Монгол Улсын зөвлөх инженер, Монгол Улсын гавьяат барилгачин Д.Нанзаддоржтой ярилцлаа.
-Нийслэлийн авто замын газрын даргаар ажиллаж байсан тантай Улаанбаатарын замын өнөөдрийн тулгамдсан асуудлын талаар ярилцъя гэж бодож явсан юм. Та Э.Бат-Үүлийн үед замын түгжрэлийг шийдэхийн төлөө чамгүй ажилласан мэргэжлийн цөөхөн хүний нэг. Хоёулаа эрх зүйн орчны талаас нь яриагаа эхлэх нь зөв байх. Авто замын тухай шинэ хуульд ямар нэмэлт, өөрчлөлтүүд орсон бэ?
-Авто замын тухай хууль анх 1998 оны нэгдүгээр сарын 2-нд батлагдсан. Үүнээс хойш арав орчим жилийн дараа өнгөрсөн оны УИХ-ын чуулганаар шинэчилж, өөрчилсөн хуулийн төслийг баталсан. Уг Хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөх ёстой. Хэд хэдэн чухал заалтууд нэмэгдсэн. Тухайлбал, авто замын норм норматив, техникийн бичиг баримт, Норм нормативын сан гэсэн бүлэг шинээр оруулж ирсэн. Авто зам барихад техникийн бичиг баримт, норм норматив, стандарт хэрэгтэй. Энэ нормативуудын байгааг нь сайжруулах, байхгүйг нь шинээр боловсруулах ажлууд нэлээн их хэмжээгээр гардаг. Тиймээс энэ норм нормативын сангаар юу хийх вэ, хөрөнгийн эх үүсвэрийг яаж шийдэх талаар хуульчлан баталж өгсөн. Зураг төсөл боловсруулсан, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан, авто зам барьсан, зассан, төсөвт өртгийн 0.4 хувиар санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоно гэж хуульчилж зааж өгсөн нь их ач холбогдолтой заалт болсон.
Зам барих явцад зураг төсөл боловсруулсан инженерийн алдаа гарлаа гэхэд тухайн хохирлыг зураг төслийн байгууллага хариуцна гэж тусдаа бүлэгтэй болсон. Уг бүлэгт хариуцлагыг нь заагаад өгчихсөн. Мөн магадлан итгэмжлэл хийдэг зөвлөх инженерүүд, зураг төслийн алдааг зургийн инженерийн нэгэн адилаар хариуцлага хүлээх хуулийн заалт тусгагдсан. Мөн зам барихдаа заавал хөндлөнгийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний хяналт дор ажлаа гүйцэтгэнэ гэдгийг хуульчилсан. Уг хуульд гүйцэтгэгч компани гурван жилийн баталгаат хугацаанд технологийн эвдрэл, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас чанарын доголдол гарвал хохирлыг өөрийн хөрөнгөөр засахаар болсон. Өмнөх хуульд зам барилгын ажлын баталгаат хугацаа гурван жил байна гэсэн заалт байгаагүй. Барилгын тухай хуулийг мөрддөг байсан. Мөн авто замын ажлыг ашиглалтад оруулах, хүлээлгэж өгөх асуудал гээд шинэ хуульд хуульчилж заасан олон асуудал бий.
-Шинээр батлагдсан авто замын тухай хуулийн хэрэгжилт ямар байна?
-Хууль 2017 оны долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжихээр заагдсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэх журмууд нь гараагүй байна. Журамгүй учраас хууль хэрэгжих тал дээр өрөөсгөл байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах яам, төрийн байгууллага ажлаа муу хийж байна гэсэн үг. Хуулиа хэрэгжүүлж авто замын санг бүрдүүлэх гээд асар их ажил бий.
-Тэгэхээр хууль хэрэгжихгүй, журам батлагдахгүй байгаагийн бас нэг асуудал нь сантай холбоотой юм байна?
-Хуучин авто замын тухай хуульд Авто замын санд орж ирж байгаа мөнгөний зарцуулалтыг төсвийн нэгэн адилаар авч үзнэ гэж заасан. Энэ нь төсвөөс орж ирж байгаа, замын сангаас орж ирж байгаа мөнгийг ялгахад их түвэгтэй байсан. Тэгвэл шинэ хуульд уг заалтыг хүчингүй болгосон. Жишээ нь, шинэ хуульд импортоор оруулж ирж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувийг замын санд төвлөрүүлнэ гэж заасан. Тэгвэл энэ татвараар 2018 оны эхний хагас жил дуусаж байхад хэдэн төгрөг замын санд орсон бэ гэдэг тодорхойгүй байх жишээтэй.
-Хотын замын түгжрэлд сөргөөр нөлөөлж буй нэг асуудал бол төв замаар хотоос баруун, зүүн тийш гардаг ганц урсгал байдаг. Үүнийг хэрхэн шийдэх боломжтой вэ?
-Тийм шүү. Улаанбаатар хотоос баруун, зүүн тийш хотын түгжрэл үүсдэг. Манай хотод байгаа ганц төв зам бол Энхтайваны өргөн чөлөө. Уг зам Улиастайн гүүрээс эхлээд төв замаараа 22-ын товчоо хүртэлх ганц шулуун зам юм. Бусад зэрэгцээ замууд сүүлийн жилүүдэд баригдаж байгаа ч үндсэн замтайгаа холбогдох ажил нь бүрэн хийгдэж дуусаагүй. Тэгэхээр энэ түгжрэлийг бууруулахын тулд хотын удирдлага тодорхой ажлуудыг хийх ёстой. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2015 оны УИХ-ын чуулганаар баталсан. Энэ төлөвлөгөөнд хотын төвийн хойд, урд талаар зам барих тухай тодорхой тусгагдсан байдаг. Эхний ээлжинд Улаанбаатар хотын хойд талаар гадна тойруугийн эхний хэсэг Чингэлтэй, Хайлааст, Маахуур толгой, Улиастай, Налайх гэсэн чиглэлээр, мөн баруун зүгт Баянхошуу, Тахилт, 22-ын товчоо чиглэлд гадна тойруугийн замыг барих ёстой. 2012-2016 онд би Нийслэлийн авто замын газрын даргаар ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлж эхэлсэн олон ажил бий. Энэ ажлуудыг залгамжилж үргэлжлүүлэх тал дээр хангалтгүй байгаа.
-Тодорхой хэлбэл авто замын ямар ажлуудыг үргэлжлүүлэн хийгээд явбал үр дүнтэй вэ?
-Гэмтлийн эмнэлгийн баруун талын зам дээр хоёр түвшний уулзвар бариад 21 дүгээр хороололтой холбогдох 3.5 км авто замын зураг төсөл бэлэн байгаа. Энэ ажлыг эхлүүлэх гээд чадаагүй. Энэ замын зурвас газарт 220 гаруй айл өрх, аж ахуйн нэгж хамрагдаж газраа чөлөөлөх ёстой. Энэ зурвас газрыг гаргачих юм бол баруун тийшээ явж байгаа ачаалал эхний ээлжинд үлэмж хэмжээгээр багасна. Дүүрэг, тэр дундаа Сонгинохайрхан хамгийн их хүн амтай. Хоёр, гурав салгана гэж яригдаж байна. Дүүрэг салгаад хөдөлгөөний ачаалал сайжрахгүй ээ. Төрийн албан хаагчдын орон тоо л нэмэгдэнэ. Харин тус дүүрэг рүү хүрэх замын хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой. Энэ хүртээмжийг нэмэгдүүлэх эхний алхам бол миний хэлдэг 3.5 км зам юм. Мөн 2016 оны сонгуулийн өмнө бид зураг төсөл, концессоор хөрөнгийн асуудлыг нь шийдээд Орбит, Найрамдал чиглэлийн замыг засах ажлыг эхлүүлж, гүйцэтгэгчийг тодруулж, нээлт хийсэн. Харамсалтай нь хотын шинэ удирдлага энэ ажлыг өнөөдөр хүртэл эхлээгүй байна. Энэ замыг засварлаж, өргөтгөөд гэмтлийн эмнэлгээс 21 дүгээр хороолол руу явж байгаа 3.5км замыг барьчихвал Толгойтын замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдсэн учраас Толгойт, Орбит, Баянхошуу, Тахилт зэрэг чиглэлийн хөдөлгөөний түгжрэл эрс хэмжээгээр буурах ёстой. Мөн ард иргэдийн нэрлэдгээр Таван шарын өмнөх төмөр замын уулзвар байна. Үүн дээр түгжрэл маш их үүсдэг. Энэ уулзвар дээр гүүрэн гарц барих техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн. Энэ ажлыг заавал хийх ёстой. Тус баригдах гүүрэн гарцыг зөвхөн төмөр зам дээгүүр гүүр барих биш ойр орчных нь Толгойт, Найрамдал, Орбит, 22-ын товчоо руу явж байгаа замуудтай гүүрээ хоёр түвшинд огтолцуулах хэлбэрээр шийдвэрлэх ёстой. Энэ ажил хийгдчих юм бол баруун зүгийн хөдөлгөөнийг сааруулах томоохон ажил болно. Зүүн тийшээ Налайхын замыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. 2016 онд бид Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих тендрийг нь зарлаад, нээж үнэлгээ хийхэд бэлэн болгоод өгсөн. Харамсалтай нь сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудлыг эхлүүлэх тал дээр өнөөгийн хотын удирдлага туйлын хариуцлагагүй хандаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ ажил өдийд эхэлчихсэн байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл эхлээгүй байна. Энд ямар гацаа байгааг даан ч мэдэхгүй байна. Үүнийг яаралтай эхлүүлэх ёстой. Налайхын замд өргөтгөл шинэчэлэлт хийгдчих юм бол зүүн талаас ирж байгаа хөдөлгөөний түгжрэл үлэмж их хэмжээгээр саарна. Улиастай чиглэлийн зам өргөтгөл хийгдчихсэн байгаа. Түүнээс баруун тийш Өгөөмөр захын орчмоос төмөр зам доогуур нүхэн гарц, зам барьж Дүнжингаравын замтай холбох. Ингэснээр зүүнээс ирж байгаа автомашинууд Энхтайваны өргөн чөлөөнд гацах биш тодорхой хэсэг нь Дүнжингаравын замыг ачаалж хөдөлгөөний зохион байгуулалт зөв болох ёстой. Гэвч ганц аюул бий. Ард иргэд хэвлэл мэдээллээр шүүмжилдэг Home Plaza гэдэг барилга дээр ирээд бүгд түгжирнэ. Дүнжингаравын зам, Баянмонгол хорооллын зам, урдаасаа Их тэнгэрийн зам, баруун талаасаа Махатма Гандийн гудамж буюу төв цэнгэлдэхийн араар явдаг зам гээд бүх чиглэлийн замууд Home Plaza гэдэг барилга дээр ирээд түгжрэлийг үүсгэдэг. Ирэх жилээс замын цагдаагийн газрын гүүр ашиглалтад орвол хойноосоо төмөр зам дээгүүр орж ирээд мөн л Home plaza дээр түгжирнэ. Хувийн хөрөнгөөр баригдсан энэ том барилгыг буулгаж шилжүүлнэ гэдэг нь хувь хүн болоод аж ахуйн нэгжид хүндээр тусах нь ойлгомжтой. Гэхдээ тус асуудлыг хотын удирдлага шийдэхгүй бол энэ орчмын ачаалал мөнхөд түгжрээтэй хэвээрээ байна. Энэ барилга маш их саад хийнэ. Хотын удирдлага хотын түгжрэлийг бууруулъя гэвэл Home Plaza-гаа буулгах ёстой. Энэ Home Plaza-гийнхаа асуудлыг шийдчих юм бол хотын зүүн, баруун тийшээ гарахад замын хөдөлгөөний ачаалал мөн ч их буурна даа.
-Та нийслэлийнхны анхаарлын төвд байгаа Замын цагдаагийн гүүрэн гарц зам, Яармагийн шинээр баригдах гүүрийн загвар схемийг баталсан автор нь. Хүмүүс төдийлөн мэддэггүй юм шиг байна лээ?
-Миний хийж бүтээсэн зүйлсээс хамгийн их бахархаж явдаг ажил бол Замын цагдаагийн гүүрэн гарц, зам болон Яармагийн шинээр баригдах гүүр юм. Би 2012 оны есдүгээр сард Нийслэлийн авто замын даргын ажилд томилогдон ирэхэд дээрх хоёр ажлын сонгон шалгаруулалтад хийгдчихсэн. Гэрээ байгуулах мэдэгдэл ирсэн. Замын цагдаагийн уулзварын өмнөх загвар нь яг Нарны гүүр төмөр зам дээгүүр гүүрээ давуулаад замтайгаа холбогдолгүй хоёр тийшээ хагас замаар буудаг шиг загвар байсан. Энэ нь замын хөдөлгөөний асуудлыг шийдэж байгаа юм биш, зүгээр л төмөр зам дээгүүр гүүр барьж байгаа хэрэг. Энэ талаар хятадуудтай жил гаруй ярилцсаны эцэст одоогийн баригдаж байгаа загвар схемийг баталж, зураг төслийн ажлыг эхлүүлсэн. Угаасаа энэ ажил нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хэрэгжих төсөл байсан юм. Өөрөөр хэлбэл энэ загвар нь гүүр, Нарны замын уулзвар хэсэгт хоёр түвшинд огтлолцож, хойшоо Гадаад харилцааны яамны чиглэл буюу Олимпийн гудамж руу эргэх баруун эргэлтийг нэмэлт хоёр эгнээгээр Олимпийн гудамжнаас Нарны зам руу эргэх баруун эргэлтийг мөн нэмэлт хоёр эгнээгээр, Нарны замаар баруун талаас ирж байгаа баруун эргэлтийг урагш мөн хоёр нэмэлт эгнээгээр тус тус эргүүлэхээр шийдсэн загвар юм.
-Яармагийн гүүрний тухайд…?
-Тендерт ялсан загвар нь зүгээр л Яармагийн гүүрний хажуугаар шинээр гүүр барихаар загвар байсан. Бас л маш удаан ярилцсаны эцэст одоо баригдаж байгаа загвар схемийг зөвшилцөж баталсан. Энэ нь Богд уулын араар ирж байгаа зам гүүрийн урд хэсэгт Яармагийн замтай хоёр түвшинд огтлолцож, гүүрийн хойд талдаа Чингисийн өргөн чөлөөний зам, гуравдугаар цахилгаан станцын чиглэлийн шинээр баригдсан замтай тунелиэр хоёр түвшинд огтлолцох загвар юм. Энэ хоёр ажлын нэг сайн тал нь гүйцэтгэгч нь хоёулаа Хятадын төмөр замын 20 дугаар групп компани юм. Ийм учраас зөвшилцөхөд арай хялбар байсан гэсэн үг. Эдгээр ажлууд нь монгол инженерийн хийж байгаа оюуны том бүтээл. Миний хувьд энэ мэргэжлийг эзэмшиж 38 жил ажиллаж байгаа Монгол Улсын гавьяат барилгачин хүний хувьд үүнийг хийж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Энэ загвар схемийг батлахад надтай нэг баг болон миний орлогч даргаар ажиллаж байсан инженер Г.Баттогтох, Д.Баясгалан, гадаадын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Хасбаатар нар маш их хичээл зүтгэл гаргаж хамтран ажилласанд талархлаа илэрхийлье. Баригдсаны дараа ард түмэн харах болно.
-Таныг нийслэлийн авто замын газрын даргаар ажиллаж байх үед нийслэлд авто замын тухайлсан ямар томоохон ажлууд хийгдсэн бэ. Нэгэнт хийгдсэн ажлуудаа өнөөдөр ярих нь бахархал шүү дээ?
-2012-2016 онд Нийслэлийн авто замын даргаар ажиллаж байхдаа урьд хожид байгаагүй их замыг шинээр барьж, өргөтгөн шинэчилж чадсанаа хаана ч нүүр бардам хэлнэ. Яагаад гэвэл бүгд л тэр зам дээгүүр явж байгаа болохоор. Өнгөрсөн дөрвөн жилээ эргээд харахад нийтдээ 180 км замыг шинээр барьсан байна. Дөрвөн жилийн хугацаанд 220 орчим км замыг өргөтгөн шинэчилсэн. Улаанбаатар хотын төв дэх бүх замыг өргөтгөн шинэчлэсэн байна. Та бүхэн мэдэж байгаа. Их тэнгэрийн зам, Төв цэнгэлдэхийн араар явж байгаа Гандигийн гудамж, Баянмонгол хорооллын зам, Дүнжингаравын зам, Шарга морьтын зуслангийн зам, Нисэх биокомбинат шувуун фабрикийн зам гээд Улаанбаатар хотын бага тойрог болон гадна тойргийн бүх замыг өргөтгөн шинэчилсэн. Мөн төмөр зам доогуур нүхэн гарц гаргасан. Энхтайваны гүүрийн зүүн талд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд хийсэн гүүрэн гарц байна. Энхтайваны гүүрийн ачааллыг сайхан задалж байгаа. Саруул хотхонтой холбосон Соёолжийн хажуу талын гүүрэн гарц бий. Мөн Баянмонгол хорооллын гүүрэн гарц байна. Энэ бол үндсэндээ төмөр замын аюулгүй байдлыг хангах, төмөр зам, авто замын огтлолцлыг хоёр түвшинд шийдсэн бас л шинэлэг ажил юм. Үүнийг хийсэндээ бас их бахдалтай байгаа. Дээрээс нь явган хүний хөдөлгөөн бол Улаанбаатар хотын түгжрэлийг маш их саатуулдаг, аваар осол гардаг, хүний амь насанд аюултай. 2012-2016 онд дөрвөн байршилд явган хүний гүүрэн гарц хийсэн. Бөмбөгөрийн хажууд явган хүний гүүрэн гарц, Зуун айлын хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн гүүрэн гарц, 120 мянгат, Ажилчдын соёлын төвийн арын улаан гүүр. Дээрээс нь бид чулуун зам гэдгийг анх удаа Улаанбаатар хотод Лениний музей буюу Мишээл зочид буудлын орчим, Зүүн хүрээ хийд орчмын хороолол, Урт цагааны урд талын зам зэрэг нийт найман байршилд барьсан нь хурд сааруулагч болон борооны ус зайлуулах систем шаардлагагүй шийдэгдсэн шинэлэг ажлын нэг юм. Нийслэлийн иргэдээс авсан хамгийн том үнэлгээ бол Шарга морьтын 16,8 км зуслангийн зам юм. Зуслангийн ажилтай зэрэгцээд, замын ажил эхэлдэг. Яах вэ гэдэг асуудал тулгарсан. Урьдчилж хотын дарга Э.Бат-үүл бид хоёр ард иргэдээсээ уучлалт хүсэж, зуслангийн чиглэлийн зам барилгын ажил эхэллээ шүү, тиймээс та бүхэн зуслангийн нэг зуныг тэсвэрлээд, боломж байдаг бол хөдөө орон нутагтаа очиж амраарай гэсэн мэдээллийг өгсөн. Ерөнхийдөө зам баригдаад олон бэрхшээл учирч магадгүй гэж хэвлэл мэдээллээр мэдээлсэн. Энэ ажлыг нэг зуны дотор л хийж дуусгасан. Олон УИХ-ын гишүүн яаж та нар энэ их ажлыг, хөдөлгөөн хаахгүйгээр ийм хурдан хугацаанд амжуулж чадав гэж байлаа. Мөн олон иргэд баяр хүргэсэн. Энэ бол үнэхээр гайхалтай бүтээн байгуулалт болсон юм. Энэ завшааныг ашиглан тэр үед хамт ажиллаж байсан нийслэлийн авто замын газрын хамт олон, зам барилгын ажилд оролцсон компаниудын нийт замчиддаа маш их баярлаж явдаг юм. Авто замыг ард түмэнд хүндрэл бэрхшээлгүй хийе гэж хүсвэл, зоригловол болж бүтдэг л ажил. Дараа нь хийсэн бүтээснээ харах, дээгүүр нь давхиж явахад аз жаргалтай байдаг юм. Өнөөдрийн нийслэлийн удирдлагууд зам барилгын бүтээн байгуулалт дээр болж бүтэхгүйгээ эхэлж ярих юм. Замын ажлыг нийслэлчүүддээ эхэлж зөв ойлгуулаад, хөрөнгө мөнгө, зураг төслийг нь зөв шийдээд явахад тийм ч хүнд ажил биш юм. Буянтай ажил шүү.