Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн бололтой. Түүнийг өчигдөр орой гэрээс нь саатуулан баривчилсан ба “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн ийнхүү шалгаж эхэлжээ. Албан бус мэдээллээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэг санхүүжүүлсэн олон төсөл, арга хэмжээний үр дүн, мөнгө хэвлэсэн зэрэг үйлдлийг шалгаж байгаа аж.
Мөн “Хөгжлийн банк”-ны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад Монголбанк хяналт тавьж ажиллах ёстой хэдий ч үүргээ биелүүлээгүйгээс чанаргүй зээл их хэмжээгээр олгож, тендергүйгээр ажил гүйцэтгүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх бөгөөд дээрх бондуудын хөрөнгө гадаадаас ам.доллароор орж ирэхэд төгрөгт шилжүүлж дундаас нь шамшигдуулсан байх магадлалтай гэж сэжиглэж буй бололтой.