Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын дээд боловсролын сургалтын агуулга, чанар” сэдэвт хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран “Монгол Улсын дээд боловсролын сургалтын агуулга, чанар” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.05.23) Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан тус байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Д.Гантулга, А.Ундраа, С.Чинзориг, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, тус яамны мэргэжилтнүүд болон их, дээд сургуулиудын захирал, салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ, “Өнөөдөр их, дээд сургуулийн сургалтыг үр дүнд суурилсан боловсролын тогтолцоонд хэрхэн шилжүүлэх талаар хэлэлцэх болно. Ажил олгогчид сургууль төгссөн оюутнуудыг ажилд авахдаа голч дүнг харгалзах бус хэрхэн багаар ажиллах чадвартай, хувь хүний төлөвшил, уян хатан байдал, бүтээлч чанарыг илүүд үздэг болсон. Энэ бол нийгмийн хэрэгцээ, шаардлага юм. Тийм учраас энэ зарчим дээр тулгуурлаж бид боловсролын шинэчлэлээ хийх хэрэгтэй” гэв.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Яамны зүгээс ерөнхий боловсролын сургуулиудын багш нар, удирдлагуудад бүрэн дунд боловсролыг өндөр түвшинд олгохыг шаардаж байгаа. Учир нь бүрэн дунд боловсролын суурин дээр дээд боловсролыг эзэмшдэг. Ажил олгогчид дээд боловсролын дипломноос илүүтэй хүмүүжил, төлөвшлийг чухалчилж хардаг болсон байна. Бид төгсөгчдөө хөдөлмөр эрхлэхэд бэлэн байгаа эсэхийг тодорхойлж их, дээд сургуулиудын үйлдвэрлэлийн дадлагыг бодит болгох шаардлагатай байна” гэсэн юм.

Дараа нь хэлэлцүүлэг боловсролын салбарын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын илтгэлээр үргэлжиллээ. “Үр дүнд суурилсан боловсролын тогтолцоо” сэдвээр МУБИС-ийн Сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Тамир, “Боловсролын магадлан итгэмжлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг, “Судалгааны ажлын үр дүн, инноваци, оюуны өмчийн асуудал” сэдвээр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Ч.Баасандаш, “Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдийн ажлын байрны судалгаа” сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал М.Алтансүх, “Дээд боловсролын чанарын удирдлагын систем” сэдвээр ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал нар илтгэл тавилаа.

Үргэлжлүүлээд хэлэлцүүлэгт оролцогчид санал бодлоо илэрхийлж, дээд боловсролын сургалтын агуулга, чанарыг хэрхэн шинэчлэх талаар нээлттэй хэлэлцлээ. МУЭИС-ийн захирал Ч.Зэгиймаа “Мэдлэгийг үйлдвэрлэж байгаа гол объект бол их сургууль юм. Жишээлбэл, Хүмүүнлэгийн Ухааны их сургууль магистр, докторын ангиудаасаа Эрдмийн сургууль буюу судалгааны их сургуулийг байгуулчихсан байхад МУИС одоог хүртэл судалгааны их сургууль байгуулах талаар ярьж байна. Хувийн хэвшлийг тоохгүй байгаагийн нэг илрэл энэ юм. Мөн хувийн хэвшлийг хөгжих боломжийг хангаж академик эрх чөлөөг олгохыг хүсч байна” гэлээ.

Харин Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Байгалмаа “Монгол Улсын дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулахын тулд төрөөс санхүүжиж буй улсын их сургуулиуд нь чанартай байж хувийн хэвшлийн сургуулиудаа манлайлах ёстой. Боломжтой бол УИХ-аас их, дээд сургуулиудын төлбөрийг үнэгүй эсвэл сургалтын төлбөрийн эрх чөлөөг олгох шийдэл гаргаж өгөх хэрэгтэй. Сургалтын төлбөр нэмэгдсэнээр сургалтын чанар сайжирч, чанартай оюутан бэлтгэж, багш нар ч чадваржих болно” гэсэн санал хэллээ.

Мөн МУИС-ийн зөвлөх, дээд боловсролын судлаач Г.Орхон “Ерөнхий боловсролын суурь хичээлүүдийг зөв олгож байгаа эсэхт анхаарлаа хандуулмаар байна. Учир нь суурь боловсрол олгохгүйгээр бид хүмүүжилтэй, төлөвшсөн иргэнийг бий болгож чадахгүй” гэсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Гантулга, С.Чинзориг, А.Ундраа нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Ийнхүү хэлэлцүүлэгт оролцогчид санал бодлоо илэрхийлж, дээд боловсролын сургалтын агуулга, чанарын талаар чөлөөтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, “УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос гарсан Ажлын хэсэг өнгөрсөн гурван сарын хугацаанд дээд боловсролын салбарын асуудлыг УИХ-ын түвшинд гаргаж танилцуулах, салбарын төлөөллийн санал бодлыг сонсох зэргээр ажиллаж, УИХ-ын бодлогод тусгах боломж бүрдүүлсэнд талархал илэрхийлж байна” гэж хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *