Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл” хэрэгжинэ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Дэлхийн Банкны Группийн Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Зүүн Ази, Номхон Далайн бүсийн захирал Мона Хаддад-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд тэрээр Дэлхийн Банкны Группын Олон Улсын Санхүүгийн Корпорацаас /ОУСК/ Монгол Улсын Засгийн газарт техникийн туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Дэлхийн Банкны Группийн Олон Улсын Санхүүгийн Корпорациас өмнө нь манай улсад 2009-2016 онд “Бизнесийн хяналтын шинэтгэл”-ийн төсөл амжилттай хэрэгжиж байсан билээ. Улмаар тус байгууллагаас энэ онд “Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” хэрэгжүүлж байгаа юм.Цаашид ОУСК-аас шинээр “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Харин Дэлхийн Банкны Группийн Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Зүүн Ази, Номхон Далайн бүсийн захирал Мона Хаддад хэлэхдээ “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх” төслийн зорилго нь: Шинэ зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, хилийн худалдааны зардлыг бууруулах, тэргүүлэх ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний чанарын стандарт, нэмүү өртгийг нэмэгдүүлэх замаар экспортын төрөлжилтийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх юм. Тус төслийн хүрээнд дараах бүрэлдэхүүн ажлуудад төвлөрч ажиллана гэв. Үүнд:

– Импортлогч улс орнуудын тарифын болон тарифын бус, түүнчлэн холбогдох зохицуулалтын саад тотгорыг бууруулах, экспортын бараа бүтээгдэхүүн, түүний дотор малын гаралтай бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн институц, дадлыг бий болгох замаар зах зээлд (ялангуяа хөрш зэргэлдээ улс орон болон Чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдэж буй улс орнуудын хувьд) нэвтрэх чадамжийг дээшлүүлэх;

– Худалдааны хууль эрх зүйн зохицуулалтын уялдааг хангаж хялбарчлах, хилийн хяналт болон түүний үйл явцтай холбоотой хүндрэл, чирэгдлийг бууруулах, худалдааны нэгдсэн порталыг байгуулах замаар худалдааг хөнгөвчлөх, ложистикийг сайжруулах;

– Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, стандартыг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, экспортод чиглэсэн малын гаралтай бүтээгдэхүүний брэнд тэмдэг, гэрчилгээг олгох, экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн үнэ цэнийн сүлжээнд нэвтрэх, хамрагдахад бизнес эрхлэгчдийн чадамжийг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн чадамжийг бэхжүүлэх зэрэг болно гэв.

Шадар сайд уулзалтын үеэр уг төслийг экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монголын бараа бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргахад жинтэй хувь нэмэр оруулна гэж тодотголоо. “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хилийн худалдааны зардлыг бууруулах, мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний чанарын стандарт, нэмүү өртгийг нэмэгдүүлэх замаар экспортын төрөлжилтийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *