Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын гурван саналыг хамтарсан тунхаглалд тусгалаа

Энэ бол Монгол Улс энэ байгууллагад, ер нь бүс нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байна-

БНХАУ-ын Шанхай хотноо болж байгаа Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал АХАИББХ-ын дээд хэмжээний IV уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын талаар, мөн энэ үеэр хөрш хоёр орны төрийн тэргүүнтэй уулзсан уулзалтын талаар уг үйл явдлыг газар дээр нь сурвалжилж байгаа Монголын хэвлэл мэдээллийн төлөөллүүдэд ярилцлага өглөө.

-Энэ удаагийн уулзалтын онцлог юу байв?

-Дөрвөн жил тутам болдог уулзалт улам өргөжиж, бүс нутгийн улс орнуудыг хамарч байгаа нь харагдаж байна. Энэ удаагийн уулзалтад дэлхийн 47 орны төлөөлөл оролцож байна.

-АХАИББХ гэсэн энэ байгууллагад Монгол Улс ямар суурь эзэлж байна вэ?

-Уулзалтын төгсгөлд хамтарсан тунхаглал гарч байгаа. Энэ тунхаглалд Монгол Улсын санал санаачилгатай гурван чухал зүйл тусгагдсан нь Монгол Улсын байр суурийг илтгэх байх. Нэгдүгээрт, Монгол Улсын “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг гишүүн орнууд дэмжин хамтарсан тунхаглалд тусгалаа. Энэ бол бүс нутагт тулгарч байгаа шийдвэрлэх асуудлуудаар яриа хэлэлцээ өрнүүлэх механизм байх юм. Монгол Улс бүс нутагтаа бусад улс оронтой ямарваа нэг зөрчилдөөнт асуудалгүй, олон талт яриа хэлэлцээг санаачлан өрнүүлэх давуу талтай юм. Нэн ялангуяа Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улс идэвхтэй ажиллах боломжтой. Энэ асуудлаар Монгол Улс ирэх зургадугаар сард Улаанбаатар хотноо олон талын өргөн оролцоо бүхий уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын цөмийн зэсвгээс ангид байх санал санаачилга маш өргөн дэмжлэг хүлээсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд манай орны санаачилгыг дэмжиж, Монгол улсын цөмийн зувсэггүй бүс гэсэн статусыг баталгаажуулсаныг мэдэж байгаа байх. Монгол Улсын энэ санаачилгыг дэмжиж мөн хамтарсан тунхаглалд тусгалаа. Гуравдугаарт, Монгол Улсын 2006 онд санаачилсан Далайд гарцгүй орнуудын Олон улсын судалгааны төв Улаанбаатар хотноо байгуулагдаад байна. Энэ төвийн үйл ажиллагаанд улс орнуудыг татан оролцуулах асуудлыг мөн хамтарсан тунхаглалд тусгалаа. Энэ бол Монгол Улс энэ байгууллагад, ер нь бүс нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байна.

-Шанхайд Та хөрш хоёр орныхоо төрийн тэргүүнтэй уулзлаа. Уулзалтын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Монголын гадаад харилцааны хамгийн гол чиглэл бол хөрш хоёр оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх явдал. Энэ бол харилцааны их чухал хэсэг. БНХАУ-ын дарга Си Жинпинтэй хийсэн уулзалт маш элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Уулзалт албан ёсоор хагас цаг төлөвлөгдсөн ч уулзалт нийтдээ хоёр цаг 10 минут үргэлжилсэн олон зүйлийг өгүүлж байгаа байх. Бид маш олон зүйлийн талаар ярьсан. Хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн уулзалт мөн амжилттай болсон. Тулгарч байгаа асуудлаа хамтарч шийдье гэдэг дээр санал нэгдлээ. Асуудлаа шийднэ гэдэг бол гэрээ хэлэлцээ хийнэ гэсэн үг. Бидэнд шийдэх асуудал олон бий. Энэ олон асуудлын нилээд нь зөьхөн хоёр талын биш, гурван талын, өөрөөр хэлбэл, хоёр хөрш болоод монголчууд бидний идэвхтэй оролцоотой байх хэрэгтэй гэдгийг ярилаа. Тиймээс зарим асуудал дээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо. Хоёр хөрш маань хэн хэн шинэ удирдлагатай болоод удаагүй байна. Шинэ удирдагчид тулгарч байгаа асуудлуудыг шийдэх эрмэлзэл дүүрэн байна. Шанхайн уулзалтыг залгаад Монгол Улсын Ерөнхий сайд мөн ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзах гэж байна. Санкт Петербург хотноо зохиогддог уламжлалт эдийн засгийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайдыг оролцохыг урьсан. Ноён Путин сая Шанхайд нэг зүйлийг амалсан. Шийдэх шаардлагатай байгаа асуудлуудаар холөогдох хүмүүсийг Санкт Петербург хотноо Ерөнхий сайдыг уулзуулахаар боллоо. Төмөр замын транзит тээврийн асуудлаар Монгол Улс гол зангилаа газар гэдгийг ноён Путин хэлсэн. Энэ нь манай байр суурьтай ижил гэсэн үг. Монголоор дамжин өнгөрөх нь эдийн засгийн үр ашигтай. Үүнээс гадна Монгол Улс ОХУ болон БНХАУ-ын дунд байрлаж байгаа нь маш ач холбогдолтой. Монгол аюулгүй гэдгийг ойлгож байгаа.

-Танд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *