Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын дээгүүр нисэх агаарын хөлгийн тоо 7 хувиар нэмэгджээ DNN.mn

Ковидын цар тахлаас үүдэн буураад байсан манай улсын дээгүүр дамжин өнгөрөх олон улсын нислэг 7 хувиар өсжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын дээгүүр нийт 598 агаарын хөлөг нисэн өнгөрсөн байна. Энэ талаар ИНЕГ-ын даргын өнөөдөр болсон ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаанаар мэдээллээ. Хуралдаанаар мөн даваа гарагт болсон ЗТХ-ийн сайдын шуурхай хуралдаанаар хэлэлцсэн зарим мэдээллийг хүргэлээ.

Тодруулбал, өнгөрсөн сард Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын хооронд шууд нислэгийн суудлын багтаамж жилд 1.5 сая болж нэмэгджээ. Түүнчлэн энэ оны 3 дугаар сарын 7-нд Кувейт, 9-нд Катар улстай, мөн Казахстан улстай Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах хэлэлцээр, 5 дугаар сард Унгар, Грек улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах талаар мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрөөс орон нутгийн нислэгт татаас олгох, Катар, Кувейт улстай байгуулах Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл, 3 дугаар сарын 15-ны хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болсныг танилцуулав.

Тодруулж мэдээлэхэд, өнгөрсөн хоёр жилд олон улсын нөхцөл байдлаас үүдэн олон улс орон агаарын орон зайдаа хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор Монгол Улсаар дамжин өнгөрөх олон улсын нислэгийн тоо 50 орчим хувиар буурсан юм. Нислэгийн оргил үед олон улсын иргэний агаарын тээврийн хөлгийн дамжин өнгөрөлт долоо хоногт 2-3 мянган удаагийн нислэгтэй, дунджаар 8.7 хувиар өсөлттэй байжээ.

Манай улсын агаарын зайг 87 улсын 180 гаруй авиакомпани ашиглаж, дамжин өнгөрөлтийн нислэг гүйцэтгэдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *