Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд багийн спортод амжилт гаргаж чадна гэдгийг нотолсон ЗАЛУУС

Манай тамирчид оролцсон дэлхийн аваргын тэмцээн бүрээсээ медальтай ирж монголчуудаа баярлуулж байна. Тэд дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг дараалан хүртэж спорт сонирхогч гэлтгүй бүхий л хүний урмыг сэргээсээр. 

Испанийн Гранад хотноо болсон буудлагын залуучуудын ДАШТ-д манай эрэгтэй баг түрүүлж дэлхийн аварга болцгоолоо. Монголчууд багийн спортоор бүгдээрээ хамжаад ийнхүү залуучуудын ангилалд дэлхийн аварга болсон нь бахархмаар амжилт. 

Бид өөрсдийгөө багийн спортод одгүй. Харин ганцаарчилсан тоглолт, тэмцээн, уралдаан, барилдаанд сайн гэж тодорхойлж, итгэсээр ирсэн. Гэтэл Монголын залуу тамирчид багаараа алтан медаль хүртсэн нь дээрх ойлголтыг няцаасан явдал боллоо. 

51 дэх удаагийн буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 100 гаруй орны 2027 тамирчин 55 дасгалд өрсөлдсөн юм. Спортын мастер Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг 1660 оноогоор стандарт гар бууны төрөлд бусад орныг манлайллаа. 25 метрийн залуучуудын дасгалд нийт есөн багийн 32 тамирчин цэцээ сорьсон юм. 

Манай багийн ард Швейцарийн баг 1651 оноогоор, БНХАУ-ын баг 1650 оноогоор тус тус орж мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. 

Монгол Улсын залуучуудын эрэгтэй баг тамирчдын хувьд ДАШТ-ээс авч буй анхны медаль юм. Өмнө нь 2010 онд ОУХМ Цагаандалайн Хонгорзул залуучуудын ДАШТ-д түрүүлж байсныг спорт сонирхогчид мэднэ. 

Гранадын хөх тэнгэрт төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулсан буудлагын залуучуудын багийнхан маань ДАШТ-ээс Азийн наадамд оролцохоор БНСУ-ыг зориод буй. Тэд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын хамтаар төрийнхөө далбааг өргөж, алтан медалиа зүүгээд цахим ертөнцөөр монголчуудтайгаа мэндчилсэн байна. Энэ тухай Л.Ундралбат дасгалжуулагч “Эрэгтэй багийнхан маань гар бууны төрөлд стандарт гар буугаар алтан медаль, эмэгтэйчүүд гар буугаар мөнгөн медаль хүртлээ” хэмээн баярт мэдээгээ хуваалцжээ. 

Тэмцээнээс тэмцээнд, амжилтаас амжилт руу тэмүүлж яваа эдгээр залуус маань манай буудлага спортын ирээдүйг авч явах, дэлхий, олимпийн медалийн буухиаг залгуулах тамирчдын нэг гэдгийг буудлагынхан ярьж байна. 

Г.Буянбаатар одоо 17 настай. Түүнийг спортынхон өсч яваа шилдэг мэргэн буучдын нэг гэдэг. Тэрээр өнгөрсөн хавар Кувейтэд болсон буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хийн гар бууны ХГ-6 төрөлд алтан медаль хүртээд зогсохгүй шигшээд 196.8 оноо авч Ази тивийн финалын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Г.Буянбаатар “Аваргаас аварга” клубийн тамирчин. 

Харин О.Төгөлдөр нь Дархан-Уул аймгийнх. 20 настай. Тэрбээр анх Дархан-Уул аймгийн БХТН-ийн буудлагын клубт А.Далантай багшаар буудлага спортын гараагаа заалгасан бөгөөд одоо гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын “Аваргаас аварга” клубт бэлтгэлээ хийдэг юм. Энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д энэ дасгалд анх удаа түрүүлсэн. Түүнийг амжилт нь ахиж яваа залуу тамирчин хэмээдэг. Ш.Буянзаяа Булганы тамирчин. Манай ирээдүйн шилдэг мэргэн буучдын залгамж болсон түүнийг маш өндөр мэдрэмжтэй тамирчин” хэмээ клубийнхэн нь тодотгосон юм.  

Эдгээр тамирчид маань дэлхийн аваргаас алтан медаль авахын тулд нэлээдгүй хугацаанд хамтарч бэлтгэл хийсэн учир бэлтгэл болоод сэтгэлзүйн хувьд нэг хүн шиг болсон хэмээн багш нар нь үнэлдэг юм байна. 

Ийнхүү буудлагын залуу тамирчид маань нэг хүн шиг, нэг зорилготой байж Дэлхийн аваргын том тэмцээнээс алтан медаль хүртсэн нь монголчууд багийн спортоор амжилт гаргаж чадна гэдгийг нотоллоо. 

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *