Categories
мэдээ нийгэм

Монголбанкны Ерөнхийлөгчийг “Чингис хаан” банкны хохирогчдыг хүлээж авч, уулзахыг шаардлаа


“Чингис хаан банк”-ны хохирогчид цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд уг хэвлэлийн хурлаар дамжуулж Монголбанкны Ерөнхийлөгчийг “Чингис хаан” банкны хохирогчдыг хүлээж авч, уулзахыг шаардсан юм.

Мэдээллийн эхэнд хохирогч Б.Отгонбаяр: “Төрийг төлөөлж буй төв байгууллага буруу мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж байна. Монголбанкны ерөнхийлөгч Чингис хаан банкны хохирогчид биднийг хүлээж авч уулзах хэрэгтэй.

Чингис хаан банканд итгэсний улмаас олон иргэн хохирсон. Энэ асуудалд Монголбанк хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу анхаарал хандуулж, Чингис хаан банканд арга хэмжээ авах ёстой. Бид маш олон удаа Монголбанканд хандсан ч тоохгүй байсаар өнөөдрийг хүрлээ” хэмээн хэллээ.

“2020 оны наймдугаар сарын 18-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлийг хараад бид зайлшгүй энэ мэдээллийг хийх хэрэгтэй боллоо.

Учир нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 11 банкны хоёрынх нь үйл ажиллагаанд доголдол учрах эрсдэл байгааг Аудитын ерөнхий газрын орлогч хэлсэн байдаг. Гэтэл Банкны холбоо болон Монголбанк тухайн өдөртөө тухайн мэдээллийг няцааж, үйл ажиллагаа явуулж буй 11 банк тийм эрсдэлд ороогүй гэсэн мэдэгдэл гаргасан.

Түүнд тулгуурлан асуухад, яагаад Монголбанкны ерөнхийлөгч бүгд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж худлаа яриад байна вэ.

Чингис хаан банк гэхэд улсын хэмжээнд байдаг зургаан салбарынх нь тав нь хаагдчихсан. Нэг салбар нь ямар ч төлбөр тооцоо хийх чадваргүй байхад үйл ажиллагааг нь хэвийн байна гэж үзэж байна.

Уг нь Төв банкны тухай хуульд харилцагч, хадгаламж эзэмшигчийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавин бодлогоор зохицуулна гэж заасан байдаг. Гэтэл Төв банк нь Аудитын газраас гаргасан үгний алдаа дээр түргэн шуурхай ажиллаж, эсрэгээрээ арилжааныхаа банкуудыг хамгаалж байна.

Чингис хаан банканд бидний мөнгөөс гадна, төрийн байгууллагуудын нийт 250 тэрбум төгрөг байршсан нь гэх мэдээлэл бий. Тэр бол татвар төлөгчдийн хөрөнгө. Монголбанкийг төрийг төлөөлж иргэдээ хамгаална гэж бодож хандахад бидний талд нэг ч арга хэмжээ аваагүй. Тэгсэн мөртлөө өчигдөр Аудитын газрын өнгөц дүгнэлтэд яаран хариу мэдэгдэл хийсэн. Энэ нь Чингис хаан банк Монгол банкны удирдлагуудыг удирдаж байгаа гэх хардах сэдэл төрүүлж байна.

2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаар Чингис хаан банк алдагдалтай гарсан. Яг ямар үндэслэлээр үйл ажиллагаа явуулахаа больсон, салбаруудаа хаачихаад байгаа тэр банкийг хэвийн үйл ажиллагаатай гэж мэдэгдээд байгаагаа тодорхой болгох хэрэгтэй.

Хуулийн дагуу Чингис хаан банкны холбогдох этгээдүүд, хувьцаа эзэмшигч нар авсан зээлээ эргүүлэн төлөх ёстой. Үүнийгээ эргүүлэн төлөх хангалттай хугацаа өнгөрсөн ч одоо хүртэл төлөхгүй байна. Бид энэ асуудлаар Чингис хаан банкны удирдлагуудын АТГ-т шалгуулахаар хандсан.

Чингис хаан банканд хуулийн хүрээнд арга хэмжээ авахгүй байгаа Монголбанк удирдлагууд ажлаа хийж чадахгүй байна эсвэл хийх сонирхол алга байна. Монголбанкны удирдлагууд биднийг 24 цагийн дотор хүлээн авч уулзахгүй бол бид УИХ-ын бүх гишүүдэд хандаж, Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах хүртэл тэмцэнэ.

Тус банкны нэг хохирогчийн хохирлын хэмжээ хамгийн багадаа 500 сая төгрөгөөр яригдаж байгаа” гэв.

Хохирогч, хуулийн зөвлөх Н.Оролжмаа “Банкны тухай хуулийн дагуу хохирогчдын анхны шаардлагаар хохирлыг барагдуулах ёстой байсан.

Бид анхны шаардлагаа 2019 оны дөрөвдүгээр улирлын сүүлээр тавьсан байдаг. Түүнээс хойш есөн сарын хугацаа өнгөрсний дараа Монголбанкны ерөнхийлөгч Чингис хаан банкны үйл ажиллагаа тогтвортой гэж мэдээллээ.

Гэтэл тус банкнаас 2018 оны наймдугаар сарын 4-ний өдөр өөрийнхөө үйл ажиллагаа доголдсон гэдгийг албан ёсоор бидэнд мэдэгдчихсэн. Өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн байхад Монголбанк үйл ажиллагаа нь хэвийн гэж мэдээлж байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчил.

40 гаруй хүн Чингис хаан банкны хохирогч болсон. Тэдгээр иргэний хохирлыг барагдуулах ёстой. Мөн сүүлийн үед тус банк нь залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, нэгдүгээр сард Чингис хаан банк харилцагч, хохирогчдодоо мөнгөн хөрөнгөөр хохирлыг барагдуулж чадахгүй. Тиймээс оронд нь барьцаатай байр ав гэх санал тавьсан. Энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн 17.3-т заасан гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа юм.

Бид есөн сарын хугацаанд хүлцэнгүй байлаа. Одоо аргаа барж байна. Цаашдаа бидний хохирлыг Банкны тухай хуулийн 16.1-т заасны дагуу яаралтай барагдуулж өгөхгүй дараа, дараагийн арга хэмжээг авах болно гэдгийг сануулья” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *