Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд ханиаданд сөхөрч байгаа нь дархлаажуулалтад хамрагдаагүй, фэйсбүүкийн мэдэмхийрсэн зөвлөгөөг хэрэглэснийх гэв DNN.mn

Нялхсын уйлах дуун час хийтэл цангинах Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс сурвалжилга бэлтгэлээ. Гурван давхар шар алаг барилгын түргэн тусламжийн үүдээр ороход хөл гишгэх ч зайгүй битүү бужигнаж байна. Насаараа утаа уушгиласан ахмад шиг бөгшүүлэх чимээнээр эргэж харвал 30 эргэм насны эмэгтэй ойдоо ч гүйцэд хүрээгүй гэмээр нялх амьтныг энгэртээ тэвэрчээ. Том ягаан куртикээр битүү багласан нялх амьтан бөгшүүлж ханиасан нь тэр байж. Нус нулимсандаа хутгалдсан нялх амьтан найман сартай гэнэ. Өрхийн эмчээс зөвлөснөөр түм түжигнэж бум бужигнасан дүүргийн эмнэлгийн үүдэнд зогсоо нь энэ ажээ. Ээжийнх нь хэлж байгаагаар энэ нялх амьтан ханиад зоогложээ. Гэрийн нөхцөлд эмчлэх гээд дийлэлгүй энд ирсэн гэнэ. Нялхын биеийн байдлыг анзаарвал сайн биш байгаа бололтой. Сүүгээ ч уух тэнхэлгүй байгаа гэнэ.

Ханиалгах завсартаа часхийтэл чарлах үрээ тэвэрсэн эхийн нүдийг нулимс бүрхсээр урт дарааллын дунд хавьд зогсож байна. Энд дугаарласан хүүхдийн дийлэнх нь ийм зовлонтой эмчид үзүүлэх дугаараа авахаар зогсож байна. Төрөөд хэдхэн хоносон нярай ч эдэн дунд байх аж. Тэдэнд харин ногоон гэрлээр үйлчилгээ үзүүлж байх юм. Энд цугласан хүүхдүүдэд дөрвөн эмч л үзлэг хийж үйлчилгээ үзүүлж байна. Тэдний нэг нь үзлэгийн дугаар олгоно. Гурав нь үзлэг хийгээд эмчилгээ бичиж өгөөд ноцтойг нь шууд хэвтэн эмчлүүлэх чиглэл өгч байна. Эрүүл мэндийн манаанд зогсох тангараг өргөсөн энэ хэдхэн эмч ханиаданд даруулж, уйлагнасан нялхастай ус ч балгах чөлөөгүй ажиллах юм.

Энэ зуурт утас нь хангинахад шүүрч аваад гараад гүйчих нь тэр. Нөгөө талд эрчимтэд хэвтээ хүүхдийн биеийн байдал хүндэрч яаралтай дуудлага иржээ. Үйлчилгээ үзүүлээд буцаж ирэхэд үүдэнд дугаарласан эцэг эхчүүд өнөөх эмч рүү тачигнаж хамаг хараалаа урсгах нь тэр. Өрөөнд хүлээх эмэгтэй ч чимээгүй суусангүй, ялархаж харагдав. Өнөөхөд нь ач холбогдол өгч эмзэглэж байгаа шинж алга, хүүхдийг нь чагнаж, үзээд эрчимт эмчилгээний тасаг руу хуваарилав. Ингэхдээ эхлээд ковидын шинжилгээ өгөхийг анхааруулаад дараагийн үйлчлүүлэгчээ хүлээж авлаа.

