Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д байгаа 14 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Харин хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Уг иргэнийг шууд ганцааранг нь тусгаарласан байсан. Ингэснээр манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
Коронавирус илэрсэн хүний анхны шинжилгээ 2020 оны гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол 2020 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Тиймээс хяналтад байгаа хүмүүс тэвчээртэй хүлээж, хянах нь сайн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 177 хүн тусгаарлалт, хяналтад байна.
Нэг сайн мэдээ нь “Авиган” гээд энэ вируст зориулан үйлдвэрлэсэн эмийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Эмийг хурдан авсан. Энэ нь коронвирусийн эсрэг хэрэглэх хамгийн сүүлийн үеийн эм юм” гэсэн мэдээллийг өглөө.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн халдварт өвчний 16 тохиолдлын дөрөв нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа юм.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төсгөлд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Тусгаарлалтын хугацааг 21 хоног болгож сунгаад байгаа. Тусгаарлалтаас гарсан иргэд үргэлжлүүлэн гэртээ 14 хонох ёстой. Иргэд хяналтаа үргэлжлүүлж чадаж байгаа юу?
Д.Нямхүү: -Бид ДЭМБ-аас зөвлөж байгаа тусгаарлалтын хугацааг мөрдөж байна. Тусгаарлалтын хугацааг 14-өөс 21 хоног болгож сунгасан нь учиртай. Нууц үеийн хугацааг дэлхийн олон орны судлаачид судалж гаргасан. Бид системтэй хяналтаа үргэлжлүүлнэ. Хувь хүмүүс өөртөө үнэнчээр хяналтаа хийж, биедээ гарч буй өөрчлөлтийг ажиглаж байх хэрэгтэй.
Иргэд амны хаалт зүүх нь багасаж байна, хүүхдүүд гадаа их тоглож байна гэлээ. Хэрвээ бид анхаарлаа сулруулбал өнгөрсөн 3 сарын амжилтаа хоромхон зуурт алдах эрсдэлтэй. Хүн бүр өөрийгөө хянаж, өөртөө үнэнч байх цаг хугацаа ирээд байна.
Өндөр зэрэглэлийн хяналттай улсуудад халдвар тархсан байхад бид маш их анхаарал болгоомжтой байх шаардлага тулгарч байгаа юм. Бид одоогийн амжилтаа хадгалж чадвал монгол хүний үнэ хүнд өсөж, эргээд эдийн засагт ч үр өгөөжөө өгнө байх.
– Эдгэрээд үргэлжлүүлэн тусгаарлалтад байгаа дөрвөн хүнд дахин шинжилгээ хийх үү?
Д.Нарангэрэл: -Эдгэрээд сувилалд үргэлжлүүлэн тусгаарлагдаж байгаа иргэдийн 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусахад 24 цагийн зайтай хоёр удаа шинжилгээ хийнэ. Ингээд лабораторийн шинжилгээ сөрөг гарвал тусгаарлалтаас гаргана. Хэрвээ шинжилгээгээр ямар нэгэн вирус илэрвэл үргэлжлүүлэн ажиглана.