Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа гэж байгууллага байдаг. Удахгүй монгол залуу Панам улсын далбаатай, БНСУ-ын усан онгоцоор далайн тээвэрт гарна. Энэ тухай Далайн захиргааны ажилтнуудаас тодруулахаар тус байгууллагыг зорив. Манай улсаас 2013 онд арван залууг Солонгосын талын зардлаар БНСУ-ын Загас агнуур, технологийн их сургуульд сургажээ. Тус сургуульд монгол залуус 1.6 жил онолын хичээл үзэж, есөн сар их далайд дадлага хийнэ. Дөрвөн жилийн программыг богино хугацаанд үзэх учраас шалгуур өндөр. Англи, Солонгос хэлний өндөр мэдлэг хэрэгтэй. Энэ сургуулийг төгссөнөөр тэд удирдлагын офицер, инженер офицер гэсэн мэргэжилтэй болно. Одоогоор тус сургуулийг дөрвөн оюутан төгсчээ. Тэдний гурав нь эмэгтэй. Одоогоор тэд Зам, тээврийн яам, Далайн захиргаанд ажиллаж байна. Нэг эрэгтэй нь удахгүй далайд гарахаар бичиг баримтаа бүрдүүлж байгаа Э.Энхбаяр. Тэрээр Панамын усан онгоцон дээр арван сар дадлага хийсэн туршлагатай. Дадлага хийх хугацаандаа 13 орноор дамжсан. Гуравдугаар зэргийн инженер офицер. Түүний диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Монгол орон жилийн дөрвөн улиралтай болохоор элдэв далайн өвчинд нэрвэгдэх нь бага гэнэ. Манай улс Солонгос улстай хамтарсан 50: 50 хувийн хөрөнгө оруулалттай далайн тээврийн компани байгуулсан аж. Солонгосын талаас хувь нийлүүлсэн компани нь зургаан хөлөг онгоцтой. Тэр нь янз бүрийн орны далбаан дор үйл ажиллагаа явуулах эрхтэй. Э.Энхбаярын ажиллах хүсэлтээ гаргасан усан онгоц нь Панамын далбаан дор үйл ажиллагаа явуулдаг Солонгосын хөлөг онгоц. Хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан. Жилд арван сараас доошгүй далайд хөвөх болзолтой. Гадаад харилцаа, Зам тээврийн яамдууд бичиг баримтыг бүрдүүлэх ажилд идэвхтэй дэмжлэг үзүүлсний дүнд тэрээр энэ ондоо багтаж хүссэн далайдаа аялах боломж бүрджээ. Э.Энхбаяр Монгол Улсынхаа далайн тээврийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. Өнөөдөр Солонгост дахин хоёр оюутан далайн мэргэжлээр сурч байгаа. Манай улс далайн хөлөг онгоцтой болж чадвал манай залуус гурван жилийн дотор бэлтгэгдэж амжина. Ямар ч үнэтэй усан онгоц худалдаж аваад өөрийн өртгөө маш богино хугацаанд нөхнө гэдгийг дэлхийн усан тээвэр баталдаг гэнэ. Дэлхий дээр усан онгоцныхоо тоогоор Панам, Хятад улс тэргүүлнэ. Дэлхийн тээврийн 70-80 хувийг усан тээвэр эзэлдэг бөгөөд хамгийн хямд, хүртээмжтэй тээвэрт тооцогддог гэнэ. Өнөөдөр тэнгис далайд Монгол Улсын далбааг мандуулсан 500 гаруй хөлөг аялж байгаа аж. Бидний ярианы явцад мэргэжилтэн эмэгтэй “Манайхан төрийн далбааны тухай хамаагүй ярьдаг үзэгдлийг зогсооход танай сонин туслах хэрэгтэй” гэсэн юм. Тус байгууллагын ажилтнуудад бусад орны хөлөг онгоцонд далбаагаа түрээслүүлдэг, худалддаг, өлгөдөг гэх мэтийн буруу хэллэг хүндхэн тусдаг гэнэ. Зүй нь “Монгол Улсын далбааг мандуулах эрх” гэсэн мэргэжлийн хэллэгийг ашиглах ёстой аж.
Харин манай дотоодын усан тээвэр өнөөдөр аялал жуулчлал дээр тогтдог гэхэд болно. Өмнө нь бензин, барилгын материал, хүнс зөөдөг байсан чирэгч Сүхбаатар онгоц маань суудал тавиад аялал жуулчлалд зүтгэж байгаа аж. Хэдийгээр хүн тээвэрлэх зориулалтын биш боловч бидний монгол арга тус онгоцыг хүн тээхэд аюулгүй хэлбэрт оруулж чаджээ. Хөвсгөл нуур маань далайтай зүйрлэхэд аюул ослын эрсдэл бага, аюулгүй ажиллагааны өндөр стандарт хэрэгжүүлснээр тус хөлөг онгоцоор гадаад, дотоодын жуулчдад үйлчлэх боломжтой болгосон гэнэ. Усан аялал өнөөдөр Хөвсгөлөөр хязгаарлагдахгүй. Нийтдээ 100 гаруй компани усан аяллыг хөгжүүлж байна. Том усан онгоц цөөхөн боловч бага оврын завь, катерууд манайд олноор орж ирдэг. Энэ бүхэнд зориулсан стандарт байдаг бөгөөд иргэд, компаниуд усан хөлөг оруулж ирэхдээ Далайн захиргаанаас зөвшөөрөл авна. Усан хөлгөөр зугаацах, жолоодох эрхийг бас л Далайн захиргаа олгоно. Тэд аюулгүй байдал, техник технологи, хууль эрх зүйн орчны талаар Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газартай хамтран байнгын сургалт, сурталчилгаа явуулдаг аж. Ийм үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Далайн захиргаа Сингапурт тав, Улаанбаатарт 10 хүнтэй. Гэхдээ энд ажилладаг залуус удахгүй Монгол Улс далайд өөрийн гэсэн цөөнгүй усан онгоцтой болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Х.Баттөгс