Хүүхдээ эрчимт эмчилгээ рүү хуваарилуулсан бүсгүй хоромхон зуурт мэл гайхаад яаруухан гарч гүйв. Ханиалгасан хүүхдээ хайхралгүй хугацаа алдаж хатгаа болгосон нь хүндэрснийг эмч онцлов. Хатгаа туссан нялхыг нэн яаралтай эрчимт эмчилгээнд оруулахгүй бол онц аюултай гэнэ. Яг ийм шалтгаантай хүүхдүүд ар араасаа орж ирдэг талаар ээлжийн эмч Сарантуяа хэлээд санаа алдаж байна. Тэр бүрийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэх боломж хомс, энгийн тасагт хуваарилдаг гэнэ. Эцэг эхчүүд ханиад хүндэрсэн хойно эмнэлэгт ханддаг үзэгдэл хүүхдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа хэрэг юм байна.

Энд ирж буй багачуулын дийлэнх нь даарснаас бус том хүнээс ханиадны вирус авсан нөхцөл байдал тогтоогдож байгааг эмч нар онцлов. Төрөөд хэдхэн хоносон нярай л гэхэд хамт амьдардаг хэн нэгнээс ханиадны вирус авч, даамжирснаар хатгаа болж эрчимт эмчилгээнд орох явдал түгээмэл байгаа гэнэ. Насанд хүрсэн дархлаатай хүн ханиад хүрсэн ч яваад байдаг. Ингэж явахдаа бага насны хүүхдэд вирус тараагаад байгаа гэнэ. Вирусийн гаралтай ханиад түгээмэл байгаа ийм үед ханиад туссан л бол өрхийн эмчдээ яаралтай хандаж эмчилгээ бичүүлж авахыг эндээс зөвлөж байв. Даамжруулснаар бага насны хүүхдэд халдааж, асуудал хүндрэх үзэгдэл байгааг анхааруулсан юм.

Хүүхдүүд хэдэн зуугаараа ханиаданд дарлуулж байгаа өөр шалтгааныг эмч н.Сарнай дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдаагүйтэй холбож тайлбарласан. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нярай хүүхдүүд дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдаж чадаагүй. Энэ нь улс даяараа хөл хорионд байсантай холбоотой. Хөл хорионы хугацаанд дархлаажуулалтын тунд хамрагдаагүй хүүхдүүдийн дархлаа сул байна. Халдварт бүх төрлийн л өвчин тусч байна. Дархлаа сул учраас аливаа өвчин хүнд тусдаг. Эдгэхдээ удаан. Иймд нялх хүүхдээ хугацаат тарилгад заавал хамруулж байх ёстой. Олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. Хамрагдаж амжаагүй бол харьяа хорооны өрхийн эмнэлэгтээ хандаж нөхөж хийлгэх ёстой” гэв.

Хэдэн зуун хүүхэд ханиаданд дарлуулж дугаарлаж зогсоо шалтгааныг мэргэжлийн эмч ингэж тайлбарлаж байна. Хугацаат тундаа хамрагдаагүй хүүхдийн дархлаа хэврэг, төрөл бүрийн халдварт өвчин, ханиадыг хүнд тусч байгаа гэнэ. Хүүхдэдээ хугацаат тарилгыг нь хийлгээгүй бол одоо өрхийн эмнэлэгтээ хандаж хамруулахыг эмч нарын зүгээс уриалж байна.

Түүнчлэн бага насны хүүхдийн ханиад хүндэрч хатгаа тусч эрчимт эмчилгээний тасагт шилжиж байгаа шалтгааныг эмч нар тайлбарлахдаа гэрийн нөхцөлд бор аргаар эмчлэх гэж оролддогтой холбож байна. Нялх хүүхэд ханиалгаад эхлэхэд эмчид хандахаас өмнө саримстай шөлийг цагаан гаатай хольж өгөх зэргээр дураараа оролдсоор бүр хүндрүүлчихдэг гэнэ. Хүүхдээ загнаж байгаад ээжийнх нь шээсийг ам руу нь цутгадаг эртний баларсан аргаас татгалзаж, шинжлэх ухаанчаар хандахыг эмч нар хэлсэн юм. Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь хүүхэд халуурч, ханиалгахад фейсбүүкт мэдэмхийрсэн нэгний арга технологийг хүүхэд дээрээ хэрэгжүүлдэг явдал гэнэ. Хаанахынх нь мэдэгдэхгүй сүлжээний эмийг ханиаданд сайн гэхэд нь л худалдаж аваад хүүхдэдээ уулгачихдаг. Энэ нь эм биш хор болох нь түгээмэл байдгийг эмч нар онцолж байв. Ингэж явсаар хүүхдийнхээ ханиадыг хүндрүүлээд байгаа юм байна. Ханиалгасан хүүхдэдээ дур мэдэн эмчилгээ хийхээс татгалзаж, харьяа хорооны өрхийн эмчдээ хандах хэрэгтэй юм байна. Дур мэдэн эмчилгээ хийж ээжийнх нь шээсийг цутгаж, сүлжээний эм уулгах нь хүүхдийнхээ эрүүл мэндээр тоглож байгаа явдал гэдгийг анхааруулж байв.

Яаралтай хүлээн авахаас гарч цааш Эрчимт эмчилгээний хэсгээр шагайвал 00-ын өрөө шиг умгар мухарт 10 хэдэн хүн шпрот шиг чихцэлджээ. Тэд бол эрчимт эмчилгээний тасагт орсон хүний ар гэрийнхэн. Амь нь дээсэн дөрөөн дээр байгаа нэгнийхээ араас сэтгэл зовж суугаа тэднийг агааржуулалт байхгүй, чийг даасан умгар өрөө илүү бухимдуулдаг бололтой. Хоорондоо чихцэлдсэн тэд түр тар хийх нь түгээмэл. Тэдний зарим нь хөдөөнөөс ирж, хамаатнаас сахиж байгаа. Түүний хэлж байгаагаар Монголын хөдөөг зуд, хотыг ханиад сөхрүүлж байгаа гэнэ.

Эрчимт эмчилгээний нярайн тасагт хүүхэд 3-5 хоног эмчлүүлдэг. Ирж байгаа хүүхдийн гол шалтгаан нь хатгаа болоод тархины даралттай холбоотой байдаг гэнэ. Мөн шарлалт нь буугаагүй гэх шалтгаанаар нярай хүүхэд ирэх нь түгээмэл. Тэдэнд элэгний эмчилгээ хийдэг. Хатгаа тусч цээж нь хүржигнэсэн нялх хүүхдүүдийг манаж эмч сувилагчийн хамт жижүүрлэж хонодог. Тархины даралттай хүүхэд уйлаад амарч чадахгүй байх нь түгээмэл. Хатгаа нь хүндэрсэн хүүхэд хөхөө хөхөхгүй байх нь эмч, сувилагч нарт асуудал дагуулдаг гэнэ. Эмчилгээний тасаг нь мөн л ачаалалтай. Нэг тасагт наймуулаа хэвтэнэ. Энд хүүхдүүд нэгнээсээ ханиад тусах магадлалтай нь эцэг эхчүүдийн санааг чилээдэг юм байна. Харин төлбөртэй өрөө нь хоногийн 20.000. Өрөөндөө хоёулаа хэвтэнэ. Эрчимт эмчилгээнээс гарсан эцэг эхчүүд энэ өрөөг сонирхдог ч очер дараалал нь дийлддэггүй гэнэ лээ.

Ханиалгах чимээ хаа сайгүй цангинах Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн нэг өдрийг сурвалжлахад ийм байна. Хөдөөд зуд, нийслэлд ханиад Монголыг сөхрүүлж байна. Хуруу хумсаа хуйхалж олсон таван төгрөгөө ханиадны эсрэг эм тарианд зарцуулж байгаа талаар эмнэлгийн үүд сахиж суугаа эцэг эхчүүд хэлж байна. Харин хөдөөд голын мөсийг долоон байж өсгөсөн таван малаа зуданд алдаад дуусах аюул нүүрлэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *