Монос
группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатартай уулзаж хорт хавдрын эсрэг Элиппин хэмээх шинэ эм бүтээсэн талаар нь тодрууллаа. Тэрбээр
мөн Монголын эм үйлдвэрлэгчдийн холбоог тэргүүлдэг билээ. Улаанбаатар хотноо саяхан болсон Монгол-Америкийн хавдрын эмч судлаачдын олон улсын хурлын үеэр Монос группийн Эм судлалын хүрээлэнгээс хорт хавдрын эсрэг үйлдэлтэй шинэ
эмийн судалгааны дүнг хэлэлцүүлсэн нь эрдэмтдийн сонирхлыг ихэд татсан талаар мэдээлэгдсэн юм.
–Хавдрын эм
хийхэд урт хугацаа зарцуулах юм аа. Арваад жилийн өмнө л та хорт хавдрын эсрэг эм хийж байгаа гэж ярьж байсан санагдана?
-Ер нь 1996 онд эхэлсэн
юм. Энэ ажилд ганц Монгол
биш Япон, Хятадын эрдэмтэд
оролцож байгаа. Японы Акияама хотын их
сургуулийн Хаяаши гэж доктор
байгаа. Далианы их сургуулийн
Зан, Шанхайн их сургуулийн
Ли гэж байгаа. Тэгээд
манай Моносын эрдэмтэд, Биотехнологийн
хүрээлэнгийн эрдэмтэд зэрэг олон эрдэмтдийн
хамтын хөдөлмөрөөр бүтэж байгаа.
–Хавдрын
эсрэг эмийг үхрийн элэгнээс гаргаж авдаг гэсэн үү. Үхэр ямар ид шидтэй юм бэ. Идэж уудаг юмтай нь холбоотой юм уу?
-Үхрийн элгийг биотехнологийн аргаар
боловсруулж байгаа юм. Өөрөөр
хэлбэл үхэр нядлахад үхрийн
элэгний эд эс амьдаараа
халуунаараа байдаг. Яг тэр
үед хавдар үүсгэгч бодисоор
өндөр тунгаар нөлөөлөхөөр амьд
эсүүд хавдрын эсрэг хариу урвал үзүүлдэг.
Тэр бодисуудыг нь биотехнологийн аргаар
ялгаж авдаг. Нарийн технологитой эд л дээ.
–Хавдрын
эсрэг үйлчлэлтэй
бусад эмүүд байдаг байх. Монголчуудын бүтээсэн энэ эмийг дэлхий хүлээн зөвшөөрөх болов уу?
-Нэгдүгээрт
ганц Монголын биш олон улсын
эрдэмтдийн баг ажиллаж байгаа.
Японд, Хятад, Монгол, Америкт
болсон олон улсын хурлуудад
танилцуулаад илтгэл тавиад яваа. Тодорхой
хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөж яваа
л даа.
–Элэгний
С вирусийн эсрэг эм гэхэд л маш үнэтэй. АНУ-д 84 мянган доллараар зарагдаж байгаа юм билээ. Элэгний хавдрын эм ямар үнэтэй байдаг вэ. Танай шинэ эм зах зээлд ямар үнэтэй гарах бол?
-Бид арай өөр аргаар
гаргаж авч байгаа шүү
дээ. Хэрэв энэ арга
бүтвэл боломжийн эм гарч магадгүй.
Үнэ өртөг нь бас мэдээж хямд
гарахгүй. Технологи нь нарийн, олон
жилийн судалгаа хийж байгаа. Гэхдээ
Европын эмүүдтэй харьцуулахад хамаагүй хямд гарах байх
гэж бодож байна.
–Энэ
эм хэзээ туршилтын хугацаа нь дуусч, хүлээн зөвшөөрөгдөж, зах зээлд гарах бол?
-1996 оноос
эхлээд амьтан дээр туршилтууд
хийсэн. Дараа нь 2011-2012 онд
эсийн туршилтууд явсан. Одоо хүн
дээрх туршилтууд явж байна. Хүн
дээр бас дөрвөөс таван
жил туршигдах байх.
–Олон
улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмүүд байхад монголчууд эм гаргах шаардлага байна уу гэж асуух хүн байна?
-Одоо байгаа эмүүд дандаа
хими заслын эмүүд. Химийн
хүчтэй тариагаар хорт хавдрын эсүүдийг
үхүүлж байна л даа.
Тэрнийхээ хажуугаар эрүүл эд эсийг
үхүүлээд байгаа юм. Туяа
эмчилгээний үед цацраг туяагаар
хорт хавдартай хүмүүсийг эмчлэхэд дархлааны эсүүд нь унаад
байдаг. Тэгээд хүний үс
нь унадаг, турдаг. Одоо
орж ирж байгаа
С вирусийн эсрэг
эмийг интерферонтой тарихад хүн бас
их ядардаг. Эм
болгон өөрийн давуу сул
талтай. Бидний гаргаж авч
байгаа эм цэвэр амьтны
гаралтай, органик бүтээгдэхүүн
болохоор гаж нөлөө багатай.
–Монголчуудын уламжлалт
анагаах ухаанд элэгний хавдрыг анагаах хавдрын эсрэг нөлөөлсөн түүх байдаг уу?
-Бий. Хорт хавдар шинэ
өвчин биш шүү дээ.
Хорт хавдрын эсрэг олон
бэлдмэлүүд хэрэглэж байсан. Ялангуяа эртний
үрлүүд, жорууд байна. Бидний
хийж байгаа эм ч
уламжлалт анагаах ухаанаас гаралтай. Тийм учраас
боломжийн эм гарчих болов
уу.
–Энэ
бүхэн юунаас эхэлсэн бэ. Хавдрын эсрэг эм гаргах санаа мэргэжлийн хүний амбицаас эхлэлтэй юу. Юу танд сэдэл төрүүлэв?
-Дээр үед алоэ гэж
зуун настын тариа байсан.
Зуун наст халуун газар
наранд ургадаг ургамал. Түүнийг
таслаад, хар цаасанд ороогоод,
хөргөгчинд хийчихэж байгаа юм. Харин
зуун наст зузаан махлаг
ургамал шүү дээ. Бусад
навчийг таслаад хөргөгчинд
хийвэл дороо үхчихнэ. Зуун
наст нэлээд хонодог. Тэр
хооронд үхэхгүйн тулд тэр ургамал
өөртөө байгаа хүчээ дайчилдаг
шиг байгаа юм. Түүн
дээр нь үндэслээд алоэгийн
тариа гаргаж авч. Манай
ахмад үеийнхэн мэдэж байгаа. Дөчөөс
дээш насныхан бараг бүгдээрээ тариулж
үзсэн. Үнэхээр
ядаргааны үед сайн, дархлааг
сэргээж өгдөг. Нэгдүгээрт тэрнээс
санаа авсан. Бидний санаа
зуун наст шиг ургамал
биш гэхдээ зуун наст
махлаг ургамал. Үхрийн элэг бол
зузаан махлаг. Амьтныг нядалсны
дараа хурдан үхдэггүй. Элэг
нь халуунаараа байж байдаг. Тэр
үед нь л бид
хавдар үүсгэдэг бодисоор нөлөөлөөд, хавдрын эсрэг үйлдэл
элэгний эд эсүүд дээр
бий болгож байгаа гэж
ойлгож болно.
–Бусад
оронд амьтны гаралтай түүхий эдээс хавдрын эсрэг эм гаргаж авсан туршлага байгаа юу?
-За даа ер нь
миний хувьд тийм тохиолдол
мэдэхгүй. Тэгээд яахав ийм
санаа гаргасан. Тэрнийг маань Японы
Хаяаши гэж эрдэмтэн үнэлсэн
юм. Японы эрдэмтэн
маань Хятадад ЖАЙКА-гийн
төслөөр ажиллаж байхдаа төслийн
мөнгөөр миний нэлээд олон
туршилт судалгааг хийж өгсөн. Энд асар
их мөнгө зардаг. Манай
компани гэхэд л 18 жилд 8-9 тэрбум
төгрөг зарцууллаа.
–Энэ
арга чиглэлийн бусад эрдэмтдийн сонирхлыг татаж байгаа байх даа?
-Энэ тухай ярихад хоёр
хуваагддаг л даа. Үнэхээр
тийм үйлдэл байж болно
гэдэг. Нөгөө
хэсэг эрдэмтэд нь “Ийм байх
учиргүй” гээд байдаг. Гэхдээ
бид саяын
Монгол, Америкийн хавдар судлаачдын олон
улсын хурал дээр илтгэл
тавьсан. Яах аргагүй эсийн
өсгөвөр дээр орчин үеийн
технологиор хийсэн судалгаагаар хорт
хавдрын эсийг зогсоож байна
гэдэг нь нотлогдсон. Энэ
бол бидний олон жилийн
хөдөлмөрийн үр дүн.
–Эсийн
шинжилгээний хариу үр дүнтэй гарчээ. Хүн дээр туршихад яах бол?
-Хүн дээр туршихад гаж
нөлөө үзүүлэх болов уу
гэдэг учраас л бид
олон жил амьтан дээр
туршилт хийсэн л дээ. Амьтан
дээрх туршилтын үр дүн сайн
гарсан.
–Хорт
хавдрын эцсийн шатанд байгаа хүмүүс дээр туршиж байна гэх юм. Эхний шатандаа яваа хүмүүс дээр туршиж үзээгүй юм уу?
-Мэдээж хорт хавдрын эхний шатандаа эмчилгээний
үр нөлөө өндөр байна.
Гэхдээ бидэнд хавдрын гурав,
дөрөвдүгээр шатанд орчихсон өөрөөр
хэлбэл европ эмнэлгээр явлаа,
монгол эмнэлгээр явлаа, найдвар алга
гэсэн хүмүүс байдаг. Тийм
улсууд дээр туршихыг бидэнд
зөвшөөрч байгаа учраас клиник туршилтын дүн
эерэгээр гарах хэцүү л
дээ. Өөрөөр хэлбэл шинэ эм учраас
алдах юм байхгүй болчихсон
хүмүүст өгөх зөвшөөрөл өгч
байгаа юм. Эхний
шатанд байгаа хүмүүс дээр
туршихыг зөвшөөрөхгүй байгаа. Монголд
хорт хавдрын, хүчтэй үйлчилдэг эм
туршиж байсан тохиолдол байхгүй
учраас болгоомжлол байна.
Тэрийг нь бид үгүйсгэж
чадахгүй.
–Та
эм үйлдвэрлэгчдийн холбоог тэргүүлдэг. Гэтэл фенобарбитал эм тасарчихаад эцэг эхчүүд гадаадад захиалахдаа тулаад байгаа гэх юм. ЭМЯ-наас эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг үйлдвэрлэхийг хориглосон учраас олон эмийн үйлдвэрлэл зогссон гээд байгаа. Ер
нь хэр олон эм бүртгэлд хамрагдах болоод байна?
-Эмийн бүртгэлд
бүртгэгдэх шаардлагатай давхардсан тоогоор 2500 нэрийн эм байгаа.
Аспиринийг 14 эмийн үйлдвэр үйлдвэрлэдэг
бол 14 удаа бүртгүүлэх ёстой.
Сүүлийн хоёр жилд Эмийн
зөвлөлөөр 50 эм хэлэлцэж бүртгэгдсэн. Энэ хурдаар бүртгэвэл
зуун жил болно гэсэн
үг. Гэхдээ
ЭМЯ анхаарч байгаа. Өмнө
нь улиралд нэг удаа
хуралддаг байсан бол одоо
хоёр сард нэг хийж
байна. Бас дэмжиж л
байна, болох байлгүй дээ.
–Фенобарбитал
сэтгэц нөлөөт хүнд эм гэж зарим нь яриад байна. Тэгсэн мөртлөө нялх хүүхдүүдэд бичиж өгөөд байдаг болж байгаа юм уу?
-Мансууруулах
эмийн хууль буюу морфины
хууль нөгөөдөх нь Сэтгэц нөлөөт
эмийн хууль гэж хоёр
өөр хууль байдаг. Гэтэл
манайхан их л цөөхөн
хууль батлах гэсэн юм
байлгүй нэгтгэчихсэн. Тэр хуулийн дагуу
сэтгэц нөлөөт эм гэдэгт
фенобарбитал орчихсон юм. Гэтэл муулах
гэсэн хүн болохоор
мансууруулах нөлөөт эм, хортой
хүчтэй гээд байдаг. Сэтгэц
нөлөөт эм гэхээр ард
түмэн буруу ойлгоод байгаа.
Яг орчуулбал сэтгэл засах, сэтгэл
тэжээх гэсэн утгатай үгийг
манайхан сэтгэц
нөлөөт эм гэж буруу
орчуулчихсан юм. Люминал, фенобарбитал
гэдэг эмийг настайчууд бүгдээрээ уугаад үзчихсэн. Настай хүмүүс нойр
хүрэхгүй болохоороо уудаг. Хамгийн гаж
нөлөө багатай гэдэг утгаараа
тархины даралттай хүүхдүүдэд энэ
эмийг өгч байгаа шүү
дээ.
Б.ЯНЖМАА