Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын манлай харцага, “Өвөө” багшийнд өнжлөө

Энэ удаад бид Монгол Улсын манлай харцага, бөхчүүд дундаа “Өвөө” багш хэмээн хүндлэгддэг Чойдорын Өвгөнхүүгийнд өнжлөө. Өнгөрөгч баасан гаригт “Өвөө” багштай Бөхийн өргөөнд уулзах цаг товлоод очиход, “жилд нэг авдаг цолны урамшуулал, амралтын өдөр зохион байгуулагдах “Харцага” цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны урилгаа авах гэж ирсэн” тухайгаа хуучилсан юм. Эндээс гараад бид өөрийнх нь нэрлэснээр “өвгөчүүлийн” гэгдэх ахмадын хорооллыг зорилоо.

Гэрт ормогц зээ охин А.Энэрэл нь “Өвөө ирлээ” гээд гүйж ирж үнсүүлэх нь өхөөрдмөөр. “Өвөө” багш жинхэнээсээ өвөө болж 12 ач зээгийн өмөг түшиг болсон нь энэ ажээ. Монгол Улсын манлай харцага Ч.Өвгөнхүү өнөөдөр Энэбиш даргынхаа өгсөн хоёр өрөө байранд охин, хүргэн, зээ хүү Билгүүн, зээ охин а.Энэрэл нарынхаа хамт эгэл даруухан амьдарч байна. Том өрөөнд ормогц Чингистэй хивс, хивсэн дээр олимп, тив, дэлхийн аваргаас хүртэж байсан медаль бүхий туузаа өлгөсөн нь шууд нүдэнд тусна. Жүдогийн дэлхийн аварга, Самбо бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медалиас эхлээд Москва, Мюнхэний олимпод оролцож байсан дурсгалын медалиуд нь түүний бөхийн спортод зориулсан дусал хөлс бүрийн гэрч болон дурайх ажээ.

Харин хойд хананд байрлах хүрэн шүүгээнд нутгийн шүтээн “алтан овоо”, хань ижлийнхээ хөрөг зургийг байрлуулсан байх юм. Тэртээ 1966 онд нэг нэг чемодантай хоёр талаас нийлж, таван охин, хоёр хүүг нь төрүүлж өгсөн хань Н.Цагаандарь нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд гурван оныг үджээ. Охин Ө.Үржинбадам нь цай унд дөхүүлэх зуураа “Бид аавд хань болоод хамт байдаг юм. Та хоёр сайхан ярилцана биз” гээд гарлаа.

Ч.Өвгөнхүү багш, “Зээ хүү Билгүүнийгээ барилдаж магадгүй гэж горьдож сууна.Одоогоор надад баригдаж, барилдахгүй л байгаа. Гэхдээ бөх, морь хоёрыг гэмтээж болдоггүй юм. Цаг нь ирэхээр болох биз” гээд хүүгээ өхөөрдөн харна. “Өвөө” багшийн өргөсөн эцэг Дашням хүүдээ үрээний эмээл, хулсан лимбэ, мөнгөн аяга зэхэж, “Миний хүү бөх болно” гэдэг байж.

Бөхийн спортод анх хөл тавьсан үеэ “1963 онд “Хөдөлмөр” нийгэмлэгийн спорт танхимд хоёр нөхрийн хамт бөх үзэхээр очиход тасалбар ав гээд хавьтуулдаггүй. Цэргийн залуучуудад тасалбар авах мөнгө байхгүй тул барилдах цэргүүд аргалаад ортол жижүүр өвгөн шүүгчдэд гурван цэрэг дайрч орлоо гээд хов хүргэсэн юм билээ. Ингээд урьд өмнө заал танхимын барилдаанд нэг ч удаа үзэгдэж байгаагүй гурван цэрэг нэгийн даваанд хоёр аварга, нэг арслангийн аманд “зөөлөн боов” болж очсон юм. Би тэр жил улсын наадамд түрүүлж, улсын арслан болсон Ж.Мөнхбатын аманд очсон. Муу эрийн шийдсэн мэх гэгчээр унах нь тодорхой юм чинь гэж бодоод золгонгуутаа тонгортол залуу арслан унаж танхим даяар шуугиад явчихсан. Барилдаан өндөрлөмөгц нутгийн ах улсын начин Дашдаваагийн аав Лувсандорж гуай ирж “Нутгийн дүү миний хүүд хань болох нь” гээд арван төгрөгөөр мялааж байсан” гэж дурсав. Дараа жил нь армийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болж. Тэр барилдаанд 18 давсан Д.Сэрээтэр, Т.Артаг, Шаравдоржтой хамт дөрвүүлээ цэргийн арслан цол хүртсэн юм байна. Ингэж л “Алдар” нийгэмлэгийн бөх болжээ.

Ч.Өвгөнхүү багшийн амьдралыг ардын арми, “Алдар” нийгэмлэггүйгээр төсөөлөх аргагүй. Тийм ч болохоор “өвөө” багш “Гитель үзэх үү” гэсээр нөгөө өрөөнөөс энгэр дүүрэн одон, хошууч мөрдэстэй гителиэ авчирч үзүүллээ. “Тухайн үед манай ранг хошууч байсан. Одоо бол дэд хурандаа болсон. 2016 онд “Алдар” спорт хорооны 70 жилийн ойгоор дэд хурандаа цолоо зүүчих гэхээр нь, яах вэ, надад хошууч цол минь ээлтэй гээд бөөн инээдэм болсон” гэж байна.

XX зууны манлай начин Ч.Өвгөнхүү гуайн зургийн цомогт монгол бөхийн нэгэн жарны түүх дурайх аж. Түүний зургийн цомогт Хадаа аваргын зураг нэлээд харагдсан тул сайхан дурсамж хуваалцаач гэхэд, “Хадаа маань түмний хайртай бөх, миний хайртай шавь байлаа. Анх 1970 онд 18 настай цэрэг Холбооны 13 дугаар ангид ирэхэд нь “Алдар” нийгэмлэгтээ авч бөхөөр хичээллүүлсэн. Улсын наадамд хоёр түрүүлсэн. Түүнээс ч их амжилт гаргах боломж байсан. Хүнд муу санадаггүй цаас шиг цагаан хүн байсан даа. Манайхантай их дотно. Том хүүгийн минь хуримыг зохион байгуулж байлаа шүү дээ. Мөн шавь нараасаа Ч.Бээжин аваргадаа их хайртай. Уг нь анх Бээжин гуай миний багш байсан юм. Дараа нь би багш нь болсон. Нас, цолны хувьд надаас илүү ч “багш аа” гэж дуудна. Бидний үе тийм л дэгтэй байлаа” гэсэн юм. Тэрбээр 1972 онд биеийн тамирын дасгалжуулагч, багшийн ангийг Х.Баянмөнх, З.Ойдов, Чанрав нарын арав гаруй нөхдийн хамт дүүргэж байжээ.

Хайрт шавь Хадаа аваргын хамт

Таныг бөх сонирхогчид үүнээс илүү амжилт үзүүлэх чадалтай байсан гэж ярьдаг. Энэ талаар санаа бодлоо хуваалцаач гэхэд, “Илүү амжилт үзүүлэх бяр, хүч, ухаан сэтгэл зүйн бэлтгэл бүрэн байсан ч аз од тойрчихсон юм болов уу гэж харамсан дурсах мөч олон тохиож байсан. Би 1972 онд дасгалжуулагч болсон. Багш хүн өөрөөсөө илүүтэй шавьдаа анхаарал хандуулж, өөрийгөө гаргуунд нь гаргадаг гэдэг. Үүнээс гадна яг ид барилдаж байх үед самбо бөхийн Олон улсын аварга шалгаруулах тэмцээн гурван жил дараалан Москва хотноо долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагддаг байсан. Жин хасч барилдчихаад арванд улсын наадамд барилддаг байлаа. Тэгэхдээ нэг нь тав даваад, хоёрт нь дөрөв давсан юм. Гэхдээ яахав, олон хүнийг бөхийн ертөнцөд татан оруулснаараа бахархаж явдаг. Шавь нар маань амжилт гаргавал өөрөө гаргаснаас ялгаа юу байхав гэж боддог” хэмээсэн юм.

Монгол түмний их баяр цагаан сар хаяанд ирээд байна. Ертөнцийн гурван баяны нэгд багш хүнийг оруулж болох шиг санагддаг. Таны цагаан сар хөл ихтэй болдог байх даа гэхэд, “Манайх цагаан сараа Улаанхуаранд байдаг гурван өрөө байрандаа гаргадаг. Самбо, жүдогийн гавьяат багш Машбат дасгалжуулагч, Дашдаваа начин хоёр маань бурхан болсон болохоор очиж золгох хүн байхгүй. Тийм болохоор цагаан сараар шавь нараа хүлээж л суух болж дээ. Ц.Магалжав, Анхбаяр хоёр заавал ирдэг. Ер нь бол 500 гаруй хүн ирнэ. Бөхийн өргөөнд болдог битүүлгийн үеэр Баянхонгорын Баасанхүү багштайгаа уулздаг” гэлээ.

Өвгөнхүү харцага цай ойчлонгоо “Одоо ч тэгээд намайг мэдэх, тоох хүн цөөрч байна даа. Цэргийн ерөнхий сургууль дээр бэлтгэл хийж байгаа Сүхбаатарын бөхчүүд дээрээ хааяа очдог. Зундаа “Хайрын бэлэг” амралтанд очиж, “Жавхлант шарга” дэвжээн дээр сайн дураараа бэлтгэлд гардаг. Дээхнэ үед Даншиг наадмын шөвгийн наймд Сэцэн хан аймгийн зургаан бөх үлддэг байлаа. Чүлтэм аварга, Өсөхбаяр аварга, Буянтоо аварга гээд сайхан бөхчүүд байсан. Манай аймаг орон нутгийн удирдлагууд бөхчүүдээ дэмждэггүй. Уг нь манай улсад ганц байдаг спортын дэд доктор Нямаа Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынх. Бид хоёроос гадна хоёр гурван ч багш бий. Гэтэл манай аймгаас сайн бөхчүүд гарахгүй байгаа нь орон нутгаас дэмжихгүй байгаагаас болж байна гэж боддог. Намайг улсын начин болох үед Увс аймагт улаан гуталт Цэрэндорж, Гэлэгжамц гэж хоёр бөх л байсан. Өнөөдөр Увс аймагт 38 улсын цолтон төрөөд байна шүү” хэмээн хуучлав.

Таныг сайн бөх, сайн дасгалжуулагч байснаас гадна Бөхийн өргөөг босгоход гар бие оролцож явсан гэдэг. Монгол орныг тойрч хандив цуглуулж явахад тохиолдсон хөгжилтэй явдлаасаа хуваалцахгүй юу гэхэд, “Би 1990 онд тэтгэвэртээ гарч, хоёр жил гэртээ суусан. Тэгээд Монголын үндэсний бөхийн холбооны “Итгэмжит элч” болж хандив цуглуулахаар 18 аймгийг тойрсон. Монголын ард түмэн бөхдөө хайртай болохоор хаана ч очсон хоосон буцаагаагүй. Эхэндээ гуйх арга эвээ олохгүй жаахан будилсан. Даваасамбуу гуай бид хоёр хамт явсан. Бөх хүн хоосон хонохгүй гэдэг үг үнэн шүү. Хаана ч явсан нялх балчраасаа эхлээд бүгд хүндэтгэж, бололцооныхоо хэрээр мөнгө өгч байсан. Хөдөөнийхөн тэр бүр мөнгөтэй байх нь ховор учраас мал их өгсөн. Тухайн үед Бөхийн холбоо намайг жаахан гомдоосон доо. Тэгээд “Алдар” нийгэмлэгт зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн юм” гэлээ.

1967 оны Улсын баяр наадмын зургаагийн даваанд уран мэхт улсын арслан Ч.Бээжинг хоёр дахиа өвдөг шороодуулсан нь

“Гарьд магнай” кинонд Гомбо аваргын дүрийг бүтээсэн талаараа “Ж.Бунтар найруулагч миний цэрэг Д.Батдоржийг Далайцэрэнгийн дүрд тоглуулахын тулд надад дүр өгсөн юм. Намайг цэргээ өгөхгүй гээд уурлаад байхаар надад дүр өгсөн хэрэг. Би үүнээс өмнө “Хань” кинонд тоглох гэж бүтэн сар Тэрэлжийн эрэг дээр зураг авалт хийлгэсэн хүн байхгүй юу. Гэтэл кино гартал би бараг харагддаггүй. Ингээд кинонд их сүжиг муутай болчихсон байсан үе. Ж.Бунтар гуай “Танай салааны энэ цэрэг л яг таараад байна. Энэ цэргээ өгчих л дөө” гэхэд нь “Энэ хүү чинь жүдо бөхийн шигшээ багийн цугларалтад дуудагдаж байгаа бөх хүн. Тэгж бэлтгэлийг нь таслуулахгүй” гэж ширүүхэн хэлээд “Хань” кинонд хэрхэн тоглосноо дурсаад амжсан юм. Гэтэл Ж.Бунтар гуай “Энэ удаад танд том аваргын дүр өгнө” гэхээр нь зөвшөөрчихлөө. Ж.Бунтар найруулагч тэр үед манай салаа цэргийг авахдаа “Алдар”-ын дарга асан Б.Тавхай гуайд нэг ноёны дүр өгсөн юм. Гэтэл кино гарахад тэр дүр огт гараагүй” гэж дурсав. Харцага яриагаа “Тэр үед Далайцэрэн бид хоёрын хайн унадаг хэсгийн зургийг авахдаа Далайцэрэн биш та давж буй мэт гэхдээ хайн байдлаар уна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ердөө нэг л удаа тэр зургийг авахуулахад Ж.Бунтар гуай “Яг болсон. Жинхэнэ гоё зураг боллоо. Ахиад та давтаж чадахгүй” гэж хэлсэн. Сүүлд Сүрэнжав гуай “Гарьд магнай” кинонд тоглосон хүмүүсийг цуглуулсан. Тийм уулзалт их гоё болдог юм билээ. Одоо нэг тэгж бөөгнүүлээсэй гэж боддог. Нас ахихаар тиймэрхүү юм сонирхдог юм байна. Кино гарсны дараа Ж.Бунтар найруулагч намайг “Монгол кино үйлдвэр дээр очоод хоёр цаг суугаад шалдан зургаа зуруулаач” гэсэн. Би үндэс, самбо, жүдогийн гурван бөхийн төрлөөр дасгалжуулагч хийж байсан болохоор очиж амжаагүй. Гэр орондоо ч харагдаж үзэгдэх нь ховор байсан даа. Хэрвээ зуруулсан бол жинхэнэ монгол бөхийн дүртэй хүн байна гээд дахиад киноны пробонд орох боломжтой байсан юм билээ” хэмээн үргэлжлүүлэв.

Гурван удаа гавьяатад тодорхойлсны дараа 1992 онд тэтгэвэрт гарсныхаа эцэст гавьяат цол хүртжээ. Биеийн тамирын хороо болон “Алдар” нийгэмлэгээс тодорхойлолт явуулсан гэнэ. Тухайн үед Н.Гэрэлсүрэн гэж хүн “Нэг хүнд хоёр газраас тодорхойлолт ирэхийг ерөөсөө үзээгүй. Үүнийг шалга, зальтай хүн байна” гэж байж. Дамбасүрэн гэдэг хүн шалгаад “Үнэхээр юм хийсэн хүн байна” гэж байжээ.

Ч.Өвгөнхүү харцага өнөөдөр нас сүүдэр дал хол гарсан ч тавьтай юм шиг дэвхэлзэж явах нь бөхийн спортод нэг насаа зориулсных нь буян заяа гэлтэй.

Түүний алдрын буланд “Ахмадын дэлхийн аварга”-ын хүндэт өргөмжлөл, жүдо бөхийн тавдугаар дангийн сертификат хүндтэй байр эзэлж байна. Жирийн малчны гэрт төрж, өнчин өрөөсөн ганцаар Улаанбаатар хотод илгээлт өвөртлөн ирж байсан Ч.Өвгөнхүү харцагын алдрын булан таван охин, хоёр хүү, ач зээ нарынх нь хамгийн нандин өв болжээ.

Б.НАРАНЧИМЭГ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *