Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор рублийн ханш тасралтгүй унаж байна. Гэвч Монголд рублийн ханш сүүлийн өдрүүдэд тогтворжсон нь ямар шалтгаантай болохыг Монгол банкнаас мэдээллээ.
Тэрний хэлж байгаагаар “Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш нь тайлант өдөрт зах зээлд хийгдсэн ам.долларын арилжааны жигнэсэн дундаж ханш юм. Дотоодын зах зээлд ам.доллараас бусад валютын арилжааны идэвх бага байдаг тул бусад валютын ханшийг зарлахдаа төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг олон улсын зах зээл дэх ам.долларын бусад валюттай харьцах ханш буюу кросс ханшаар үржүүлж тооцдог.
Өөрөөр хэлбэл төгрөгийн рубльтэй харьцах ханшийн хөдөлгөөн нь дотоодын валютын зах зээл дээрх төгрөг ам.долларын ханшийн хөдөлгөөн болон олон улсын зах зээл дээрх рубль ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс давхар хамаардаг гэсэн үг. Ингэснээр дотоодын зах зээлд зарлагдаж буй ханш олон улсын зах зээл дэх ханшнаас ялгаатай тогтохгүй байх боломж бүрддэг юм. ОХУ-д олон улсаас хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнээс шалтгаалан рублийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 3 дугаар сарын 4-ны өдрийн байдлаар 37.9 хувиар сулраад байна” гэв.