Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хэмжээнд 64375 залуус иргэний үнэмлэхээ гардан авлаа

Монгол Улсын хэмжээнд 64375 залуус иргэний үнэмлэхээ гардан авлааГэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын холбооноос хамтран Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэхүү ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Гал голомт хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, дуучин Б.Маралжингоо, 2017 оны Дэлхийн миссийн Монгол оролцогч Ц.Энхжин болон 16 настнуудын төлөөлөл болсон 850 шилдэг сурагч оролцлоо.

Уг ёслолын үйл ажиллагааг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Иргэн хэмээх хүндтэй, хариуцлагатай алдрыг дуурсгаж явах эрхэм дүү нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь амжилт хүсье. Манай улс бол залуучуудын орон. Нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны ид сурч, хөдөлмөрлөх залуучууд эзэлж байна. Төрөөс хүүхэд, залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг оновчтой, тогтвортой байлгахын талаар анхаарч ажиллаж байна. Монгол Улс залуучуудынхаа хөгжил оролцоог дэмжих албан ёсны хууль эрхзүйн орчныг бий болгосон цөөхөн улс орны нэг боллоо. Улсын Их Хурлаас “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг 2017 онд баталснаар залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй орчинд амьдрах болон хувь хүний хөгжлийн асуудалд төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож өсвөр үе, залуучуудын хөгжих боломжийг нэмэгдүүлж байгаа юм. “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” 2018 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Ингэснээр 21 аймаг, есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдаж, сэтгэлзүй, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөх, эрүүл мэнд болон хууль эрхзүйн үйлчилгээнд холбон зуучлах, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа явуулах боломжтой болно.Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хүүхэд, залуусынхаа ирээдүйд хувь нэмэр болох үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрүүдийг бүхий л талаар дэмжин ажиллана. Залуус та бүхэн эх орныхоо баялаг түүхээс суралцаж, ахмад үеэ хүндэтгэн, улс орныхоо хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүрэг хүлээн, зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр сурч, ажиллан, улсынхаа нэр хүндтэй иргэн байна гэдэгт итгэлтэй байна.Өвөг дээдсийн ариун үйл хэрэг, тууштай тэмцлийн гэрч болсон арваннэгдүгээр сарын 26 буюу Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй та бүхэн Монгол Улсын бахархалт иргэн болсноо ёсолж байгаад баяр хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Энэ жил манай улсын хэмжээнд 64375 залуус 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байна. Уг үйл ажиллагаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нэгэн зэрэг явагдаж, 16 настнууд иргэний үнэмлэхээ гардаж авсаныг энд дурьдая.

Дашрамд сонирхуулахад, тус ёслолын үйл ажиллагааг Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Мобиком Корпораци, Гоо брэнд, Монголын Үндэсний түүхийн музей ивээн тэтгэж оролцсон байна.

Энэ үеэр иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаанд оролцсон сурагчидтай уулзаж, сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.

Б.Эрдэнэ-Очир:Бид ирээдүйг хамтдаа бүтээнэ

/Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн 12е ангийн сурагч/

-Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолд оролцож байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр би 16 нас хүрч, иргэний андгай өргөн, Монголынхоо эрхэм хүндтэй хүмүүсээс батламж гардан авлаа. Мөн өнөөдрийн үйл ажиллагаанд маш сайхан хүмүүс илтгэл тавьлаа. Илтгэлд цаашид амьдралдаа мөрдөж, зарчим болгох зүйлсийг дурьдсан. Үүнийг цаашид би үргэлж бодож, амьдралдаа хэрэгжүүлэх болно. Иргэний андгай өргөсний дараа Төрийн дуулал эгшиглэх үед нулимс өөрийн эрхгүй цийлэгнэж байлаа. Төрийнхөө сүлд рүү хараад зогсож байхдаа, ирээдүйд улс эх орноо дэлхийд өрсөлдөхүйц хүчирхэг болгоход миний оролцоо маш чухал гэдгийг бодсон. Тиймээс эрдэм номд шамдан суралцаж, улс эх орондоо ихийг хийх болно. Бид өнөөдрөөс эхлээд ирээдүйг хамтдаа бүтээнэ. Бүх 16 настнууддаа амжилт хүсье.

С.Номундарь:Иргэний үнэмлэх гардаж авна гэдэг хариуцлага нэмэгдэж буйн шинж гэдгийг ойлголоо

/Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 12б ангийн сурагч/

-Өнөөдөр Монгол Улсын түүхэнд маш чухал өдөр тохиож байгаа. Учир нь гэвэл Монгол Улс анх удаа Үндсэн хуулиа баталсан түүхт өдөр. Би 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй мянга мянган хүүхдүүдийг төлөөлөн индэр дээрээс үг хэлсэн нь маш их нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улсын иргэн байна гэдэг зүгээр нэг хэрэг биш. Бид иргэний үнэмлэхээ гардаж авч байна гэдэг цаашид улс эх орныхоо төлөө хичээнгүйлэн суралцаж, ихийг хийж бүтээх хариуцлага нэмэгдсэн.

Алтаншагай:Иргэний андгай өргөх ёслолд оролцсондоо маш их баяртай байна

/Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч/

-Түүхэн тэмдэглэлт өдөр үеийн олон нөхөдтэйгээ хамт Иргэний андгай өргөж, батламжаа гардаж авсандаа маш их баяртай байна. Би өөрийнхөө ирээдүйг их гоё өнгөтэйгөөр хардаг. Ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан хүн болохыг мөрөөддөг. Би эдийн засагч мэргэжилтэй болно. Үеийн найзууддаа хандаж хэлэхэд, улс эх орны ирээдүй биднээс шалтгаална. Тиймээс боловсрол сайн эзэмшиж, сайн хүн болон төлөвших нь чухал шүү гэж хэлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *