Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбооны орнуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Европын Холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суурин болон хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг хүлээн авч уулзав. Европын Холбооны орнуудын Элчин сайд нарыг төлөөлөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа үг хэлж, Европын Холбооны зүгээс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж буйг тэмдэглэв. Европын Холбооны орнуудын Элчин сайд нар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр болон 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Европын Холбоо, Монгол Улс хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хичээл зүтгэл гарган ажиллахыг Элчин сайд Траян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлав. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын ил тод байдал, орчныг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэйг онцлоод, хоёр талын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд тууштай ажиллахыг хүслээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулж, Монгол Улсын аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хэрэгжүүлж буй бодлого, хийж буй ажлуудын хүрээнд санал бодлоо солилцов. Тухайлбал, Европын орнуудаас хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын нарийн мэргэжилтнүүдийг Монголд урьж ажиллуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдгаа илэрхийллээ. Түүнчлэн, ирэх онд тохиох Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг үр дүнтэй, бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүлээн авч уулзаж, нээлттэй ярилцлага өрнүүлсэнд нь талархал илэрхийлээд, уламжлал болон зохион байгуулагдаж буй уг уулзалт цаашид үргэлжилж, хоёр талын хамтын ажиллагаа бүхий л түвшинд бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *