Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монгол судлалыг дэмжихээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” дөрөв дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо энэ сарын 18-19-нд болж байна.

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон Улсын Монгол судлалын холбоо, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй тус хуралд оролцохоор ирсэн олон улсын монгол судлаач эрдэмтдийн төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тэрбээр олон улсын эрдэм шинжилгээний IV хурлыг хамтран зохион байгуулж, ач холбогдолтой илтгэл хэлэлцүүлж байгаа монгол судлаач эрдэмтдэд талархаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, монгол судлалыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Мөн монгол судлал, Монголын түүх, соёлын өвийг судлахад гол үүрэгтэй монгол судлаачид ирсэнд талархал илэрхийлэхийн ялдамд, ирэх жил тохиох Хархорум хот байгуулсны 800 жилийн ой, 2021 онд болох Монгол судлалын 12 дугаар Их хуралд идэвхтэй оролцохыг хүслээ.

Энэ удаагийн хуралд Монгол судлалын ууган төв Санкт-Петербург хотын Улсын Эрмитаж музей, Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Санкт-Петербургийн Шинжлэх ухааны архив, Улаан-Үдийн Монгол, Будда, Төвдийн судлалын хүрээлэн, Оросын угсаатны музейн нэртэй судлаачид оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *