Categories
мэдээ нийгэм улс-төр

Монгол, Японы Батлан хамгаалахын сайд нар цахим уулзалт хийв

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон Улсын Батлан хамгаалахын сайд Коно Таротой 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд япон улсын Батлан хамгаалахын сайд Коно Таро дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг өндрөөр үнэлж, талууд цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй туршлага, үйл ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Түүнчлэн, бүс нутгийн аюулгүй байдлын талаар зөвлөлдөж, Монгол Улс, Япон Улсын батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, хамтарсан сургалт дадлага явуулах зэрэг өргөн хүрээнд хөгжиж буйг тэмдэглэн Японы Өөрийгөө хамгаалах хүчин Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр хамтарсан сургалт, дадлагыг цаашид амжилттай үргэлжлүүлэн, хэрэгжүүлэхэд санал нэгдэв.

Коронавирусийн тархалтын улмаас түр хугацаагаар хойшлогдоод байгаа төлөвлөгдсөн айлчлал, гадаад арга хэмжээг цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хэвийн үргэлжлүүлэхээр тохиролцлоо.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны нийтлэг эрх ашиг сонирхол, ард түмнүүдийн найрсаг харилцаа, итгэлцэлд тулгуурлан цаашид илүү хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа болон дэлхий нийтэд учирч буй аюул заналхийлэл болсон цар тахлын аюулыг дарахад хамтын оролцоо, дэмжлэг хамгаас чухлыг талууд онцлон тэмдэглэж энэ хүнд бэрх цаг үеийг бүх нийтээрээ эвлэлдэн нэгдэж, хүчээ нэгтгэн даван туулж чадна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *