Японы Гадаад хэргийн яамнаас манга соёлыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулдаг юм байна. Улмаар дэлхийн өнцөг булан бүрээс нэр дэвшигчдийг өрсөлдүүлж, шилдгийг сонгон шалгаруулдаг уламжлалтай ажээ. Өнөө жил монгол зураач тус уралдааны тэргүүн байр, Гран при шагналын эзнээр тодроод байна.
Олон улсын манга уралдааныг дэлхий дахинд түгсэн манга, комиксийн соёл, урлагаар дамжуулан олон улс хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг бөгөөд Монголын зураач Намбаралын Эрдэнэбаяр оролцож, энэ удаагийн тэргүүн байрын шагналыг хүртэв.
Түүний зурган ном бусад оролцогчдын бүтээлээс зөвхөн хүүхдэд зориулж зурсан зургаараа ялгарсан гэнэ. Ном нь “Бумбардай аргалд явсан нь” нэртэй, Бумбардай хүүгийн адал явдлын тухай өгүүлдэг. 108 цувралтай энэ номыг нь Японы хуучин нийслэл болох Киото хотын Манга музейд тавих юм байна.
Монголын өв соёл болох араг, саврын тухай, эх үрийн хайр, хүйн холбоо, монгол домын тухай өгүүлсэн “Бумбардай” цувралаа нүүдлийн соёл, иргэншлээ даяарчлагдан буй энэ ертөнцөд хэрхэн авч үлдэх хойч үедээ уламжлуулах, өөрийн онцлог хэв шинжээ хадгалах, дархлааг тогтоох зорилгоор 2013 оноос эхлүүлжээ.
Тун удахгүй Монголын гурван сая дахь иргэнд зориулсан цуврал бүтээл нь хэвлэлтээс гарах аж.