гэдэг нь үнэн. Өнөөгийн 300 гаруй сум ч түүхий эд цуглуулах сүлжээнд зориулагдсан бүтэц. Гэхдээ энэ бүтцийн үр дүн өнөөдөр гарсан. Талаар нэг тарсан малчин өрхийн нийт малын тоо 50 сая толгойгоор тоологдов. Ирэх жилийн өдийд ходоодныхоо хэмжээгээр идээд 60 гаруй сая толгой мал тоологдоно. Нэг хүнд 30 толгой мал ноогдоно. Гэхдээ одоогийн сумдын бүтэц түүхий эдийг боловсруулахад том саад болж хувирсан. Учир нь амиа аргацаадаг жижиг мал аж ахуйд тохирсон тогтолцоо. Харин манай малын тоо томоохон үйлдвэрлэл явуулах хэмжээнд хүрсэн. Жил бүр монголчууд арван сая толгой малыгхүнсэндээ хэрэглэнэ. Мөн энэ хэмжээний арьс, ноос, ноолуур, яс гэх мэт маш их түүхий эд гарна. Өнөөдөр мал аж ахуй ДНБ-ий 14 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт 1999 онд 40 шахам хувьтай байсан аж. Монголын мал аж ахуйн салбарт нийт өрхийн 30 хувь хамрагдаж байна. Гэхдээ 2012 оны тооллогоор мал аж ахуйн салбарт 507 аж ахуйн нэгж тоологджээ. Энэ нийт малын хоёр хувьд хүрэхгүй. Бусад нь хувь хүн болж таарна. Манай улс мал аж ахуйгаас жилд дунджаар 20 мянган тн ноос, 500 мянган тн сүү, зургаан мянган тн ноолуур, нэг мянган тн тэмээний ноос, 200 гаруй мянган тн мах, арав шахам сая ширхэг арьс бэлтгэдэг. Дээрх зүйлсээс бид мах сүүг хэрэглэж бусдыг өмнөд хөршдөө түүхий эдийн үнээр ачуулна. Сүүлийн таван жил мал аж ахуйн салбарт явуулсан бодлогын үрээр малчид шиг хөрөнгөжсөн иргэд байхгүй. Өнөөдөр захын малчин интернэтэд орж, мотоциклиор малаа хариулж, аравхан хонь зараад л оюутны төлбөрийг төлчихнө. Зарим судалгаагаар хот, суурин газарт шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны 30 шахам хувийг малчид худалдан авч байна. Өндөр үнэтэй хурдны морь, гаанс, хөөрөг, эмээл, хазаар, сайн үүлдрийн малын 80 шахам хувь нь малчдын гар дээр эргэж байна.
Өөрөөр хэлбэл цаашид малчид төртэй төргүй өөрсдийгөө цааш аваад явах хэмжээнд хүрсэн. Төр өмч хураах, үс ноосны татвар гэх мэт социалист шийдвэр гаргахгүй бол хуц ухнууд цаашдаа ч малын тоо толгойг 100 сая хүртэл өсгөнө. Гэхдээ ялтай малтай ядарч явахад малчдыг тэжээж байсан хот суурингийнхан өнөөдөр гомдолтой байна. Учир нь Африкийн орны цалинтай тэд АНУ-ын иргэд шиг үнэтэй мах идэж байна. Бас нэг түгшүүртэй зүйл нь хүн амын 30 шахам хувь нь мал шиг хөдөө хөхөрч, гадаа гандаж байгаа нь гадныхныг гайхуулж байна.
МАХНЫ ҮНЭ
Дэлхий дээр 2010 оны тооллогоор 4,5 тэрбум толгой мал тоологджээ. Үүнээс үхэр 1,5 тэрбум, хонь нэг тэрбум гаруй, ямаа нэг тэрбум шахам, адуу 60 сая, тэмээ 25 сая толгой байна. Дэлхийд АНУ арван сая адуугаар, Энэтхэг 210 сая үхрээр, Сомали долоон сая тэмээгээр, Хятад 130 сая хониор, Энэтхэг 150 сая ямаагаар тэргүүлж байна. Эндээс харвал их гүрнүүд л их хэмжээний малтай. Энэ нь махны экспортыг хязгаарлах үндэс болдог гэнэ. Дэлхийн зургаан тэрбум хүний 0,2 хувийг нь монголчууд эзэлнэ. Харин дэлхийн нийт малын гурав шахам хувийг монгол эзэлж байна. Бөмбөрцөг дээр амьдарч байгаа нэг хүнд ганц толгой мал чадан ядан оногдож байгаа бол монгол хүн бүрт 30 толгой мал ноогдож байна. Энэ нь манайд экспортын маш том боломж байгааг гэрчилнэ. Гэхдээ зөвхөн мах биш мал аж ахуйн их хэмжээний түүхий эд гаргах тухай ойлголт юм. Өнөөдрийн байдлаар бид мах, сүү өчүүхнийг гадагш гаргаж байгааг эс тооцвол арьс, үсээ гаргаад 300-хан сая доллар олж байна. Энэ нь хамгийн муу үнээр борлуулалт хийсэн гэсэн үг юм. Хэрэв зах зээлийн үнээр өндөр хөгжилтэй орнуудад гаргаж чадвал багаар тооцоход 200 сая ам.доллараар мал аж ахуйн орлого нэмэгдэнэ. Бүтээгдэхүүн болгоод Европ, Зүүн өмнөд Азийн зах зээлд нэвтэрч чадвал 2,5 тэрбум долларыг өлхөн зуучихна гэсэн тооцоо байна. Ингэж чадвал мал аж ахуйн салбар маань уул уурхайгаас илүү ашиг олж чадна. Хонины өлөн гэдэс Германд хамгийн их үнэд орно. Арьс шир Италид, хонины мах Арабын ертөнцөд, үхрийн мах төв Европын баячуудад, адууны мах Орос, Хятадад гээд манай мал аж ахуйгаас гарсан бүхэн мөнгөтэй хүмүүсийн шаардлагыг хангана. Дээр нь бидний ядуу хүн иддэг гэж үздэг дотор мах өндөр хөгжилтэй орнуудад чанарлаг хүнсэнд тооцогдоод зогсохгүй, био бэлдмэл, чухал эмийн түүхий эдийн жагсаалтад багтдаг аж. Ганц жишээ дурдахад өнгөрсөн жил Туркт суралцахаар явсан оюутан Номин дэлгүүрээс мэргийн тайлбартай дөрвөн шагайг тус бүрийг нь 12 доллараар авч яваад замд танилцсан барууны иргэнд тус бүрийг 20 доллараар зарсан тухай ярьсан. Хэдхэн жилийн өмнө хүнсний зах дээр ялаа батгана шавуулж ачих, хаях гээд бөөн зардал гаргадаг байсан шулсан ясыг өнөөдөр хятадууд товч, гоёл болгоод бидэнд буцаагаад зарж байна. Дэлхийн хүн амын 20 шахам хувь нь нефть, химийн үйлдвэрийн хаягдлаар хийсэн хувцас өмсч байгаа нь элдэв харшлын өвчин үүсгэж байгаа аж. Эрдэмтэд цэвэр ноосон даавуун хувцас өмсөхийг зөвлөж байгаа ч хүн амын 30 хувь нь л тийм хувцас худалдан авах чадвартай. Гэхдээ энэ зах зээл дээр 30 орчим тэрбум доллар эргэлдэнэ. Манай ноос ноолуурын зах бэлэн байна гэсэн үг. Бид орон сууцны дулаалгыг хятад хөөсөөр хийдэг. Тэр нь байнга түймрийн эх үүсвэр болно. Таван жилийн дараа сэмэрч унах нь гарцаагүй. Оросууд Сибирийн бүсэд дулаалганд хөөсөнцөр хэрэглэхийг хорьсон. Австрали хонины ноосоор хийсэн дулаалгыг их хэмжээгээр оруулах талаар ярьж эхлэв. Монгол эрдэмтэд малын бааснаас эрчим хүч ялгаруулах технологийг 30-аад жилийн өмнө нээсэн байдаг. Хийн түлш гаргах бүрэн боломжтой бөгөөд одоо ч тэд технологио хэрэгжүүлэхэд бэлэн гэдэг. 50 сая малын баасаар баруун гурван аймгийн дулааныг хангах тооцоо байдаг гэнэ. Хэрэв мал аж ахуйн түүхий эдийг технологиор нь боловсруулж чадвал зөвхөн мал аж ахуйгаас жилд дөрвөн тэрбум доллар өлхөн олох боломж бий. Эндээс харвал малын амьсгаанаас бусад бидний амиа тавих гээд байгаа ам.доллар болж хувирахад бэлэн байна. Зах зээл нь байна. Түүхий эд нь байна. Хэнээс ч мөнгө гуйхгүйгээр өөрсдийгөө тэжээчих боломж монголчуудад л байна. Гэтэл бид гахай шиг газар ухаж, нохой шиг эсгий нөмөрч хэвтэх мэт гадныханд харагдаж байна.
ҮС, МАХЫГ ХЭРХЭН ДОЛЛАР БОЛГОХ ВЭ
Бидэнд хөглөрөөд, гадныханд үнэд ороод байгаа үс, махыг хэрхэн доллар болгохын тулд Орос оюутны дэвшүүлсэн саналыг ашиглаж болохоор байна. Хүн ам ихтэй баялаг багатай орнуудад жижиг үйлдвэрлэлийг дэмжих замаар хүн амыг ажлын байраар хангаж, орлогыг нэмэгдүүлж зах зээлийг хангах нь үр дүнтэй арга гэнэ.
Харин хүн ам цөөнтэй баялаг ихтэй орнуудад цөөн тооны боловсруулах үйлдвэр илүү өгөөжтэй. Монголын хувьд үүрэн телефоны операторуудаар жишээ авч болно. Дөрөвхөн үүрэн телефоны өрсөлдөөн монголчуудыг дэлхийн дунджаас илүү хэмжээний үйлчилгээгээр монголчуудыг хангаж чадсан. Арван жилийн өмнөхөөс үйлчилгээ нь арав дахин хямдарч, хүрээ нь талын Монголыг бүрэн хамарчээ. Энэ бүхэн ашгийн төлөө тэмцлийн үр дүн. Тэгвэл яагаад махны үнэ өндөр, түүхий эдийн үнэ хямд байна гэсэн асуулт гарна. Учир нь мал аж ахуй эрхэлж байгаа өрхийн 90 шахам хувь нь ашгийн бус, амьжиргаагаа залгуулах хэмжээний малтай. Тэдний 200-300 толгой мал нь ашиг олох бус өрхийн амьжиргааг залгуулна. Нэг өрхийн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэхэд зардал өсч өрхөө тэжээх хэмжээний л ашиг гарна. Гэтэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг томоохон үйлдвэрээр боловсруулж байж өндөр ашиг олно. Мөн талаар нэг тарсан таван кг ноолуурыг түүгээд явах ямар ч компани байхгүй. Дээр нь малчид малаа вакцинжуулах, арьсыг хуулах, ноосыг нь цэвэрлэх тухай ойлголт бага. Өндөр зардлаар үйлдвэр авчирсан чанаргүй түүхий эд үйлдвэрийн зардлыг өсгөөд зогсохгүй, цэвэрлэгээ, тээврийн зардал нь үйлдвэрийг дампууруулах аюултай. Энэ нь мал аж ахуйн салбарт түүхий эдийг цуглуулах, эрүүлжүүлэх тогтолцоо шаардлагатайг батална.Социализмд бол захиргааны аргаар сум, багаас түүхий эдийг татаж болно. Нүхтэй арьс, өвчтэй мал, шороотой ноос нийлүүлсэн малчныг хорьж болно. Харамсалтай нь бид өнөөдөр капиталын ертөнцөд амьдарч байна. Энэ бүхнийг зах зээлийн эдийн засгийн хуулиар шийдэхээс өөр зам байхгүй.
Оросын оюутан тосгонд хашаа болгондоо төмс тарьж байгаа настнуудад зөвлөлгөө өгсөн байна. “Та нар нэг дор 20 тн төмс тарьчихвал би хураах, худалдах ажлыг үнэгүй хийж өгнө. Одоогийн та нарын зарж байгаа үнээр борлуулна” гэжээ. Түүний үгэнд итгэсэн настнууд ирэх жил нь амласнаараа нэг талбайд 20 тн төмс тарьж, оюутан ч амлалтаа биелүүлжээ. 200 кг төмсөө зарах гэж үйлээ үздэг байсан хөгшид дараа жил нь 40 тн-ыг тарив. Дээр нь давжаахан оюутан Катя бордоо, арчлалт, хураалтыг үнэгүй хариуцдаг болов. Настнууд гэртээ сууж мөнгө авахаас өөр ажилгүй болж. Дөрөвхөн жилийн дараа настнууд тэтгэврээ авалгүй хуримтлуулж эхэлжээ. Оюутан II курсээс тосгоны ойролцоох хотуудад төмс нийлүүлдэг компани байгуулж, төгсөхдөө тус хотын таван том рестораны хувь нийлүүлэгч болж чаджээ. Тэрээр анхны 20 тн төмс нийлүүлсэн настнуудад жил бүр хоёр мянган долларын тэтгэмж өгдөг болсон аж. Малчид үүнтэй адил малаараа нэгдэж, томоохон аж ахуй (хуучин нэгдэл шиг) байгуулбал өндөр орлого олох боломжтой. 300 мянган өрх уулын мухарт амьдрах хэрэггүй болно. 20 мянган хоньтой аж ахуйгаас гарах түүхий эд, түүн дотроо аргал, хорголыг ч очоод авчих захын компани маргааш л байгуулагдчихна. Хонио тоолж өгөөд, ашгаа хүлээгээд, нийслэлд хошин шог үзээд сууж байх боломж малчдад бүрдэнэ. 200 хонийг хэдэн өдөр хайчаар хяргадаг бол 20 мянган хонийгганц өдөр хяргачих машин хаанаас ч олдоно. Таван мянган хонийг хэдхэн цагт экспортод гаргах түвшинд нядлах үйлдвэрүүд бэлэн байж л байна. Цоорхой арьс, мялзантай мал гэх ойлголт байхгүй болно. Өвчлөөгүй малын мах, нүхлээгүй арьс дэлхийн аль ч оронд борлогдоно. Мал эмнэлэг, хамгаалалтын компаниуд уралдаж үнэ буулгаад “Малыг эрүүлжүүлж, манаж өгье” хэмээн гуйж эхэлнэ. Тэдний хөлс малчин түмнээс гарахгүй. Том үйлдвэрүүд тэднийг эрүүл түүхийг эдийг бөөнөөр тушаасанд нь урамшуулал олгоно. Тэр үед л малын том аж ахуйнууд ашиг олж эхэлнэ. Тэгээд ч зогсохгүй малчдын орлого үлэмж нэмэгдэнэ. Махаа хурдан борлуулахын тулд үнэ буулгаж өрсөлдөнө. Уулын мухар 200 хонь сахиж хэвтэхээ болино. Улаанбаатарын нэг үйлдвэрт жил ажиллаад гадаадад суралцах зардлаа малтай залуус олдог болно.
Х.БАТТӨГС