Categories
мэдээ улс-төр

​Монголбанк 3.7 их наяд төгрөгийг орон сууцны зээлийн хөтөлбөрт гацаажээ

Эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр Монголбанкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэв. Шалгалтын дүнд хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ: Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөгийн зээл гаргасан. Үүний 3.7 их наяд төгрөг нь орон сууцны зээлийн хөтөлбөрт байгаа юм. Үлдсэн 1 их наяд гаруй төгрөг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах зээлд байгаа юм. Монголбанкны шалгалтын дүнд шатахуун импортлогч 14 компанид 226,4 тэрбум төгрөгийн зээл олгосон гэдэг нь тогтоогдсон. Энэ зээлийг ихэнх аж ахуй нэгж зориулалтын бус зүйлд зарцуулсан. 2012 оноос дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ тогтмол буурсан. Тиймээс манай ажлын хэсэг шатахууны компаниудад зээл олгох шаардлагагүй байсан гэж үзэж байгаа. Мөн Арилжааны банкууд 2,91 хувийн хүү нэмж, 3,8 хувийн хүүтэй зээлийг шатахуун импортлогч компаниудад олгосон гэлээ.

Танилцуулгыг хийсний дараа Байнгын хорооны гишүүдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тайлбар өгсөн юм.

Н.Баяртсайхан: Ажлын хэсэг Монголбанкинд хийсэн тайлангаа бидэнтэй ярилцаагүй. Бид өнөөдөр Байнгын хороон дээр орж ирээд, та бүхэнтэй хамт сонсож байна. Тиймээс албан ёсоор ажлын хэсгийн дүгнэлтийг авч байж хариулах боломжтой болно. Аль ч улсад төв банкны хараат бус байдлыг хүндэтгэдэг. Төв банкны бүрэн эрхийг хуулиар тогтоосон байдаг. Энэ бүгдийг Ажлын хэсэг, Эдийн засгийн байнгын хороо харгалзаж үзэхийг хүсэж байна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *