Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд гурван сая болсныг албан ёсоор зарлалаа


Энэ оны нэгдүгээр сард Монгол Улс гурван сая иргэнтэй болно хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэнийг угтан авах комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалт мэдээллийн үеэр Төрийн тэргүүн “Монголчууд 1962 онд нэг сая, 1988 онд хоёр сая болсон. Тэгвэл 2015 онд гурван сая боллоо” гэсэн бол гурван сая дахь иргэнийн угтан авах комиссын дарга П.Цагаан “Шинэхэн цас бударсан өглөө Монголчууд гурван сая болсноо зарлаж байна. Манайхан хүү төрвөл хил манана. Охин төрвөл мал манана гэж ярьдаг. 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр гал манах охин гурван сая дахь иргэн болж мэндэлжээ” гэв. Үндэсний статистикийн хорооны дарга Мэндсайхан “Монгол Улсын хүн ам тусгай батлагдсан аргачлалаар тодруулсан” гэсэн бол комиссын ажилтнууд өчигдөр орой албан ёсоор тодруулсан юм байна. Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт нэгдүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин өглөөний 08.27 минутад 73 дахь төрөлт болон бүртгэгдсэн гэнэ. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “эх хүүхдийн эрүүл мэнд сайн байгаа” гэдгийг дуулгасан юм.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Засгийн газрын тогтоолоор гурван сая дахь иргэнийг угтах асуудлыг манай яаманд өгсөн. Гурван сая дахь иргэнийг алдаршуулан хоёр өрөө байр, тэтгэмж өгөх бол ойролцоо төрсөн 29 хүүхдэд мөн тэтгэмж олгоно. Түүнчлэн энэ өдөр төрсөн бүх хүүхдүүдэд тэтгэмж болгох юм” гэдгийг нэмж тодотголоо.

Хосууд охиндоо Х.Сэлэнгэ гэдэг нэрийг хайрласан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин гэдэг нэр өгөх саналтай байгаагаа хэлсэн билээ. Гурван сая дахь иргэн эмнэлгээс гараад хоёр хонож байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *