Өнөөдөр /2018.04.25/ Монгол Улсын Их Сургууль Солонгосын өгөгдлийн агентлаг буюу Korea Data Agency /K-Data/-тай харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ. Korea Data Agency /K-Data/ нь Өгөгдлийн үйлдвэрлэлийн (Data Industry) өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх, өгөгдөл түшиглэсэн шинэ бизнес үүсгэхэд дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага юм.
Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэх ёслолд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал Н.Баатарбилэг, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч Н.Оюун-Эрдэнэ, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Ч.Алтангэрэл, Г.Амарсанаа, Ч.Лодойравсал, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр болон Солонгосын өгөгдлийн агентлагын Техникийн болон чанарын албаны дарга Жүн Хёон Ли /Junghyun Lee/, Техникийн болон чанарын албаны ерөнхий менежер Сун Жон Лим /Sungjoon Lim/, Техникийн болон чанарын албаны ахлах судлаач Ян Сик Ким /Youngsik Kim/ нар оролцов.
МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Өгөгдлийг үнэн зөв, бүрэн гүйцэд, анхдагч эх сурвалжаас, олон талаас нь нэгтгэж мэдлэгийн цахим сан үүсгэх чиглэлээр МУИС-ийн Машин оюуны лаборатори, түүний Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн баг, өгөгдлийн сангийн удирдлага, гүйцэтгэл, хяналт шинжилгээ чиглэлээр ажилладаг өгөгдлийн сангийн профессорын багууд судалгаа хийж ажилладаг. Бидэнд тодорхой чадвар, туршлага бий ч үүнийг улам бүр хөгжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллаж байгаад таатай байна. Манай сургуулийн хувьд их өгөгдөл, өгөгдлийн инженерчлэл, өгөгдлийн менежментийг улсдаа хөгжүүлж энэ чиглэлээр шинэ технологи бий болгох, илүү олон хүмүүсийг ажиллуулах, бэлтгэх сонирхол бий. Монгол Улсад өгөгдлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлж ирж буй тоон ертөнцөд улсаа хөтлөн оруулах нь бидний хувьд зайлшгүй хүлээх үүрэг мөн. Өгөгдөл бол шинэ зууны баялаг мөн” гээд цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн МКУТ-ийн компьютерийн лабораториудад Өгөгдлийн санг удирдах системийн лицензтэй програм хангамжийг K-Data байгууллагаас нийлүүлэх, Төрийн бусад байгууллагатай холбоо тогтоох, хамтын ажиллагаа эхлүүлэхэд зуучлах, Өгөгдлийн технологи, Улс дамнасан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж байна.
Тус байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг 2015 оноос хойш ярилцаж хамтран ажиллах чиглэл, боломжийг судалсан бөгөөд Их сургууль, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өгөгдлийн технологийн хүрээнд хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэн өнөөдөр ийнхүү санамж бичгийг үзэглэлээ.