Categories
мэдээ нийгэм

Монгол улсын гавьяат жүжигчин дуучин Х. Төмөрбаатар таалал төгсжээ


“Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Сэтгэлийн жигүүр”, “Ханийн дуу”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” зэрэг дуугаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж, ард түмэндээ хүндлэгдсэн Гавьяат жүжигчин, дуучин Хайдавын Төмөрбаатар таалал төгслөө. Монголын эстрадын урлагт домог болсон нэрт дуучин Хайдавын Төмөрбаатар нь 1951 оны 9-р сарын 15-нд Улаанбаатарт мэндэлжээ.

1968 оноос ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийн төгөлдөр хуурын ангид сурч байгаад ирсэн тэрбээр 1974 онд Улсын Филармонийн “Баянмонгол” чуулгад дуучнаар орсон.

https://youtu.be/I9lQX5NoGpo

1977 онд ЗХУ-ын Сочи хотод зохион байгуулагдсан улс төрийн дууны “Красная Гвоздика” уралдаанд оролцож “Баллада о красках”, “Знаете вы каким он парнем был” зэрэг дуугаар тусгай байрын шагнал хүртэж байлаа.

1983-1984 онд Төмөрбаатар хэсэг хугацаанд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн уран сайхны удирдаачаар ажиллаж хүүхдийн “Найрамдал” зусланд хамтлагаараа суурин байрлаж хүүхдийн дууны бүхэл бүтэн хөтөлбөр гаргаж чаджээ.

1984 онд Германы Дрезден хотод “Рок шлягер”, 1988 онд Куба улсын Гавана хотноо зохион байгуулагдсан Джаз фестивальд дуулж тусгай шагналтай ирж байлаа. Улаанбаатарт болдог “Анд нөхдийн ая дуу” хөтөлбөрт тэрээр олон удаа оролцсон юм. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэн 1991 онд “Алтан гадас” одон, 2000 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, 2019 онд Төрийн шагналыг тус тус хүртээжээ.

Түүний уран бүтээлүүдээс Юнител групп “Hero Entertainment” студитэй хамтран ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх сэтгэлд хоногшсон 100 дууны жагсаалтад дуучин Х.Төмөрбаатарын “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь” дуунуудыг зүй ёсоор оруулсан билээ.

Г. Шүүдэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *