Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны сургалтыг НҮБ хүлээн зөвшөөрөв DNN.mn

НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албанаас өнгөрөгч наймдугаар сард мэргэжлийн шинжээчид Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд ажиллажээ. Ингэхдээ Монгол Улсын Зэвсэгт хүчнээс зохион байгуулдаг “НҮБ-ын Цэргийн Ажиглагч Офицер”-ын сургалтыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалтын стандарт шаардлагыг хангаж буй эсэхэд үнэлгээ өгөх зорилготой байсан аж. Улмаар тус сургалтын үйл ажиллагааг Нэгдсэн Үндэстний Байгууллага хүлээн зөвшөөрч, НҮБ-ын сургалтын Сертификат олгохоор шийдвэрлэсэн юм. Ингэснээр Монгол Улс болон дэлхийн бусад улс орнуудын Зэвсэгт хүчний офицерууд манай улсад НҮБ-ын шалгуур хангаж, хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдах боломж бүрдлээ.

Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, хурандаа Д.Ганхуягт НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албаны дарга Марк Педерсон Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зохион байгуулдаг “НҮБ-ын Цэргийн Ажиглагч Офицер”-ын сургалтыг НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн, сертификатыг гардуулжээ.

Ташрамд дурдахад Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг бэлтгэх зорилгоор 2003 оноос “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хээрийн болон Команд штабын сургууль, Энхийг сахиулах ажиллагааны цэргийн ажиглагч офицерын дамжаа, Штабын офицерын дамжааг бусад улс орнуудын цэргийн алба хаагчдыг оролцуулан зохион байгуулдаг болж, жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдсэн билээ. Тухайлбал; Таван толгой дахь Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын цэргийн ажиглагчийн дамжааг 2009 хойш нийт 14 удаа зохион байгуулж, гадаад улсын 82, Монгол Улсын 253 цэргийн алба хаагч хамрагдаж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх мэдлэг, чадвар, дадлагыг эзэмшүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *