Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явж байна. Энэ удаагийн уулзалт нь хоёр улсын Төрийн тэргүүний тав дахь удаагийн уулзалт юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “…БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ хэмээн найрсгаар яриа дэлгэн мэндчиллээ.

Мөн эрхэмсэг ноён Ши Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн коронавирусний тархалтыг удахгүй ялан дийлж, цаг зуурын бэрхшээл сорилтыг давж чадна…” гээд БНХАУ-ын шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг ялан дийлэх нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг (4709,6 км) хөрш орны хувьд коронавирусний асуудалд Монголын ард түмэн ч санаа зовж байгаа бөгөөд цаг үеийн байдалтай холбогдуулан хоёр орны хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэдий ч коронавирусний тархалт буурсны дараа иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн болж, худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа удам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд коронавирусний асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

БНХАУ-д коронавирусний халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв.

Уулзалтад, Монголын талаас айлчлалын бүрэлдэхүүнд багтаж буй албан ёсны төлөөлөгчид, Хятадын талаас ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн хорооны Тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Улсын хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Хө Лифөн, Худалдааны сайд Жун Шань, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй нарын төлөөлөгчид оролцов.

Уулзалт халуун дотно, найрсаг болж өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнөөдөр БНХАУ-ын Ардын Их Хурлын ордны “Зүүн их” танхимд албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай өмнө нь хоёр удаа уулзаж байсан талаараа дурдаад, БНХАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож буй энэ үед дахин уулзаж байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү уулзалт нь 70 жилийн хамтын ажиллагааны ололт амжилт болоод цаашдын зорилго, чиглэлээ тодорхойлох чухал уулзалт болохыг тэмдэглээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд хоёр орны харилцааны асуудлаар санал солилцохдоо өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлээ бүхий л түвшинд тасралтгүй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд гэхэд БНХАУ-аас Монгол Улсад олгосон буцалтгүй зээл, тусламжийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талаасаа анхаарч, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус нэмүү өртөг шингээсэн, түүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэхэд голчлон анхаарч ажиллах болсон юм. Тухайлбал, Монгол Улсын баруун бүсээс Хятадад экспортлох махны хориг, улсын зүүн болон баруун бүсээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг саналыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч, энэ хүрээнд ажлын баг гаргахаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ”, энэхүү сүлжээний бүс нутгийн байгууллагыг бий болгох санаачилгыг БНХАУ дэмжиж байгаа хэмээв.

Дээрх төслөөс гадна ОХУ-БНХАУ-ын хооронд байгалийн хий дамжуулах шугам, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зарим боомтын ажиллах цагийг уртасгах зэрэг хоёр орны худалдаа эдийн засаг, гурван талт хамтын ажиллагаа, соёл боловсрол, олон улс, бүс нутгийн зэрэг өргөн сэдвээр албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тяньаньмэний талбайд байрлах Хятадын ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзлаа

Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирээд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо үр дүнтэй ажил хэрэгч хоёр талт уулзалт хийснээс хойш дахин уулзаж хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч яриа өрнүүлэх боломж гарсанд талархалтай байгаагаа цохон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супэр сүлжээ байгуулах болон ОХУ-БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрэмбэлэх талаар хамтарч ажиллах, хөдөө аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлыг дэмжиж ажиллахыг хүслээ. Мөн Замын-Үүд-Алтанбулагийн хурдны зам байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт тодорхой саналууд тавьж ярилцлаа.

БНХАУ-ын дарга Cи Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг иж бүрэн утгаар шинэчилж, худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн ажил хэрэгч саналуудыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2019 оны эхний улиралд БНХАУ-д төрийн айлчлал хийж, Бүс ба зам санаачилгын дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохыг дахин урьлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Cи Жиньпинтэй өнгөрсөн зургадугаар сард Чиндао хотноо уулзахдаа санал болгосон Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тус улсад экспортлох саналыг хүлээн авч дэмжиж ажиллахаар болсон талаараа Хятад улсын тал мэдэгдлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн ирэх онд тохиох Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бүтээлч, ажил хэрэгчээр тэмдэглэх болон хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг эдийн засгийн харилцан ашигтай хөгжүүлэх чиглэлээр мөн санал солилцсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *