Categories
мэдээ улс-төр

Монгол, Японы Ерөнхий сайд нар хэлэлцээ хийлээ

Монгол, Японы Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Гарын үсэг зурсны дараа хоёр улсын Ерөнхий сайд хамтарсан мэдээлэл хийлээ.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ:

-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилж байгаад чин сэтгэлээс халуун мэндчилгээ дэвшүүлье. Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш анхны гадаад айлчлалаа манаы улсад хийсэн нь Монгол Улс Япон улсыг “гуравдагч хөрш” хэмээн чухал ач холбогдол өгч буйн илрэл гэж өндөр үнэлж байна.

Япон, Монгол хоёр улс нь түүхэнд хамгийн ойр дотно харилцааныхаа үед ирлээ. Зөвхөн Засгийн газар хоорондын харилцаагаар зогсохгүй, сүмогийн их аварга Хакүхо болон бусад монгол бөхчүүд амжилттай барилдаж байгаад хоёр улсын ард иргэд хүндэтгэлтэй хандаж байдаг юм.

Гурван жил гаруй хэлэлцэж байж, Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Үүнд маш их баяртай байна.

Энэ нь Монгол Улсын хувьд Эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээр бөгөөд хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэх, Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гэсэн хоёр зорилтыг зэрэг урагшлуулахад чухал үндэс суурь болно гэдэгт итгэл төгс байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ажил хэрэг болгохын төлөө Монголын талтай хамтран ажиллах болно.

Өнөөдрийн хэлэлцээний үеэр иений хөнгөлөлттэй зээлээр Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын төсөлд Монголын талын хүсэлтийг үндэслэн 36 тэрбум 850 сая иений зээлийг нэмж олгохоор боллоо.

Түүнчлэн Монгол Улсын дунд болон урт хугацааны эдийн засгийн бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Японоос мэргэжилтэн илгээх болсныг мэдэгдлээ.

Бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар ч илэн далангүй саналаа солилцож, гадаад харилцаа, аюулгүй байдлын салбарт стратегийн яриа хэлэлцээг улам хөгжүүлэхэд санал нэгдлээ.

Цаашид ч Стратегийн түншлэлд тулгуурлан, гадаад харилцаа, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө ажиллана.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Япон Улсын Ерөнхий сайд, эрхэмсэг ноён Шинзо Абэ таныг бид бүхнийг хүндэтгэн хүлээж авч байгаад гүн талархлаа илэрхийлье.

Монгол Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан ажлууд эхнээсээ биеллээ олж гурван жил гаруй үргэлжилсэн Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл гаргаж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Хэлэлцээрийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ирсэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ танд болон хэлэлцээрийн хоёр баг, холбогдох яамдын хамт олонд талархлаа илэрхийлье.

Энэ хэлэлцээр нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, цаашлаад иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсыг бүс нутаг болон дэлхийн зах зээл, эдийн засгийн интеграцтай холбоход чухал ач холбогдолтой юм.

Энэхүү хэлэлцээрээр түшиглэн Японы хөрөнгө оруулалт, ноу хау-г нэвтрүүлэх, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, эдийн засгийн хэлхээ холбоонд нэгтгэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Өнөөдөр та бидний яриа хэлэлцээ илэн далангүй, найрсаг уур амьсгалд амжилттай болсонд сэтгэл нэн тааламжтай байна. Бидний ярьж тохирсон зүйлүүд болон гарын үсэг зурсан Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дорвитой тус нэмэр болно гэдэгт итгэл төгс байгаагаа дахин илэрхийлье.

Ерөнхий сайд Ш.Абэ танд амжилт хүсч, дараагийн удаа Монголд уулзахыг ерөөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *