Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газрын комиссын 7 дугаар хуралдаан энэ сарын 18, 21-нд цахимаар боллоо.
Комиссын Монголын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Унгарын хэсгийг тус улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Эдийн засгийн гадаад харилцааны асуудал хариуцсан орлогч Төрийн нарийн бичгийн дарга Юу Иштван нар тус тус даргалав.
Хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуй, усны менежмент, тээвэр, боловсрол, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчин, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, Протоколд гарын үсэг зурав.
Комиссын хуралдааны хүрээнд Монгол Улсын Соёлын яам, Унгар Улсын Хүний хөгжлийн яам Кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай харилцан ойлголцлын санамж бичигт Соёлын сайд Ч.Номин, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обрушански нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын мега төслүүдэд хөрөнгө оруулалт татах, худалдааны эргэлтийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийн салбарын хамтын ажиллагаа чухал гэдэгтэй талууд санал нэгдэж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов. Мөн Монгол, Унгарын Засгийн газрын агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах яриа хэлэлцээ идэвхтэй үргэлжилж буйг тэмдэглэж, хоёр улсын хооронд шууд нислэг нээх боломжийг судлахаар талууд мөн тохиров.
Унгарын Засгийн газраас манай улсад олгодог 200 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлж байгааг Комиссын Монголын хэсгийн дарга З.Мэндсайхан сайшаан талархаж, хөтөлбөр цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.
Комиссын хуралдааны үеэр соёлын дурсгалт өвийг сэргээн засварлах, музей судлал, түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, археологийн хамтарсан судалгаа явуулах, хоёр талын хамтарсан шинжилгээний баг харилцан солилцох зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой тохиролцоонд хүрсэн нь чухал байв.