Categories
мэдээ нийгэм

Монгол-Японы байгаль орчны асуудлаарх бодлогын зөвлөлдөх уулзалт болж байна

Байгаль орчны асуудлаарх Монгол-Японы Бодлогын зөвлөлдөх 10 дахь удаагийн уулзалт өчигдөр эхэллээ. Зөвлөлдөх уулзалт энэ сарын 2-н хүртэл Улаанбаатар хотноо үргэлжлэх юм. Уулзалтад БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Япон Улсын Байгаль орчны дэд сайд Шигемото Кажихара нар тус тус тэргүүлэн оролцож байна.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр уулзалтын эхэнд Монгол, Япон улс 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орны хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжсөөр ирсэн. Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг амжилттай хөгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгсөөр ирсэн. Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн төсөлд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг олон улсын санхүүгийн дэмжлэгт хамрагдах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох үндэсний чадавхыг бүрдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал өгч, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэн төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог өргөжүүлэх зорилгыг БОАЖЯ тавьн ажиллаж хэмээлээ.

Монгол Японы зөвлөлдөх 10 дахь удаагийн уулзалтаар өмнөх жилүүдэд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж ирсэн төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар хэлэлцэн ирэх онуудад бодлогын төвшинд хамтран ажиллах, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон чиглэлээ тодорхойлох юм. Мөн хоёр тал уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь, Монгол, Япон улсын хоорондын хамтарсан кредит олгох механизмын үйл ажиллагаа, Минаматагийн конвенцын хүрээнд мөнгөн усны менежментийн эсрэг авах арга хэмжээ зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд 2013 байгуулсан “Нүүрс төрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд Хамтарсан кредит олгох механизмын (ХКОМ)-ын төслүүд амжилттай хэрэгжиж буйг хоёр талын төлөөлөгчдийн тэргүүнүүд онцолж байлаа.Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Япон Улсын Байгаль орчны яамтай 2006 онд хоёр талт хамтын ажиллагааны механизм байгуулсан бөгөөд Байгаль орчны асуудлаарх Бодлогын зөвлөлдөх уулзалтыг 2007 оноос зохион байгуулж ирсэн юм.

Мөн Япон улсын Байгаль орчны дэд сайд Шигемото Кажихара, Япон улсын Байгаль орчны яамны Даян дэлхийн байгаль орчны товчооны Олон улсын стратегийн хэлтсийн дарга М.Какегава зэрэг төлөөлөгчид хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчний төслийн үйл ажиллагаатай танилцлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *