Дэлхий дахинд алдаршсан дуучин PSY өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ганвон мужийн Ганнюн хотод тоглолтоо хийсний дараа нэгэн эмгэнэлтэй явдал тохиолдсон билээ.
Долдугаар сарын 31-ний өдөр тоглолтын тайзыг буулгах үеэр гэрээт байгууллагын ажилтан болох 20 гаруй насны Монгол улсын иргэн өндрөөс унаж амиа алдсан юм. Талийгаач нь PSY-гийн менежмэнтийг хариуцдаг P Nation компанийн туслан гүйцэтгэгч байгууллагад ажиллаж байжээ.
Өмнөд Солонгосын эрх баригчид уг осол хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам зөрчигдсөнөөс болсон эсэхийг шалгаж байгаа.
Тэгвэл цагдаа нар Пүрэв гарагт Сөүл хот дахь P Nation компанийн төв байранд нэгжлэг явуулсан тухай Өмнөд Солонгосын хөдөлмөрийн яамны Ганвон мужийн салбар өчигдөр мэдээлжээ.
Тухайн өдрийн өглөөний 9:30 цагийн үед PSY-ийн P Nation компани болон талийгаачийн ажилладаг байсан туслан гүйцэтгэгч компанийн байранд цагдаа нар прокурорын зөвшөөрөлтэй нэвтэрсэн юм байна.