Categories
мэдээ нийгэм

Монголчууд ирэх онд нэг сая жуулчин хүлээн авна DNN.mn

Цар тахал аялал жуулчлалын салбарын хэв маягийг өөрчилж, шинэ сэргэлтийг бий болгож байна.

Энэ хэрээр Монгол Улс аялал жуулчлалын салбарынхаа стратегийг улам боловсронгуй болгон шинийг сэдэж, гадны жуулчдыг татахад анхаарч эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байна. Энэ хүрээнд “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо”-г байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж ажиллаж байгаа юм. Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байхаас гадна үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын жилийн хуанлиг гаргалаа.

Улмаар аль ч улсын жуулчид Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандартыг бий болгох зорилгоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог байгуулан ажиллаж байна. УИХ-аас Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн батлахаар ажиллаж буй бөгөөд ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахалж байгаа юм. Аялал жуулчлалын тухай хуулиар тус салбарт хэд, хэдэн чухал зохицуулалтуудыг шийдэх шаардлагатай байгаа. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг дангаараа бүрдүүлдэг эл салбарын хувьд эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарна хэмээн Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Энэ хүрээнд Монгол Улс аймгуудаа өөр, өөрийнх нь онцлогт тохируулан аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх зорилт тавиад байна. Тодруулбал, манай улс аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёлын нөөцдөө тулгуурлан бүсчилж хөгжүүлэхээр болов. Тухайлбал, зүүн бүсэд түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх өндөр боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ хүрээнд тухайн бүсүүдэд зочид буудлын хүрэлцээ зэрэг аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах шаардлагатай нүүр тулж байгаа. Энэ бүхнийг Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлсэн найруулгад тусгаж буйгаараа онцлогтой. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, аялал жуулчлалын экспортын шинэ боломжийг нээхэд анхаарах юм. Тухайлбал, агаарын тээврийг төрөлжүүлэх хүрээнд 4-5 агаарын тээврийн боомтыг бий болгох замаар Хөвсгөл, Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлнэ. Энэ хүрээнд олон улсын шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн Улаангом хотоос ОХУ-ын хотууд руу шууд нислэг үйлдэхээс гадна хөвсгөл, хэнтий аймагт 4с зэрэглэлийн нисэх буудлыг бий болгон хөгжүүлэхээр тусгаад байна.

Үр өгөөжтэй, эдийн засагт чухал үүрэгтэй, байгаль орчинд хор нөлөөгүй аялал жуулчлалын салбарт цар тахлаас үүдэлтэй бууралт бий болсон ч эргээд сэргэх хандлага ажиглагдаж байгаа. Тус салбарт хийсэн судалгаа, дүн шинжилгээгээр жуулчдын тоо бага байгаа нь гурван шалтгаантай гэж үзжээ. Нэгдүгээрт, гадагш чиглэсэн маркетинг нэгдсэн бодлогоор хангах, нисэхийн либеральчлалыг яаралтай хийх, олон орны жуулчдын онцлогт тохирсон үйлчилгээний стандартыг бий болгох нь чухал гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тиймээс Монгол Улс 2023-2025 онд жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байна.

Цар тахлаас хойш аялагчдын хандлага тэс өөр болж ирсэн. Дэлхий дахинаа аялал жуулчлал хурдацтай хөгжиж, аяллын нэгдсэн үйлчилгээ онлайн хэлбэрт шилжсэн. Чамгүй хөрөнгө оруулалт, технологийн хөгжүүлэлт шаардсан энэхүү салбарт дотоод, гадаадын аялал жуулчлалд онлайн захиалгын цогц үйлчилгээг нэвтрүүлэхээс эхлээд монголчууд шинэчлэлүүд хийж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *