Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулсан Үндэсний ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлэв

Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр тус ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч, түүхэн чухал, нөр их ажлыг амжилттай зохион байгуулж хийсэнд нь талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан болон бусад хүмүүс уг арга хэмжээнд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ үеэр хэлсэн үгэндээ “Монголчууд олон мөрөөдөлтэй байдгийн нэг нь олуулаа болох мөрөөдөл байдаг. Энэ мөрөөдлийн нэг биелж, монголчууд бүгдээрээ 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг баяр хөөртэй хүлээн авсан.

Аливаа ажлын ард тодорхой хүн байдаг. Өнөөдөр энд хуран цугларсан хүмүүс бол Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох ажлыг гардан хийж, түүнд оролцсон хүмүүс юм. Энэ чухал ажилд хүчин зүтгэсэн та бүхэнд талархал илэрхийлье” гэлээ.

Тэрээр үүний дараа ажлын хэсгийн гишүүдэд хандсан талархлын бичгийг уншиж сонсгов. Уг талархалд “Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах, тэднийг угтах, алдаршуулах түүхэн үйл явдлыг зохион байгуулахад идэвх санаачлагатай, хариуцлагатай ажилласан таньд гүн талархал илэрхийлье” гэжээ.

Ажлын хэсгийн гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монгол Улсын эх түүхийн 6 боть ном, Монгол Улсын 3 сая дахь иргэнд зориулсан дурсгалын марк, мөнгөн зоос зэргийг дурсгал болгон гардуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *