Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.07.01) өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 19 минутад эхэлж,УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд оруулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн хийсэн.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцлов.


Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга нь бүлгээс гарах өргөдөл өгсөнтэй холбогдуулан бүлгийн үлдсэн гишүүдийн тоо хуульд заасан хязгаарт хүрэхгүй байгаа учраас өнөөдрөөс бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болж буйг мэдэгдэв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндэсний их баяр наадмын тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *